Санхүүгийн хэрэглэгчийн зан төлөв, хандлагыг өөрчлөх компанит ажил явуулах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Санхүүгийн хэрэглэгчийн зан төлөв, хандлагыг өөрчлөх компанит ажил явуулах шаардлагатай

Олон улсын зөвлөх, хатагтай Магдалена Сегретэй буцах үед нь товчхон ярилцлаа. Тэрээр олон улсын санхүүгийн хяналт, үнэлгээ, бодлогын зөвлөгөөгөөр мэргэшсэн хүн бөгөөд манай улсын хүн амын хүртээмжтэй даатгалын талаарх мэдлэг, боловсролыг үнэлэх, энэ чиглэлээр цаашид хийх ажлын талаар санал боловсруулах зорилгоор өнгөрөгч сард судалгаа хийсэн юм. Судалгааныхаа хүрээнд Улаанбаатар хотноо арван хоног ажиллахдаа тэрээр даатгалын зах зээлийн оролцогчидтой уулзалт, ярилцлага хийж, мэдээлэл солилцсоны дээр ажлынхаа явц байдлыг танилцуулсан юм.

-Та санхүүгийн хүртээмжийн талаар судалгаа хийгээд буцаж байна? Таны судалснаар Монгол Улсад санхүүгийн хүртээмжийн түвшин ямар байна вэ?

-Санхүүгийн хүртээмж гэдэг нь товчхондоо иргэд, бизнес эрхлэгчид санхүүгийн үйлчилгээг хүртэх боломж юм. Монголын нийт хүн амын 93,8 хувь нь банкинд данс эзэмшдэг гэсэн тоон мэдээлэл байна. Гэвч хадгаламж, даатгал гэх мэт санхүүгийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамрагдах байдал болоод иргэдийн өөрсдийнх нь санхүүгийн мэдлэгийн түвшин сул хэвээр байна. Санхүүгийн мэдлэг нь хэрэглэгч санхүүгийн асуудлаар шийдвэр гаргах, бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгоход нь нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Тэгэхээр хэрэглэгчийн санхүүгийн мэдлэгийн түвшин нь зөвхөн санхүүгийн хүртээмжид нөлөөлөөд зогсохгүй цаашлаад тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд маш  чухалд тооцогддог. Мөн иргэд санхүүгийн суурь мэдлэг сайтай байснаар санхүүгийн байгууллагад итгэх итгэл нь төдий чинээ нэмэгддэг. Ингэснээр санхүүгийн систем дэх хадгаламж нэмэгдэх зэргээр урт хугацаат хөрөнгө оруулалтыг дэмждэг юм. Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсрол, энэ зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэгхангалтгүй байгаа нь тэдний итгэлийг сулруулж, цаашлаад санхүүгийн хүртээмжийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс санхүүгийн суурь мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, улмаар санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх иж бүрэн стратегибий болгох нь зайлшгүй чухал юм. СЗХ санхүүгийн салбарын “Санхүүгийн хүртээмжийн үндэсний стратеги”-ийг боловсруулахаар ажиллаж байгаа юм байна. Энэ ажил нь Монгол Улсад санхүүгийн хүртээмжийг сайжруулахад үүсч буй саад, бэрхшээлийг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна гэж харж байна.

-Санхүүгийн зах зээлд төрийн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа СЗХ олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй вэ?

-Миний судалгаа нь санхүүгийн хүртээмжийн ерөнхий сэдвийн хүрээнд хүртээмжтэй даатгалын зохицуулалтын орчин руу илүүтэй чиглэсэн. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй даатгалын зохицуулалтын орчин, бага дунд орлоготой иргэдийн даатгалд хамрагдалт болоод энэ хүрээн дэх иргэдийн боловсрол, мэдлэгийн түвшинд судалгаа хийсэн. Зохицуулагч байгууллагаас даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний зорилго, үүрэг болон үр ашиг, цаашлаад даатгуулагчийн эрх үүрэг, мөн тэдний эрх ашгийг хамгаалах тогтолцооны талаар мэдээлэл өгөх кампанит ажлуудыг зохион байгуулах нь их үр дүнтэй байдаг. Тиймээс СЗХ иргэдийг даатгалын бүтээгдэхүүний талаар маш сайн ойлголттой болгох, даатгалын хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн зан төлөв, хандлагыг өөрчлөх зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Нэгдсэн кампанит ажил явуулах нь Монголын хүн амын дунд даатгалын соёлыг бий болгох гол хөшүүрэг болох төдийгүй бага орлоготой иргэд болоналбан бус бизнесийн салбарт ажиллагсдыг өөрийгөө, хөрөнгөө хамгаалах, нөөц, бололцоогоо үр дүнтэй удирдахад нь тусална. Ийм кампанит ажил амжилттай зохион байгуулсан сайн жишээ дэлхий дахинд олон бий. Тухайлбал, иргэдийнхээ боловсролыг сайжруулах кампанит ажлыг амжилттай зохион байгуулсан Филиппиний туршлага байна. Кампанит ажлын хүрээнд сурталчилгаа, худалдаа хийхээс илүүтэй боловсрол олгох, ухуулах, ойлгуулахад чиглэсэн байдаг. Алслагдсан бүс нутаг болон албан бус салбарт ажилладаг бага орлоготой иргэдэд илүүтэй чиглэж олон нийтийг хамарсан мэдээллийн суваг (хэвлэмэл материал, радио, зурагт, цахим хуудас) болон харилцаа холбооны хэрэгсэл (гар утас) гээд маш олон төрлийн сувгаар мэдээллийг хүргэж ажилладаг. Эдгээр сувгаас иргэдэд хамгийн их хүрч байгаа мэдээллийг турших болон түүний нөлөөллийг үнэлж ажилласан байдаг. Филиппиний энэ туршлагыг MEFIN-ий улсуудын зохицуулалтын байгууллагууд нэвтрүүлж эхлээд байгаа. Монгол Улс ч бас онцлогтоо тохируулан нэвтрүүлэх боломжтой. Хамгийн гол энэ үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх гээд бүхий л шатанд СЗХ дангаараа биш даатгалын салбар дахь бүх оролцогчид хамтран ажиллах нь чухал юм.

-Та MEFIN сүлжээг дурдлаа. Энэ сүлжээний орнууд кампанит ажлыг нэвтрүүлэхэд анхаарах ёстой ямар асуудлууд тулгарч байсан бэ?

-Энэ ажил нь их өргөн хүрээг хамардаг. Тухайлбал, олон нийтийн санал асуулга явуулахаас эхлээд стратеги боловсруулах, тусгайлсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх, түүний үр дүнг үнэлэх гээд олон ажил бий. Энэ ч утгаараа кампанит ажилд тоглоом, кино, ном, танилцуулах хуудас, үзүүлэн самбар, сургалт, радиогийн хөтөлбөр, шог хөтөлбөр болон жүжигчилсэн тоглолт гэх мэт маш олон аргыг ашиглаж болдог.Олон улсын туршлагаас харахад даатгалын нөхцөлийг энгийн ойлгомжтой байдлаар тодорхойлох, нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц бололцоо, мөн хувийн секторын үр нөлөө бүхий оролцоог хангах гээд хэд хэдэн бэрхшээлүүд тулгардаг. Нөгөө талаасаа, даатгалын салбар дахь оролцогчдын сайн удирдлага, зохион байгуулалтыг хангасан,сургагч багш нарыг сайтар бэлтгэж ажиллуулсанкампанит ажил илүү үр дүнтэй явагддаг. Тиймээс зах зээлд оролцогчдын нягт холбоо, харилцаа, тэдгээрийн хүчин чармайлт болон зардал хэмнэхүйц арга хэрэгслийг сонгох нь хамгийн чухал байна.

-Бага, дунд орлоготой иргэдийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн ямар зохицуулалт байвал манай улсад тохиромжтой вэ?

-Монгол Улс бага, дунд орлоготой иргэдэд даатгалыг хүргэх, түгээх буюу хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц байх хууль, эрх зүйнорчныг бүрдүүлэх нь чухал асуудал. Гол нь хүртээмжтэй даатгалыг сурталчлахдаа ашиглахад тохиромжтой тоон болон чанарын үзүүлэлт бүхий тодорхойлолттой байх, түүнчлэн даатгалын хураамжийг актуар тооцоололд үндэслэн байгуулдаг байх шаардлагатай. Мөн хүртээмжтэй даатгалыг түгээх борлуулалтын сувгийг өргөжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тохиромжтой тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал юм.

Монгол Улс ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөр оролцогч орнуудын нэг юм. Тус хөтөлбөрийн улсууд болох Азийн 7 орны өөр хоорондоо харилцах, туршлага солилцох, хамтран ажиллах талбарыг MEFINбуюу “Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээ” гэдэг.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь даатгалын үйл ажиллагааг хүртэх боломжгүй бага болон дунд орлоготой иргэдэд даатгалын үйлчилгээг хүргэх зорилгоор 2013 оны 5 дугаар сард “MEFIN тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, нэгдэн орсон бөгөөд хүртээмжтэй даатгалын тодорхойлолт, түүнд тавигдах шаардлагыг бий болгосон.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж