Монгол Улсын Их Хурлаас 2017 онд шинэчлэн баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулинд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхээр зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А-60/01/004 тоот хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Аж ахуй нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрийн гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо ба бизнесийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөөг олон улсын аргачлалаар боловсруулах гарын авлага”-ыг боловсруулаад байна.
Энэхүү гарын авлагыг ажил олгогч, эзэд, бизнесийн удирлага, ажилтнуудад зориулан гаргасан бөгөөд “Гамшгийн удирдлагын менежментийн тогтолцоо”, Аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрүүд болзошгүй гамшгийн эрсдэлээ өөрөө үнэлэх аргачлал”, “Бизнесийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөө боловсруулах аргачлал, зөвлөмж”, “Аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрүүд бизнесийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үед анхаарах хууль, эрхзүйн баримт бичиг, зөвлөмжүүд” гэсэн дөрвөн төрөлтэй.
Ингэснээр жижиг дунд үйлдвэр болон хуулийн этгээдүүд байгууллагынхаа хэмжээнд гамшгийн эрсдэлийн удирдлагын иж бүрэн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн нэвтрүүлж төлөвшүүлэх, тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлон илрүүлж түүнд үндэслэн “Бизнесийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ