Архангай аймагт өнгөрөгч хавар найман сумын нутагт шүлхий өвчин гарч айл өрх, аж ахуйн нэгж, аймаг орон нутагт зөвхөн мөнгөн дүнгээр 170 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Үүнээс гадна малчдын мах, сүү, цагаан идээ боловсруулах, хувийн хэвшлийн худалдаа, бензин түгээх газруудын ажиллаагүй өдрийн орлого, аялал жуулчлалын цуцлагдсан захиалга, малчдын сэтгэл санааны хохирол зэргийг тооцвол их дүн гарна.
Шүлхий өвчнийг малчин, иргэн өөрийн санаатай болон санамсаргүй үйлдлээсээ болж тархаах, цааш нь даамжруулах асуудал гарсанд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас холбогдох арга хэмжээг авч, одоогийн байдлаар 72 эзэн холбогдогчид 10 орчим сая төгрөгийн торгууль оногдуулаад ажиллаж байна. Энэ дотор цөөн тооны төрийн албан хаагч ч байгаа ажээ.
Мөн буруу ташаа мэдээлэл тарсан зүйл ч байгаа юм. Тухайлбал “Цэнхэр сумын Буйлан багийн малчин С.Хүрэлхүү гэдэг хүн шүлхий өвчин тараасан” гэсэн мэдээллийн мөрөөр хууль журмын дагуу шалгахад энэ хүн нь уг өвчинтэй хамааралгүй нь тогтоогдсон. Харин Өгийнуур сумын Дойт багаас иргэн Пүрэвдорж нь 59 ямаа, 28 тооны хонь ачиж ирснээс ойр хавийн айлуудад шүлхий гарсан нь тогтоогдсон. Хариуцлага тооцох ажлыг хууль хяналтын байгууллагынхан холбогдох хуулийн дагуу хийж байна.
Эх сурвалж: АРХАНГАЙ АЙМАГ
Холбоотой мэдээ