Г.Ганхуяг U23 ДАШТ-ий анхны медальтан болов

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Г.Ганхуяг U23 ДАШТ-ий анхны медальтан болов

Г.Ганхуяг U23 ДАШТ-ий анхны медальтан болов

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Румыны Бухарест хотод өндөрлөлөө. Бага дэлхийн аварга гэгддэг энэхүү тэмцээнд 50 орны бөхчүүд өрсөлдсөнөөс Монгол улсын эрэгтэй багийн тамирчин Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдээс анх удаа медальтан боллоо. Монголын багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Баярсайхан болон гавьяат тамирчин Ц.Хосбаяр, Б.Батзориг нар ажилласан байна.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 21 орны бөх барилдсанаас Г.Ганхуяг эхний тойрогт хийлж, Румыны М.Палахиаг 8:6-аар, шөвгийн наймд АНУ-ын бөх Майлз Мартингийг 6:1-ээр хожсон ч Ираны Камран Гасемпуртад 4:0-оор дийлдсэн. Манай бөх өчигдөр медалын төлөөх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн залуучуудын болон Европын аварга Туркийн Ариф Озенийг 4:1-ээр ялж, хүрэл медаль хүртэж нэгэн шинэ амжилтыг Монголын чөлөөт бөхийн түүхэнд бичлээ.

2017 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг медаль хүртэж чадаагүй байсан юм. Тэгвэл энэ амжилтыг хоёр дахь жилдээ оролцсон Ганбаатарын Ганхуяг эхлүүлж, спортод хайртай бүхнээ баярлууллаа.

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг 1996 онд Ховд аймгийн Булган суманд төржээ. Тэрбээр 2014 онд гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлага дор “Ганьт” клубт чөлөөт бөхөөр анх хичээллэж, 2016 оноос “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяар нарын удирдлага дор бэлтгэлээ үргэлжлүүлсэн байна.

Г.Ганхуягийн 2018 онд үзүүлсэн амжилтыг дурдвал насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, оюутны улсын аварга болсноос гадна “Монголиа Опен” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

Румын дэвжээнд Монголын эрэгтэй 10 бөх барилдсанаас 86 кг-д Г.Ганхуяг хүрэл медаль хүртсэн бол 61 кг-д Ц.Чинзориг, 65 кг-д Т.Тулга, 79 кг-д Д.Төгс-Эрдэнэ, 92 кг-д Ч.Алтангэрэл нар шагналт долдугаар байр эзлэв.

Харин эмэгтэйчүүд гурван хүрэл медаль хүртсэн бөгөөд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа нар медалын тавцанд зогслоо. Тэр дундаа С.Цэрэнчимэд дөрвөн насны ангилалаар ДАШТ-ээс медаль хүртсэн анхны чөлөөт бөхийн тамирчин болсон бол Э.Гантуяа U23 ДАШТ-ий хошой хүрэл медальтан болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж