Төрийн хэрүүл ба экспортын “0” зогсолт

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Төрийн хэрүүл ба экспортын “0” зогсолт

Төрийн хэрүүл ба экспортын “0” зогсолт

-Төрийн хямралын оргил үед экспортын орлогыг боомилбол Монгол яадгийг Хятад мэднэ-

Ерөнхийлөгч Төсвийн тухай хуульд хориг тавьж, УИХ-ын дарга “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний шаардлагад хариу өгч, Засгийн газрыг огцруулах талаар гарын үсгийг сайн дураараа шимтэн тоолцгоож байх тэр мөчид урд хөрш Монголын төсвийн орлогыг боомилохуйц нөлөө бүхий шийдвэр гаргав.

Тодруулбал, БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос энэ  сарын 15-нд Эх газрын хилийн боомтууд дээрх нүүрсний импортын бүрдүүлэлтийг зогсоох шийдвэрээ гаргачихлаа. Монгол Улсаас БНХАУ руу нүүрс экспортолдог компаниудын нэг, Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саус гоби ресурсес” ХХК-ийн хувьцааны ханш Хонконгийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны ханш 0.74 хонконг доллар болж үл ялиг буурсан. Энэ оны эхний арван сарын байдлаар нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаараа бүрдүүлсэн бөгөөд нийт 2.4 тэрбум ам.долларын 31.3 сая тонн нүүрс олон улсад экспортолсон талаар ҮСХ мэдээлсэн.

Улс төрийн гэхээсээ төрийн хямралын шинэ моделийг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Одоо Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар өөр хоорондоо хэмлэлдэх бус ард түмнээсээ уучлал гуйж нөхөрсгөөр гар бариад яаралтай төлөвлөгөө гаргаж Хятадын талтай хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй байна. Хятад Монголд “дайсагналаа” гэдэг хошин үлгэр яриад яах вэ. Маш нягт ажиллагаатай Хятадын төр цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг чухалчилж дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм. Монголд маш хурдацтай төрийн задрал явагдаж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн хулгайн сэдвээр зодолдож байгаа юм.

Нүүрснээс хамааралтай Монголын хувьд Австралиас ч амаргүй байдал угтаж буй. Нүүрсний тээврийн машины цуваа уртасч дугаарласан машины тоо 6000-д хүрээд байгааг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.

Австралийн тухайд Хятадын Засгийн газраас эх газрын хилийн боомтууд дахь нүүрсний импортын бүрдүүлэлтийг зогсоох шийдвэрээс шалтгаалж эрчим хүчний нүүрсний ханш нь 30 гаруй хувиар буурч огцом уналтыг харуулав. “Өвөл болохоор хүйтэн болдог” хэвээрээ боловч нүүрсний нөөцөө бүрэн хангасан том хэрэглэгч ийнхүү Австрали, Монгол хоёрыг ажиглаж сууна. Монголын хувьд “БНХАУ-ын татан авалт, гаалийнхны программын шинэчлэлт, хяналт шалгалтыг сайжруулахаар гаалийн бүртгэлийн системдээ шинэчлэл хийж байна” гээд урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт “0” зогсолт бэлэглэсний цаана юу нуугдаж буйг таашгүй. Далай лам, эсвэл Богдын шинэ дүр тодруулсан зэрэг үнэн худал нь үл мэдэгдэх жигтэй явдлууд уу. Улс төрийн хямралын гал бадамлаж буй талаарх агентуудынхаа мэдээлэлд дөрөөлж эдийн засгийн хүндрэлийг үүсгэх зорилго агуулсан уу, үгүй юу гэдгийг одоогоор нотлох боломжгүй. Харин Австралийн тухайд энэ сарын 16-нд тус улсын Ерөнхий сайд Моррисон АСЕАН-ы чуулга уулзалтын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцэнтэй уулзсан байдаг. Ингэхдээ хоёр тал харилцаагаа сайжруулах тухай ярилцжээ. Учир нь, жил хагасын өмнө Австралийн Засгийн газраас “Австралийн дотоод хэрэгт Хятад улс хөндлөнгөөс оролцлоо” гэсэн байр суурь илэрхийлээд зогсохгүй Хятадад чиглүүлж “дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх хууль” -г санаачилсан талаар дуулиан тарьж байв. Мөн “Үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадын “Хуавэй” компанийн тус улсад холбооны 5G сүлжээг байгуулах ажлыг зогсоож, уг компанийн оролцоотой Сиднейгээс Папуа Шинэ Гвиней болон Соломоны арлууд руу тэнгисийн кабел байрлуулах ажлыг ч хоригложээ. Австралийн энэ үйлдэл бусад улс орны Хятад улсад авах бодлогод маш муу нөлөө үзүүлсэн гэдэг. Австралийн уул уурхайн салбарын томоохон бизнесмэн нь улстөрчдөдөө хандан “Худалдааны хэлэлцээрт нөлөөлнө, виз авахад хүндрэлтэй боллоо” гэхчлэн уриалж байв. Австралийн экспортын 30 гаруй хувийг Хятад улс дангаараа эзэлж байдаг болохоор хоёр орны найрсаг харилцаа нь Австралид л чухал байсан. Гэвч энэ сарын эхээр Австралийн ГХ-ны сайд Паене Хятадад айлчлахдаа Австралийн Ерөнхий сайд Моррисон "Хятадын хөгжил боломж болохоос биш заналхийлэл биш, Хятадын талтай иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа хөгжүүлэхийг хүсэж байна" гэсэн байдгийг дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлжээ.

Хэрэв гадаад харилцаа талаасаа үл тоомсорлон эсвэл үл ойлголцон явсаар байвал зөвхөн нүүрснээс олох орлогоо багасгаад зогсохгүй Эрээний боомтын үйл ажиллагааг ч хязгаарлаж чадна, тэд. Хятадын Төмөр замын ерөнхий компанийн мэдээлснээр энэ сарын 15-ны байдлаар, “Хятад Монголын хуурай замын хамгийн том боомт Эрээн хотын төмөр замын экспорт импортын хэмжээ 11.4 саяд тоннд хүрч, 2017 оны бүтэн жилийн тээврийн нийт хэмжээнээс илүү гарсан байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгчийн хориг тавиад байгаа ирэх оны Төсвийн тухай хуульд нүүрсний экспортыг 42 сая тонноор тогтоосон байдаг. Нүүрсний импортоо хаачихвал нүүрсний экспортоос 1 их наяд 311 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө юу болох вэ. Цаашилбал уул уурхайн салбараас  гурван их наяд төгрөг олох төлөвлөгөө юу болох вэ. Зэсийн баяжмалаас их орлого төвлөрүүлэх болсон нүүрсээ ирэх онд 42 сая тонныг экспортлохоор төлөвлөчихсөн. Бүр нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн  үнэ ханшийг 75.9 ам.доллар байхаар тусгачихсан байгаа. Нэгэнт ирэх хоёрдугаар сар хүртэл экспортын “0” зогсолт үргэлжилж гэмээнэ монголчуудад “Хятадын дотоодын нийлүүлэлтийн хэмжээ буураасай” гэхээс өөр гарцгүй.

Ийм нөхцөл байдалд УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах зэрэг цаг үеэ олоогүй улс төр “хийвээс”  төрийн хямрал дээр эдийн засгийн хямрал нэмэгдэж мэдэхээр байна гэдгийг дахин анхааруулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж