Улс төрийн өртөг Монголыг хямрал руу чирлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улс төрийн өртөг Монголыг хямрал руу чирлээ

Улс төрийн өртөг Монголыг хямрал руу чирлээ

Монголын төр улс төрийн өртгөө даалгүй сүйрэн унаж байна. Улс орныг удирдан залах дээд байгууллага бол УИХ. 76 мандаттай УИХ-ын суудалд суух гишүүдийг бид 1992 оноос хойш дөрвөн жил тутам сонгож ирсэн. 1992 оноос хойш явагдсан долоон удаагийн парламентын сонгуулийн тав нь мажоритар системээр, хоёр нь л мажоритар болон пропорционалийг хольсон холимог тогтолцоогоор сонгож иржээ.

Улс орны эрх ашгаа бодвол мажоритар биш пропорциональ системээр сонгох нь зүйтэй хэмээн судлаачид, шинжээчид сонгууль болгоны өмнө ярьж хэлдэг ч мажоритар системийг халах боломж сонгуулиас сонгуулийн хооронд улам багасч ирсэн. Улсаа 76 тойрогт хуваан тойрог бүрт нэг мандат олгон, тэрхүү мандатын төлөө намуудын төлөөлөл өрсөлдөнө. Сонгуулиас сонгуульд тойрогт зарцуулах нэр дэвшигчийн мөнгөний хэмжээ нэмэгдсэн. 2016 оны сонгуулийн нэг тойргийн өртөг 1 тэрбум байсан гэсэн яриа бий. Үүнээс гадна нэр дэвшигч намдаа мөн мөнгө төлж, удирдах байгууллагад ажиллана, мөн мөнгө төлж усалсан тойргоо авна. Харин энэ зарцуулсан мөнгийг гишүүн болж, төсвийн мөнгөөр эргэн шархаа нөхөх тооцоотой. Дуулиан болон дэгдээд буй ЖДҮ-ийн зээлийн схем бол шархаа нөхөх нэг хувилбар.

Өөр нэг хувилбар нь төсвийн мөнгөөр тойрогтоо хөрөнгө оруулалт авах. Улсын төсөв хэлэлцэх үед өөрийн тойрогтоо хөрөнгө оруулалт авах гэсэн улайрал ил цагаан явна. Тойрогтоо л ахиу төсөв авч байвал улс орны эрх ашиг, эдийн засгийн үр ашиг хамаагүй. Хөрөнгө оруулалт авч чадсан бол тэрхүү хөрөнгө оруулалтыг бодит тооцоо үнэлгээнээс хэд дахин илүүгээр тооцож, өөрийн хамаарал бүхий компаниар гүйцэтгүүлэн шархаа нөхнө.

Тийм учраас “бид яасын бэ, хулгай хийгээгүй, зээл л авсан шүү дээ” гэсэн тайлбарыг үнэн сэтгэлээсээ хэлж байгаа юм. Тийм учраас л “юун сүртэй юм, маргааш гэхэд төлчихнө, нэмээд хүүгүй зээл өгье” гэж томорч байгаа юм. УИХ-ын гишүүн болж, эсвэл төрийн албанд томоохон албан тушаалд очиж бизнесээ өргөжүүлж, мөнгөө арвижуулах зорилготой хүмүүсээс яагаад зээл авсан юм бэ, яагаад албан тушаалаа ашигласан юм бэ гээд асуугаад байхаар тэр асуултыг ойлгохгүй уурлаад, “бүгд л ингэдэг шүү дээ, зээл аваагүй хэн байгаа юм бэ” хэмээн гомдоллоод байх шиг байна. Зүгээр л УИХ гэдэг 76 хүний гишүүнчлэлтэй том ломбардад ажилд орсон гэж бодоод байх шиг байна.

Төрийн сонгогдсон албан тушаалтнууд нь иргэдийнхээ төлсөн татварын мөнгөөр бүрдсэн сангаас хүүгүй шахам зээл авч, өөрийн бизнесээ арвижуулж байхад татвараа төлсөн иргэд нь арилжааны банкны 20-30 хувийн хүүд дарлуулж, утаандаа хордон, балчир үрс нь жилийн дөрвөн улиралд ханиаданд нэрвэгдэж байна. Тиймээс л гомдоод байгаа юм, иргэд. Зээл авсан нэрээр хулгай хийчээд эргээд төлчихнө гэж нүүр рүү нулимж байхад иргэд нь Зөрчлийн хуулийн элдэв торгуулийн дороос өндийхгүй байна. Тиймээс л бачимдаад байгаа юм, иргэд.

ЖДҮ-ийн зээлийн дуулианаар хариуцлага тооцох юм бол Саарал ордонд үлдэх хүн үгүй шинжтэй. УИХ-ыг тараах ч хэрэггүй, Засгийн газрыг ч огцруулах ч хэрэггүй, Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох ч хэрэггүй, бүгд шүүхийн хаалга татах нь ойлгомжтой. Гэтэл шалгана гэсэн прокуророо “чамд дэндүү их эрх мэдэл өгчихөж, буцаагаад авчихаж чадна шүү” гэж загнаад гаргасныг харахад төр барих эрх мэдлийг гуядаж авснаа харуулж байна.

Засаг огцрох уу, УИХ тарах уу гэсэн асуултын хариуг одоо хүн болгон хүлээж байна. Харин аль алиныг бүрэн бүтнээр аваад үлдчих зорилготой улс төрийн тоглолт өнгөрсөн долоо хоногжингоо далд хийгдлээ. Парламентын үнэмлэхүй олонх болсон МАН-ын хагарал, түүн дээр тоглосон Ерөнхийлөгчийн алхмууд төрийн ялзралыг илчлэнгээ хямрал руу чирлээ.

Засаг огцорсон ч, УИХ тарсан ч, Ерөнхийлөгч дангаар дарангуйлсан ч эдний хэнд нь ч иргэд итгэл хүлээлгэхийн хүсэхгүй байгаа, яагаад гэвэл эдний хэнд нь ч үлгэрлэл, ёс зүй байхгүй гэдгийг ойлгосон. Ёс зүй, оюун санааны үлгэрлэл болох ёстой хүмүүс нь аль эртнээс ичээндээ орсон. Баабарын бичсэнээр Монголын нийгэм ёроолдоо унаж байгаа юм бол хэн буцааж өөд нь татах юм бэ? Ичээндээ байгаа хүмүүс үү, ил байгаа хүмүүс үү? Ёроолдоо унасан нөхцөлд косметик засвар биш капитал засвар хэрэгтэй, үүнд Монголын нийгэм бэлэн байгаа юу? Мэргэн түргэн нь биш эрдэмтэн мэргэд нь үүнд хариулт өгөх цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж