"Кока кола"-ны залуус цэрэгт тэнцдэггүй

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

"Кока кола"-ны залуус цэрэгт тэнцдэггүй

"Кока кола"-ны залуус цэрэгт тэнцдэггүй

Цэрэг татлагын комисст шалгуулсан залуусын тал нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй гэсэн сэтгэл эмзэглэм мэдээлэл байна. Цэргийн алба хаагчдын тоо нууцын зэрэглэлд байдаг учир энэ талаар дэлгэрэнгүй тодорхой тоо хэлэх боломжгүй. Ямартай ч 2018 оны хоёрдугаар ээлжийн  цэргийн албанд татагдахаар бүртгүүлсэн 18-20 насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 43.5 хувь нь тэнцээгүй аж. Хот суурин газрын залуусын цэргийн албанд тэнцээгүй шалтгаан нь мэс заслын өвчлөл тэр дундаа ихэнх хувийг төмсөгний хураагуур судасны өргөсөл буюу үргүйдэл эзэлжээ. Харин удаах байрт чих хамар хоолойн өвчлөл болон нүдний хараа муудах зэрэг өвчин  орсон байна. Энэ байдал жил бүр давтагдаж байгааг албаны хүмүүс онцолж буй.

БИД ХҮҮХДҮҮДИЙН ХОДООДЫГ НЬ ДУРАНДАЖ,  ТАРХИЙГ НЬ КОМПЬЮТЕРЭЭР ХАРЖ  АВДАГГҮЙ

Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганчимэг “Цэргийн алба өөрөө эрсдэлтэй алба. Их бага хэмжээгээр бэлтгэл сургуулилалт хийх ёстой. Хуучин бидний үед биеийн тамирын хичээл, цэрэгжилт зэргээр бэлтгэл сургуулилалт сайн хийдэг байсан. Тухайн үед бэртэж гэмтдэг цэргүүд цөөхөн байсан. Одоо үед залуучууд зүгээр алхаж яваад хөлөө хэлтгий гишгэхэд л дунд чөмөг  нь хугарчихдаг. Бид үүнийг “кока кола”-ны хүүхдүүд байна гэж ярьцгаадаг юм. Ясны сийрэгжилт маш багаас нь эхэлчихсэн дээрээс нь хөдөлгөөний эвсэлгүй. Үүнээс гадна архаг өвчин цэргийн албанд ирээд сэдэрдэг тохиолдлууд бас бий. Архаг өвчтэй хүүхдүүд тэр болгон нарийн шинжилгээ өгдөггүй учраас цэргийн албанд ирээд бөөрний өвчин, ходоодны үрэвсэл зэрэг нь сэдэрдэг. Бид хүүхдүүдийн ходоодыг нь дурандаж, тархийг нь компьютерээр харж авдаггүй. Гэтэл сүүлийн үед 18-20 насны залуусын дунд цус харвалт их байна. Зүрхний артерийн даралт нь маш их. Залуусын даралт нь 140 бол хэвийн үзэгдэл. Зүрхний  пульс нь хэвийн үедээ 140-тэй байна. Энэ нь зүрх судасны өвчин байна гэж харагдаж байгаа боловч би хувьдаа амны хөндийн эрүүл мэнд буюу шүдтэй л холбоотой гэж боддог юм. Цаашид цэрэгт татлагад хамрагдаж буй залуусын цээжийг гэрэлд харах шинжилгээнд бүрэн хамруулах шаардлагатай байгаа” гэв.

Түүний ингэж бодох нь ч аргагүй. Учир нь, Цэргийн төв эмнэлэгт шүдний эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан байлдагч нарын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2016 онд 8258, 2017 онд 6875, 2018 онд 8961 байлдагч хамрагдсан байна. Нийтлэлийн эхэнд цэргийн албанд тэнцээгүй залуусын дунд зонхилж буй өвчний дунд хараа муудах эмгэг орсон гэдгийг дурдсан. Тэгвэл цахим орчны хэрэглээ, дэлгэцийн донтолт зэрэг нь цэргийн насны залуусыг сурч мэдэхгүй сулбагар, үг даахгүй үлбэгэр болоход нөлөөлж байгаа юм.

Уг нь Засгийн газрын 144 дүгээр тогтоолын 4.1.2-т зааснаар “Цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албанаас биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн цэргийн албан хаагч оршин суух газрын харьяа эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийг нөхөн сэргээлгэх үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвар алдалтыг эрх бүхий байгууллагаар тогтоолгон холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдана” гэж заасан байдаг. Гэвч бодит амьдрал дээр энэ тогтоол хэрэгжихгүй байгаагаас үүдэн цэргийн албанд тэнцэх хүнгүй болжээ. Батлан хамгаалахын салбарт тулгамдаж буй өөр нэг асуудал нь  2010 оноос хойш улсын төсвөөс нэг хугацаат цэргийн алба хаагчийн эмийн зардалд жилд 4500 төгрөг хуваарилагдаж байгаа нь нэг иргэнд ногдох эмчилгээний дундаж зардлаас найм дахин бага байгаа гэнэ. Цаашид энэ зардлыг нэмэхэд төрөөс анхаарч чийрэг монгол эрчүүдийн "арми"-ийг бэлдэх шаардлагатай байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж