Нярай хөнөөсөн байж болзошгүй хоёр хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газрын орчмоос нэг сартай зэрэмдэглэгдсэн нярайн цогцос өчигдөр /2018.11.16/ олджээ. Цагдаагийн байгууллагаас нярай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй этгээдийг хайж эхэлсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд энэ сарын 10-ны өдрийн 17.35 цагт давуунд боолттой нярайн цогцос байна гэсэн мэдээлэл иргэнээс иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа нар шалгахад хэргийн газраас дөнгөж төрсөн нярай хүүгийн цогцос эхэстэйгээ олдсон байна. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр нярайн цогцос гаднын нөлөөтэйгөөр нас барсан болох нь тогтоогдсон аж. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэнийг эрэн сурвалжилж байгааг мэдээллээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд уржигдар /2018.11.15/ жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаасан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын аврах ангид тухайн өдрийн 15:07 цагт “нүхэн жорлонд ураг унасан” талаарх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын долоон аврагч ажиллаж эндсэн ургийг гаргаж авсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Э.БЯМБА