Байр суурь: ЗАСАГ ОГЦРОХ УУ, УИХ ТАРАХ УУ?

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Байр суурь: ЗАСАГ ОГЦРОХ УУ, УИХ ТАРАХ УУ?

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах саналаа илэрхийлсэн ч түүний саналыг УИХ хүлээж аваагүй. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаан дээр дэмжсэн байр суурь илэрхийлсэн. Сүүлийн үед УИХ тарах уу, Засгийн газар огцрох уу гэсэн асуудал ид хөндөгдөж байна. УИХ тарж, Засгийн газар ч огцор гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлэх болсон. Хууль боловсруулагчид болон бодлого хэрэгжүүлэгчдийн дунд үүсээд байгаа үл ойлголцол дунд Ерөнхийлөгчийн мөрөөдөл биелэх болов уу? Ингээд гишүүдийн байр суурийг хүргэе.


УИХ ТАР

УИХ-ын Ж.Мөнхбат:

Сангийн сайд өнөөдөр хуралд суух ёстой байсан. Энэ маш чухал асуудал. УИХ, Засгийн газрын ажил журмаараа явахаа болиод удаж байна. Сүүлийн үед ЖДҮ-ийн зээл авсан гишүүд нь зээлээ төлж, уучлалт гуйх гэж уралддаг боллоо. Үүний эсрэг явсны төлөө намайг гүтгэж хэвлэлүүдээр бичих болов. УИХ-ын гишүүд нь өөрсдөө санаачилга гаргаад УИХ-ыг тараая. Тарцгаая гэж уриалмаар байна. УИХ-ыг тараах саналыг би Даваа гаригаас эхлэн өөрийнхөө бланкан дээр гаргана. Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч таръя. УИХ-ыг тараах саналаар горимын санал гаргаж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

МАН уугуул нэрээ сэргээсэн өдөр энэ хурал давхцаж байна. Би Ерөнхий сайд болоод жил болж байна. Энэ албан тушаалд томилогдохдоо нэгд, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд сахилга хариуцлага тогтоох. Хоёрт, эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт дэвшүүлсэн. Хоёр дахь зорилт маань хангагдаж байгаа. Нэг дэх зорилт маань тааруу байна. Ард түмэн зовж байна гэж хэлэхээс илүүтэй нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албаны сахилга бат, дэг журмыг тогтоох хүсэлтэй байгаа нь харагдаж байна. Ард иргэдтэй уулзахад зөвхөн энэ асуудлыг ярьж байна. Тиймээс би энэ хариуцлагатай индэр дээрээс нэг зүйлийг хэлье. Нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд Ардын нам тун удахгүй асуудлаа ярина. Үнэхээр ард түмний итгэл сэтгэлийг дааж чадахгүй байгаа бол УИХ, Засгийн газар ажиллах эсэх тухай ч ярина. Ярих цаг нь болсон гэж би бодож байна. Харлаа, хүлээлээ, засах гэж оролдлоо. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд ард түмнээс уучлалт гуйхгүй бол та нар дахиж нэр дэвшихгүй шүү гэдгийг хэлмээр байна. Зээлээ төлөхгүй бол Ардын намын нэрийн өмнөөс дахин барилдахгүй шүү. Тиймээс би намынхаа гишүүдээс тун удахгүй дэмжлэг хүснэ. Цаашлаад энэ өөрчлөлтийг би хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ингээд эцэст нь болохгүй бол өөрөө огцорно. Ийм л зам надад байна. Үүнийг би цэрэг хүний ёсоор, эх орондоо тангараг өргөсөн хүний ёсоор удахгүй хийж хэрэгжүүлнэ. Харин та бүхэн дэмжээрэй. Одоо цаг нь болсон. Үүнийг би түүхэн өдөр хариуцлагатайгаар хэлнэ. Би Ерөнхий сайд болохдоо индэр дээрээс хэлж байсан үгээ одоо ч санаж байна. Би “айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний итгэл найдвар алдрах вий гэхээс л айж байна” гэж хэлж байсан. Энэ итгэл найдварын төлөө ажиллах цаг нь болсон.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

…Сонгууль угтсан явцуу эрх ашгаар төсөвт хандаж улс орны эдийн засгаар тоглох, албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зэрэг байдалд бүрэн автаад байгаа гишүүд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг бүрэн алдагдуулж, Улсын Их Хурлын гишүүдээс бүрэлддэг төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд итгэх иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэгийг үгүй болгон, цаашид З дахь, 4 дэх Засгийн газрыг байгуулан ажиллуулсан ч улс орон хөгжиж, үр дүнд хүрнэ гэсэн баталгаагүй болгож байна.

УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна.


ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлал дотор энэ нам ормооргүй байна. Намын дарга болж бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас хэлэх ёстой газар нь үүнийг хэлж, алдаа оноог нь засах ёстой. Би өнөөдөр УИХ-ын гишүүн байгаа нөхцөлд бүлгийн даргын албан тушаал байх эсэх нь сонин биш. Өнөөдөр Монгол Улс хүчирхийлэл, дарангуйллын системээр явах зам руу орж байна. Жирийн МАН-ын гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Ер нь У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болсон. Намын даргаа шүүмжиллээ гэж гишүүдийг доромжилдог, дарамталдаг. Намын даргын нэр хүнд өндөр, УИХ-ын нэр хүнд муу байгаа гэж яриад байгаа нь Үндсэн хуульд харш гэдгийг би хэлж байгаа юм. Иймд Удирдах зөвлөлийн хурлын үеэр би “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гарын үсэг цуглуулаад өргөн барина” гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Эдийн засаг хүнд байна. Ямар ч байсан эдийн засгийн хүндрэлээс гарахын төлөө УИХ ч, Засгийн газар ч ажиллаж байна. Хамгийн гол нь энд байгаа 76 хүн чинь цэвэрхэн байгаа юм уу. Хоёрт, Засгийн газар шударга ажиллаж байгаа юм уу гэдгийг л ард түмэн асууж байна. Шударга байж чадаж байна уу гэдэгтээ л дүгнэлт хийгээд явах ёстой. Тиймээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

УИХ ч тэр, Засгийн газар боломжоороо л ажиллаж байна. Гэхдээ бидэнд үүнээс илүү ажиллах нөөц бий. Ард түмний хүсээд байгаа зүйл бол шударга байх. Шударга л байгаа ч, эсвэл буруу зүйл хийсэн хүмүүстээ хариуцлага тооцохыг ард түмэн хүсч байгаа шүү дээ. Ард түмний төлөөлөл учраас бид хүсч, шаардаж байгаа зүйлийг нь биелүүлэх ёстой. Үүнийхээ төлөө зогсож байх ёстой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Засгийн газрыг огцруулах гурван шалтгаан бий. С.Баярцогтыг огцруулах асуудлыг би хөндөх үеэр Үндсэн хуулийн цэцэд хахууль өгч шийдвэр гаргуулсан. Тэр нь сайдыг огцруулж болохгүй кабинетаар нь огцруулна гэх шийдвэр байсан. Энэ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой байгаа. УИХ сайд нарт хариуцлага тооцож болохгүй болчихсон. Я.Содбаатар, Ц.Даваасүрэн сайд нарт хариуцлага тооцох хууль алга. ЖДҮХС-аас зээл авахдаа авлигалын хэлбэрээр авсан. Зээл авсан бүх гишүүд мөнгө угаасан. Ийм гэмт хэрэг байж болохгүй. Засгийн газар амласан ажлаа хийхгүй байна. Утаа, шатахууны үнэ, валютын ханш гэх мэт асуудлаар амласан ажлаа хийхгүй байна. У.Хүрэлсүх үтэр түргэн явах ёстой. Харагддаг шигээ хүн биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж