-“Монгол газар” компаниас авлагатай гэх хоёр компани, нэг иргэний нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдэхээр шүүх хурлыг хойшлуулжээ. Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгчдийн төлөөлөгчөөр Японы “Иточу” корпораци, Монгол банк, Татварын ерөнхий газар, Чингис хаан банк, Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцжээ-
“Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүйд тооцож дампуурсныг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард тогтоож дампуурлын хэргийг үүсгэсэн. Ингээд тус компанийг татан буулгах эсвэл хөрөнгөжүүлэх эсэх асуудлыг шүүх анхан шатны хурал өнөөдөр болж нэхэмжлэгчдийн тоо нэмэгдэх асуудал үүссэн тул түр хугацаагаар хойшилсон байна. Тодруулбал, нэхэмжлэгчдийн зөвлөлөөс өчигдөр/02.16/-ны өдрөөр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг тасалбар болгосон байна. Гэтэл өнөөдөр шүүхэд дахин хоёр байгууллага, нэг иргэн шинээр нэхэмжлэл гаргасан тул энэхүү хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар шийдвэрлэхээр шүүх хурал тав хоног завсарлажээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хурал тав хоногийн дараа буюу энэ сарын 23-ныг хүртэл хойшилсон байна. Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгчдийн төлөөлөгчөөр Японы “Иточу” корпораци, Монгол банк, Татварын ерөнхий газар, Чингис хаан банк, Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцжээ.
Д.ЖАРГАЛ