Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний аравдугаар сард 8.3 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.2 их наяд төгрөгт хүрчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний арван сард 669.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол оны эхний аравдугаар сард 341.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ оны аравдугаар сард өмнөх сараас улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 303.2 тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 33.9 тэрбум төгрөгөөр өсчээ.
Татварын нийт орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өсөхөд тусламжийн орлого 18.5 тэрбум төгрөг, тусгай зориулалтын орлого 0.1 тэрбум төгрөг, хөрөнгийн орлого 0.2 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 444.2 тэрбум төгрөг, орлогын албан татвар 427.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 245.3 тэрбум төгрөг, онцгой албан татвар 210.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 147.9 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 145.0 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.3 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний арван сард 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 673.0 тэрбум төгрөгөөр өсөхөд татаас 32.7 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч урсгал зардал 442.9 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 116.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 113.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 81.4 хувь, хөрөнгийн зардал 14.6 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 4.0 хувийг эзэлж байна.
Т.НОМИН
Холбоотой мэдээ