Сүмогийн харгис хийгээд мөнгөний ертөнц

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Сүмогийн харгис хийгээд мөнгөний ертөнц

Сүмогийн харгис хийгээд мөнгөний ертөнц

Сүмо бол 2000-аад жилийн түүхтэй Японы түүх соёл, ёс заншлын цогц билээ. Анх тулааны урлагаас үүссэн гэх сүмо бөх одоо хүмүүсийн шимтэн үзэх дуртай спортын нэгэн төрөл болтлоо хөгжжээ. Аварга бөхчүүдийг ард иргэд төдийгүй, хаан, ноёд түшмэд хүндэтгэдэг нэг ёсны өөрийн гэсэн ёс дэг, жаягтай ертөнц юм.

Нөгөө талаар сүмо нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг эсвэл бие даасан шийдвэр гаргахыг таашаадаггүй эртний хатуу дэг жаягтай спорт. Сүмоч болоход асар их хичээл зүтгэл, сахилга бат шаардлагатай. Маш хатуу дэг журам нь ялангуяа залуу бөхчүүдэд ихээхэн нөлөөлж тэдний зорилгоосоо няцах шалтгаан бодог байна. Сүмогийн бэлтгэлийн хатуу үе шатыг туулж эхэлсэн залуу бөхчүүдийн зарим нь шантарч, гэр орноо санагалзах нь бий. Гэхдээ энэ нь залуу бөхчүүд спортоо хаях нийтлэг шалтгаан биш юм. Дээд цолонд хүрэхийн тулд сэтгэл санаа болон бие бялдрын дарамтыг хүлээн авч чадалгүй явдаг залуус цөөнгүй байдаг. Хамгийн доод зиндааны бөхчүүд бараг л зарц барлаг шиг байдаг гэхэд болно. Дээд үеийн бөхчүүдийнхээ хоол ундыг хийх, тэдний бэлтгэлийг хангах, хэдий авьяас чадвартай байлаа ч дээшээ гарахын тулд хоёроос гурван жил шаардлагатай. Тэдэнд цалин хөлс гэж байдаггүй, эмэгтэйчүүдийн талаар бодоод ч хэрэггүй, бүр гар утас хүртэл хэрэглэхийг хориглодог.

Сүмо бол нэг багаас гараад нөгөөд нь орчихдог хөлбөмбөгийн спорттой адилгүй. Дэвжээн доторх багш, шавийн сургалт хатуу ширүүн байдаг. Толгой руу нь хэд хэд дэлсэх, бэлтгэл сургуулилтын үеэр ах нь дүүгээ өшиглөх, цохих, хатуу хүнд дасгалыг ухаан алдтал нь хийлгүүлэх, үснээс нь зулгааж чирэх энэ тэр бол юу ч биш. Зарим ахмад бөхчүүд үүр цүүрээр дэвжээний элс идэж өдий хүрсэн гэж ярьцгаадаг байна. Үүнийг японоор кавагари буюу шийтгэн сургах ёс гэдэг. Энэ нь сүмогийн бичигдээгүй хууль аж.

Такаши Сайто гэх 17 настай залуу сүмочийг 2007 оны зургадугаар сарын 26-нд тус дэвжээний гурван бөх дэвжээний дасгалжуулагчийн тушаалаар шар айрагны лонх, бэйсболын цориураар цохин амь насыг нь хөнөөсөн  харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг сүмогийнхан тухайн үед зүрх нь хаагдан нас барсан хэмээн хаацайлж өнгөрөхийг оролдсон боловч амиа алдсан залуугийн аав тууштай тэмцэж гэнэтийн үхэл байгаагүй гэдгийг баталсан байна. Сүмогийн ертөнцөд ороод ердөө гуравхан сар болоход хэд хэдэн удаа байрнаасаа зугтаахыг оролдож байсан Сайто маш хүнд дарамт шахалтад байсны эцэст ийнхүү амиа алдсан нь том сургамж болж, энэхүү кавагари буюу шийтгэн сургах ёсыг халах эхлэл тавигджээ. Энэ хэрэг бол орчин үеийн сүмо бөхийн түүхэнд байж боломгүй хар толбо үлдээсэн хамгийн дуулиантай хэрэг байлаа.

Түүнээс хойш дэвжээ болгонд ил байдаг хүрз, дэрсэн шүүр гэх мэт зүйлсийг цааш хураадаг болсон аж. Өнөөдөр ах захаа хүндлэх ёс, эрэмбэ дэвийг нарийн сахидаг сумогийн ертөнцөд ам хэлээр ойлгохгүй байгаа бөхийн бие махбодод мэдрүүлж, гар хүрэх бол энгийн зүйл гэх ойлголт хуучирч, харин ч ийм хандлагыг хүнлэг бус, зэрлэг амьтан сургахтай агаар нэг хэмээн шүүмжлэх хүмүүс олширч байна. Прокурор асан Кэйчи Тадаки Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоонд харьяалагддаг шинэ залуу болон ахмад бөхчүүдийн дунд нэгэн судалгааг явуулжээ. Уг судалгааны хариуд өнгөрсөн жил сүмочдын таван хувь нь дэвжээнээс гадна  их бага хэмжээгээр бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэжээ. Бөхчүүдийн дунд болж буй хүчирхийллийн ихэнх нь мэдэгдэлгүй чимээгүй өнгөрдөг байна.  1979 онд энэ тоо 37 хувь байв. Хэдий 1979 оныхоос эрс буурсан ч өмнөх дуулиант хэргүүдээс сургамж аваагүй байгаа нь харагдаж байна гэж дүгнэсэн байна.

Мөн сүмо бөх бол их мөнгөний ертөнц. Том цолонд хүрч чадвал бооцоо, ивээн тэтгэгчид, цалин гээд мөнгөний үүд хаалга нээгдлээ л гэсэн үг. Сүмочид ёс суртахууны хичээлийг үл ойшоож, хурдан амжилтад хүрэхийн тулд биеийн хүчний дасгал сургуулилтдаа илүү анхаарал хандуулдаг явдал нь тэдний дунд иймэрхүү зохисгүй үйлдэл гарах бас нэг шалтгаан болж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. "Японы Эзэн хааны цом"-ыг нэг удаа хүртсэн 34 настай озэки Котомицүкиг 2010 онд хориотой мөрийтэй тоглоомд их хэмжээний бооцоо тавьж, якуза нарын гар хөл болсон гэж үзэж сүмо бөхөөс хөөх шийдвэр гаргасан нь бас нэгэн дуулианыг тарьсан юм. Түүний дараа 2011 онд зарим бөхчүүдийн гар утаснаас “найраа” хийсэн зурвас олж тэдгээр бөхчүүдийг шийтгэж байжээ.

Сүүлийн жилүүдэд сүмогийн ертөнц дуулиан шуугианаар тасрахгүй байгааг гадны бөхчүүдийн тоо ихэссэнтэй мөн холбон тайлбарлаж байна. Дэлхийн II дайны дараа гадаадын бөхчүүдийг сүмод барилдахыг зөвшөөрсөн байдаг ч 1980 оноос хойш л япон бус сүмочдын урсгал нэмэгдсэн билээ. Тэдний дийлэнх нь бөхөөрөө бахархдаг Хавай, Самоа, Монгол улсаас ирдэг. Японы хэдэн мянган жилийн түүхтэй хатуу ёс дэг, Япон хүний зарчимч занг гадны бөхчүүд ирээд хэдхэн жилийн дотор яг тэдэн шиг болж сурна гэдэг учир дутагдалтай. Япон хүний генид зарчимч зан нь суусан байдаг гэхэд хилсдэхгүй.

Гадны бөхчүүдийн дуулиан тарьсан нэг жишээ бол 2017 онд Монголын сүмоч Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт доод зиндааны бөх Таканоива М.Баасандоржийг цэнгээний газарт ахмад бөхчүүдээ хүндэлсэнгүй гэсэн шалтгаанаар шар айрагны лонхоор цохиж толгойд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Үүнийхээ хариуд Харүмафүжи Д.Бямбадорж сүмогийн ертөнцөөс зодог тайлсан билээ. Түүнээс өмнө Их аварга Асашёрюү Дагвадорж  танхайрсан, сүмогийн дүрэм журмыг үл ойшоосон гэх асуудлаас болж сүмо бөхөөс нэг мөр гарсан билээ.

Хамгийн сүүлд 2015 оны нэгдүгээр сард одоогийн Их аварга Хакухотой холбоотой хэрэг мөн олны анхаарлыг татсан. Тэрбээр тухайн үед  33 дахь түрүүгээ авч, 44 жил эвдэгдээгүй домогт Тайхо аваргын дээд амжилтыг эвдсэн. Шөнөжин ялалтаа тэмдэглэсэн Хакухо дараагийн өдөр хэвлэлийн бага хурлаас хоцорсон бөгөөд түүнийг “архи үнэртүүлсэн байсан” гэж тодорхойлжээ. Гэсэн ч тэрбээр буруугаа хүлээгээгүй өнгөрсөн.

Энэ мэт том жижиг асуудлууд сүмо бөхийн ертөнцөд гарсаар байгаа нь уг спортын нэр хүндийг сэвтүүлж, хүүхэд залуус сүмогоор хичээллэхээс эмээх болсон гэж Япончууд дүгнэжээ.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж