“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.11.19/ жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтан болох есөн хүнийг Авлигатай тэмцэх газарт /АТГ/ шалгуулахаар өглөө. Тэд АТГ-д шалгуулахаар өгөх гэж байгаа бичгээ битүүмжлэн нууцалжээ.
ШУДАРГА БАЙЯ ГЭВЭЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГААС ӨӨРӨӨС НЬ ЭХЛЭХ ЁСТОЙ
Энэ үеэр “Бид уучлахгүй” хөдөлгөөний зохион байгуулагч, гишүүн Б.Мөнхцэлмэг “Бид олон нийтэд илэрхий энэ хэргийг шалгуулахаар өгч байгаагаа нуух шаардлагагүй гэж үзсэн учир сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж байна. Нийтийн албан тушаалтнуудын үүссэн асуудал УИХ-ын гишүүдийн шуурганд “дарагдаж” хэргээс мултарч болзошгүй гэж үзсэн учраас АТГ-т хандлаа. Учир нь төрийн өндөр албан тушаалтнууд жилийн дотор өөрийн хамаарал бүхий компанид гурван удаа зээл авсан байгаа юм. Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар хүртэл өөрийнхөө эзэмшлийн компаниар нийтдээ тэрбум 300 сая төгрөгийн зээл авчаад байна. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу болон Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн хардлага нийгэмд үүссэн. Үүний дагуу Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд нь гомдол гаргасан байгаа. Үндсэндээ шударга байя гэвэл хамгийн түрүүнд хууль шүүхийн байгууллагатаас өөрөөс нь эхлэх ёстой. Прокурор ажлаас чөлөөлөгдөх гол хэдэн үндэслэлүүд бий. Тухайлбал, эрүүл мэндийн байдал муудсан бол, албан тушаал дэвшсэн бол, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол чөлөөлөгдөнө гэсэн заалтууд бий. Өнөөдөр АТГ-д шалгуулахаар өгч байгаа нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох байх гэсэн хардлага төрөөд байгаа юм. Ажил мэргэжлийн ёс зүй талаасаа ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар ажлаа өгөөд АТГ-д шалгуулаасай гэж хүсэж байна” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ