Монгол ТВ-ээс бэлтгэсэн хүргэдэг “Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар улирлын шалгаруулалтын эзэн тун удахгүй тодрох гэж байна. Долоо хоногийн ням гариг бүр үзэгчдэд хүрч буй тус шоуны шилдэг 32 оролцогч тодроод байгаа билээ. Хагас шигшээ тоглолтод шалгарсан 32 оролцогчид найм наймаараа хуваагдан өрсөлдөнө. Хагас шигшээ шалгаруулалтад үзэгчдийн санал хамгийн чухал. Үзэгчдээс өндөр оноо авсан гурван оролцогчоос хамгийн их санал авсан нэг оролцогч дараагийн шатанд шууд шалгарч, үлдсэн хоёр оролцогчоос шүүгчийн саналаар нэг оролцогч нь дараагийн шатанд тунаж үлдэх юм.
Хагас шигшээ тоглолт дөрвөн долоо хоногийн үргэлжилнэ. Ингээд үзэгч болон шүүгчийн саналаар шилдэг найман оролцогч финалд үлдэнэ. Финалын шалтгаруултад шүүгчид ямар нэгэн байдлаар санал өгөхгүй, зөвхөн үзэгчийн саналаар үндэсний ялагч тодорч, дэлхийд өөрийгөө таниулахаас гадна 100 сая төгрөгийн эзэн болох юм.
Хагас шигшээ тоглолт өнөөдрөөс /2018.11.18/ эхлэн хүрнэ. Үзэгч та бүхэнд өнөөдрийн шоуны оролцогчдоос өөрт таалагдсан, дэмжиж буй оролцогчдоо саналаа өгөх юм.
Авьяаслаг Монголчууд шоуны 2015 оны буюу эхний улирлын ялагчаар Дархан-Уул аймгаас оролцогч Эгшиглэнт чимээ хамтлаг, 2016 оны буюу хоёр дахь улирлын ялагчаар Орхон аймгаас оролцогч Э.Энх-Эрдэнэ нар тодорч байсан ажээ.
Авьяаслаг Монголчууд шоу нэвтрүүлэг бүтэн нэг жилийн турш завсарлаж, 2018 оны есдүгээр сараас эхлэн ийнхүү үзэгчдэд дахин хүрч эхэлсэн билээ.
А.АНИР