Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өсч байгаагаас гадна насны хувьд залуужиж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллийг авч үзэхэд 2018 оны арван сарын байдлаар 162 хэрэгт 312 хүн шалгагджээ. Уг гэмт хэрэгт холбогдогчийн тоонд насанд хүрээгүй хүүхдүүд ч багтаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, хошууч Б.Мандухайтай ярилцлаа.
–Сүүлийн жилүүдэд хар тамхинд донтогчдын нас залуужиж, хэрэглэгчдийн тоо тэлсээр байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үнэн мэдээлэл бол?
– 2018 оны эхний арван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт 162 хэрэгт 312 хүн холбогдон шалгагджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 78 хэргээр буюу 92.8 хувиар хэргийн тоо өссөн бөгөөд холбогдогч нь 40.5 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, урьд оны мөн үеэс мөн үеийг харьцуулахад гэмт хэргийн тоо өссөнөөр дагаад холбогдогчийн тоо өссөн байгааг харж болохоор. Дээрх хэргүүдээс арав нь орон нутагт үйлдэгдсэн байгаа юм.
–Хар тамхинд донтогчдын хувьд боловсролын түвшин хэр байдаг вэ. Өөрөөр хэлбэл, боловсролын ялгаа гэж байдаг уу?
– Сүүлийн гурван жилийн судалгаагаар бүрэн болон бүрэн бус боловсролтой иргэд дийлэнх хувийг үйлдсэн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг гол шалтгааны нэг нь ажилгүйдэл. Богино хугацаанд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоос болж гэмт хэрэгтэн болох тохиолдол цөөнгүй. Насны хувьд 2016 онд нийт гэмт хэрэгт холбогдож шалгагдсан хүмүүсийн 50-иас дээш хувь нь 19-25 насны залуус байсан. Гэтэл 2017 онд 26-35 насны залуус нийт холбогдсон хүмүүсийн 51 хувийг эзэлсэн. 2018 оны эхний арван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 46 хувийг 19-25 насны 37 хувь нь 26-35 насны хүмүүс эзэллээ. Өөрөөр хэлбэл, дийлэнх хувийг 19-25 насны залуус эзэлж байна. Сүүлийн үед ЕБС-ын хүүхдүүд энэ гэмт хэрэгт холбогдох боллоо. Энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн залуу холбогдогч нь 13 настай хүүхэд байсан.
–Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаагаас гадна энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийн нас залуужиж байгааг бүртгэгдсэн мэдээллээс харж болохоор байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхэд, залуус холбогдож байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ?
-Нэгдүгээрт, бусдыг даган дууриадаг бусдын нөлөөнд автаж үгүй гэж хэлж чаддаггүй байдлаасаа болж энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Хоёрдугаарт, эцэг эхийн хараа хяналт чухал. Таны хүүхэд ямар хүн болоод төлөвшсөн байна вэ. Ямар хүмүүстэй найзалж нөхөрлөж буйг нь мэддэггүй. Жишээлбэл, өсвөр насны залуу баригдаад ороод ирлээ. Ар гэрийнхэнд нь цагдаагийн байгууллагаас холбоо барихад айх, гайхах зэрэгцээд үл итгэсэн байдлаар хүлээж авдаг. Манай хүүхэд ийм биш андуурал гарлаа гэдэг. Ар гэрийнхэнтэй нь уулзаж ярилцах явцад танай хүүхэд ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөдөг вэ гэдэг асуултад ихэнх эцэг эх хариулж чаддаггүй. Мөн хүйсийн байдлыг ярих ёстой байх. Нийт холбогдсон хүмүүсийн тодорхой хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Энэ оны эхний арван сарын байдлаар 39 эмэгтэй энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Энэ дунд өсвөр насны хүүхдээс эхлүүлээд эмээ болчихсон хүмүүс байгаа.
–Хар тамхины үндэсний хөтөлбөр засгийн газрын түвшинд яригдаж батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд та бүхэн ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?
-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар бол энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх илрүүлэх мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллага. Манай байгууллагаас ЕБС, их дээд сургууль төрийн болон төрийн бус байгууллагууд хар тамхины биед үзүүлэх сөрөг нөлөө, хуулийн хариуцлагын талаарх ойлголт мэдээлэл өгөх чиглэлээр сургалт явуулдаг. Мөн цагдаагийн алба хаагчдад энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зөвлөл бий. Энэхүү зөвлөлөөс мансууруулах бодис түүнтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд явуулдаг. Үүний дагуу ТББ-ууд нийгэмд чиглэсэн сургалт зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийг илрүүлж буй богино хэмжээний бичлэгийг түгээдэг.
–Сүүлийн үед хар тамхи хэрэглэх, тээвэрлэх арга нь маш нарийссан болохыг албаны хүмүүс хэлдэг. Тэгэхээр цагдаагийн байгууллагын хар тамхи илрүүлэх техник технологи олон улстай харьцуулахад ямар байдаг юм бэ?
-Дэлхийн томоохон улс оронд ашиглагдаж буй төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Нэгдүгээрт, ямарваа нэгэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хураагдлаа гэхэд тухайн бодисоос дээж авч найрлагыг шууд газар дээр нь шинжлэх боломж бүрдсэн. Хоёрдугаарт, биед ямарваа нэгэн бодис байхгүй байлаа гэхэд та тухайн бодист гар хүрсэн байвал таны гар, хувцаснаас арчдас аваад илрүүлэхэд ямар төрлийн бодис байгааг илрүүлдэг. Маш өндөр мэдрэг чадвартай, хувцаснаас арчдас авахад хүртэл илрүүлнэ. Энэ мэтчилэн хэд хэдэн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
–Өмнө манай орон хар тамхийг “тээвэрлэгч” орон байсан. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-Одоогоос хэдэн жилийн өмнө манай улсыг дамжин өнгөрөгч орон буюу “дамжуулагч” гэж үздэг байсан. Яг одоогийн байдлаар монголчууд тухайн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, тээвэрлэж, худалдаж, хууль бусаар хадгалж байна. Одоохондоо хар тамхийг үйлдвэрлэсэн тохиолдол бүртгэгдээгүй. Тэгэхээр манай орон “хэрэглэгч” орон болчихсон байгаа юм. Хар тамхины хэрэглээ нэвтэрч аянгын харанга дэлдэж байгаа боловч Хар тамхитай тэмцэх газар бүтэц бүрэлдэхүүнээрээ тэмцэж гэмт хэргийг таслан зогсоож илрүүлж, урьдчилан сэргийлж ажиллаж байна.
–Хилийн чанадад хар тамхины хэргээр Монгол Улсын хэчнээн иргэн ял шийтгэгдэж байна вэ?
-БНХАУ- д саяхан нэг хүн хар тамхины хэргээр баригдсан. Нийт 42 хүн ял эдэлж байгаагийн нэг нь ОХУ, нэг нь Словак улсад ял эдэлж байна. Үлдсэн нь БНХАУ-д ял эдэлж байгаа. Ихэнх улс орнууд ялтан шилжүүлдэггүй журамтай байдаг.
–Хар тамхинд донтсон хүн эргээд хэвийн байдалдаа шилжиж чаддаггүй гэсэн яриа байдаг шүү дээ. Бодит байдал дээр ямар байдаг вэ?
-Донтолт талаас нь нарийн хэлж чадахгүй ч практикт энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүстэй өдөр тутам нүүр тулж харьцдаг хүний хувьд ярилцлага хийх, үзэл бодлыг сонсох явцад тэд дахин хэрэглэх хүсэл төрдөг гэдгээ нуудаггүй. Үүнийг эмчлэх асуудалд СЭМҮТ-д яригддаг. Би хувь хүний үүднээс эдгээр хүмүүсийн хичээл зүтгэлээс илүү маш олон зүйл нөлөөлж байж тухайн хүн хар тамхинаас холдож чаддаг. Хар тамхийг удаан хугацаанд хэрэглэвэл хүний сэтгэцэд нөлөөлдөг. Хамгийн аюултай нь урагт нөлөөлдөг гэдэг юм билээ.
–Тухайлбал?
-Энэ онд манайд хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хар тамхи хэрэглэж байгаад баригдсан. Мөн жирэмсэн мөртлөө хэрэглээд явж байгаа хүмүүс байдаг. Дөнгөж төрсөн нярай хүүхэдтэй хирнээ хар тамхины хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгэгдсэн эмэгтэй хүртэл бий.
– Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход мэргэжлийн байгууллагын уялдаа холбоо маш чухал байх?
-Энэ гэмт төрлийн гэмт хэргийг таслан зогсооход цагдаа хил, гааль, мэргэжлийн хяналт гэх мэтчилэн энэ байгууллагуудын хамтын ажиллагаа хүчин чадал, техник технологи боловсон хүчний хүчний асуудал маш чухал. Хилээр ороод ирээд байдаг. Цагдаа нар дотроо мянга тэмцээд яах юм бэ. Хил гаалийн хяналт чанга, тоног төхөөрөмж сайн, боловсон хүчнүүд тэр зүйлийг таньдаг мэддэг, хилээ бид нар маш сайн чангатгаад өгөх юм бол гаднаас орж аваад буй хэрэглээ зогсох юм болов уу гэж хардаг.
– Эцэг, эхчүүд хүүхдээ энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Хувь хүний өөрийн эрх зүйн боловсрол төлөвшил чухал нөлөөтэй. Таны амьдрал зөвхөн өөрөөс тань шалтгаалдаг. Хар тамхинаас хол байх ёстой гэдгийг хувь хүн өөрөө ухамсарлаж байх ёстой. Ийм ухамсрыг эцэг эхчүүд хүүхдэдээ төлөвшүүлж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт гэр бүлийн боловсрол их чухал. Залуучууд бид хүссэнээ цахим ертөнцөөс олж чаддаг болжээ. Цахим ертөнцөд ямар ч хяналтгүйн улмаас залуус олж авсан мэдээллээ буруу ашиглаж байна. Манайд орж ирээгүй бол манай асуудал биш гэсэн сэтгэлгээгээр битгий хандаач ээ. Эцэг эхчүүд хүүхдээ аашилж загнаад, цохих гээд байдаг. Гэвч тэдэнтэй ярилцаж, ойлгож үзэл бодлыг нь сонсох хэрэгтэй байх. Гэрт нэг хар тамхичин байлаа тухайн хүн ганцаараа хохирдоггүй. Түүнийг дагаад гэр бүлийн эдийн засаг, халуун дулаан уур амьсгал, сэтгэл санаа үгүй болдог.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ