Долоо хоногийн тойм | News.MN
Долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоног улс төрийн хүрээнд дуулиан ихтэй байлаа. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су. Батболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулсан юм. Ингээд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэхээр тогтсон.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж хэлснийх нь төлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг бүлгийн даргаас огцрууллаа” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай бичигт УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэсэн мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсгээ зурна гэдгээ ч илэрхийлсэн юм.

МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулсан юм. Улмаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн шийдэл гарсан юм.

Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалд дэмжиж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн бол УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Ийнхүү  МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Д.Хаянхярвааг бүлгийн даргын ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгов. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Су.Батболдыг огцруулах эсэхийг НИТХ шийднэ. НИТХ дээрх асуудлаар ирэх долоо хоногт хуралдах ажээ.  МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас бэлтгэсэн сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.

ТОМИЛГОО

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилсон юм.

Тэрбээр 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай. Ам бүл тав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

  • 1984-1995 онд нийслэлийн арван жилийн 60 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн эрх зүйч
  • 2007-2009 онд Батлан хамгаалах их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй
  • 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга
  • 2000-2005 онд нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга
  • 2005-2006 онд Улсын Дээд шүүхэд шинжээч
  • 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч
  • 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  • 2013-2014 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  • 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  • 2015 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

С.Соёмбо-Эрдэнэ нь 12 жил шүүгчээр ажиллажээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад 70.6 оноо авчээ.

Мөн өнгөрч буй долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүн томилогдов. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн сонгон шалгаруулалтын саналыг үндэслэн Засгийн газар дээрх томилгоог хийжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан нь өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон тул шинээр хүн томилох шаардлага үүссэн юм.

Хуульд зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан хүнийг Төрийн албаны зөвлөлөөс санал болгодог. Эл зарчмаар сонгон шалгаруулалт хийгджээ.

Шинэ албанд томилогдоод байгаа Г.Билгүүн нь төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ.

2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ХОРИГ ТАВИВ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсвийн тухай хууль болон УИХ-ын тогтоолуудад хориг тавив. Тэрбээр хэлэхдээ, 2019 оны төсвийг батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна. Иймээс 2019 оны төсөвт хориг тавихаас өөр аргагүйд хүрэв” гэв.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Баасан гаригт намын бүлгүүд хэлэлцэж, МАН-ын бүлгээс хоригийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ ГЭВ

Өнгөрч буй долоо хоногт зуурдаар амиа алдсан 22 настай загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан, Гаднын нөлөөгүй амиа хорлолт байсан гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.

Энэ асуудлаар  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Өндрөөс унаж амь насаа алдсан Ч.Чамин-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа гэдгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлж байна” гэлээ.

Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт хуулийн дагуу ажлын 21 хоногийн дотор гарах ёстой байдаг аж.

Сануулахад, Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд аравдугаар сарын 24-ний өдрийн 17.26 цагт ирсэн байдаг.

Дуудлагын дагуу хэргийн газар очиход 22 настай загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унасан байдалтай олджээ. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан дүгнэлтээр амиа хорлолт байж болзошгүй гэж үзэж байгаа бол талийгаачийн ар гэрийнхний зүгээс охиноо хүнд алагдсан хэмээн үзэж шүүх эмнэлгийн дүгнэлтийг эцсийн найдвараа болгон хүлээж буй.

МАШИНТАЙГАА ШАТСАН ЖОЛООЧ ШАРХАА ДААЛГҮЙ НАС БАРЖЭЭ 

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин арваннэгдүгээр сарын 9-ний өдөр шатаж, жолооч Д нь дөрөвдүгээр зэрэглэлийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн, эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй нас барсан юм.

Хэргийг тодруулбал, жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09.50 цагт “Эрдэнэс Тавантолгой”-гийн уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд маргааш нь түүний жолоодож явсан машин шатаж, түлэгдсэн байна. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж буй юм. Галын анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан гэж үзжээ.

Талийгаач нь дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаад амиа алдсан юм.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс, “Омог цагаан шонхор” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гэх ба техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс уг  осол үүдсэн гэдгийг хэлж байна. Талийгаач нь, бага насны гурван хүүхэдтэй бөгөөд түүний эмчилгээний зардалд 70-80 сая төгрөг шаардлагатай байжээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-18 202.9.40.109

http://StartWeeklyJob.com/?userid=94734

Avatar

Зочин 2018-11-18 182.160.39.57

урвасан хулгай АСЕМдорж АНгамин нарыг дөтийн замаар тонилгоёоо

Avatar

Зочин 2018-11-18 202.126.89.211

ЭЛБЭГДОРЖ ГЭЖ АДГИЙН ЛУЙВАРЧИН , ХУЛГАЙЧ , АЛУУРЧИН !!! АЛГА БОЛВОЛ ТААРНА !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж