Нохойны үнэрлэж чаддаг санаанд оромгүй зүйлс

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

Нохойны үнэрлэж чаддаг санаанд оромгүй зүйлс

Нохойны үнэрлэж чаддаг санаанд оромгүй зүйлс

Үнэрийг хүлээн авдаг эс нохойнд хүнийхээс 20 дахин их байдаг төдийгүй түүнийг боловсруулах тархины хэсэг нь ч хамаагүй том байдаг аж. Нохойны энэ чанарыг ашиглан тэднийг сургаж, ажилд авдаг газрууд нисэх онгоцны буудлаас эхлээд өчнөөн байдаг нь үүнтэй холбоотой юм. Харин үнэрлэх мэдрэхүй нь маш сайн гэдгийг мэддэг ч нохой дараах зүйлсийг үнэрлэж чаддаг гэж та магадгүй хэзээ ч бодож байгаагүй байх.

ЦУСАН ДАХЬ ГЛЮКОЗЫН ХЭМЖЭЭ

Хүний цусан дахь глюкозын хэмжээ өөрчлөгдөж байгааг нохой хөлсний үнэрээр дамжуулан үнэртэж чаддагийг судалгаагаар нотолсон байна. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс нохойныхоо энэ чадварыг мэддэг байх хэрэгтэй. Цусан дахь глюкозын түвшин өөрчлөгдсөнийг нохой мэдсэн даруйдаа хачин аашилж, бухимдаж эсвэл эзнийхээ анхаарлыг өөр дээрээ татахыг хичээж эхэлдэг байна.

ХОРТ ХАВДАР

Хорт хавдар нь эсийн хэвийн үйл ажиллагааг өөрчилж, гэмтээдэг бөгөөд энэ үед эс нь нохойны үнэрлэж чаддаг нэг төрлийн уургийг ялгаруулж эхэлдэг байна. Түүнчлэн нохой хүний амьсгалаар дамжуулан уушгины хорт хавдрыг, түрүү булчирхай, давсгийн хорт хавдрыг шээсний үнэрээр дамжуулан үнэрлэж чаддаг. Нохойны энэхүү чадварыг илрүүлснээс хойш эрдэмтэд илүү нарийн судлан, тэднийг тусгайлан сургах замаар эмнэлэгт хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх ажлыг туршилтаар хийлгэж эхэлж байгаа ажээ.

“ХҮНИЙ ҮНЭР”

Хүмүүс бид бие биеэ тусгайлан ялгахын тулд хүн бүрд өөр байдаг “хурууны хээ” гэдэг зүйлийг хэрэглэдэг бол нохойны хувьд энэ нь үнэр ажээ. Өөрөөр хэлбэл, хүн болгон өөр өөр үнэртэй байдаг, түүнийг нь нохой үнэрлэж чаддаг юм. Зарим сайн сургасан нохой нэг хүний үнэрийг тогтоосныхоо дараа түүний ихэр эсвэл ойр дотнын хүмүүсийг ч үнэрээр нь таних чадвартай байдаг аж. Иймээс зарим газруудад сураггүй алга болсон хүмүүсийг хайх ажилд нохойн энэ чадварыг ашиглаж байна.

УНАДАГ ӨВЧИН

Унадаг өвчтэй хүмүүсийн шинж тэмдгийг илрэхээс нь 45 хүртэлх минутын өмнө нохой урьдчилан “үнэрлэж” мэдрэх чадвартай ажээ. Удахгүй унаж, татах гэж байгаа хүнээс нэг төрлийн үнэр ялгардаг бөгөөд нохой үүнийг үнэрлэснийхээ дараа ааш зан нь хувирч хуцаж, гинших гэх мэтээр анхааруулга өгдөг байна.

 

ӨӨР НОХОЙНЫ ҮНЭР

Нохойд бие биеийнхээ арьс, үс, шээсний үнэрийг ялган таньж чаддаг байна. Хэрвээ та өөр газар танихгүй нохойг илж байгаад гэртээ ирвэл таны нохой гарцаагүй үнэрлэх юм.

ЖИРЭМСЛЭЛТ

Жирэмсний эхэн үед хүмүүс жирэмсэн болсноо өөрөө ч мэдээгүй байхад нохой үнэрээр нь мэддэг ажээ. Нохойны хамар хүний биед гарч байгаа янз бүрийн өөрчлөлтөд маш мэдрэг байдаг. Ялангуяа жирэмсэн болсон үед хүний биед дааврын өөрчлөлт явагдаж, биеэс ялгарах үнэр эрс өөрчлөгддөг байна. Тиймээс жирэмсэн болсон эзэн нь нохойныхоо хувьд цоо шинэ хүн мэт санагдаж, эзэндээ хандах хандлага нь хүйтэн хөндий болдог гэнэ.

Эх сурвалж: dogster.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж