Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөрхангайд ажиллалаа. Тэрбээр нутгаасаа төрсөн Улсын сайн малчдад Засгийн газраас олгосон шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Өвөрхангай аймаг өнгөрсөн жил түүхэндээ хамгийн олон 4,1 сая мал тоолуулсан. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд мал сүргийн тоо толгой 625 мянгаар өссөн их амжилтын түүчээ болж зүтгэсэн таван хүн энэ жил “Улсын сайн малчин”-аар тодорсон юм. Засгийн газрын шийдвэрээр “Улсын сайн малчин”-аар тодорсон хүмүүсийн шагналыг энэ жил орон нутагт нь гардуулахаар болсон. Тэр дагууд Хөдөлмөрийн сайд Өвөрхангайг зорьж тус аймгаас тодорсон “Улсын сайн малчин”-ы дөрвийнх нь өргөө гэрт зочилж, өргөмжлөл шагналыг нь гардуулсан юм. С.Чинзориг сайдтай хамт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар явсан.
Эхний очсон айл Баян-Өндөр сумын нэгдүгээр багийн малчин Гомбодоржийн Цэрэнпунцагийнх байв. Эднийх сумаасаа 150 гаруй км алс Чилэн отрын бүст өвөлжиж буй аж. Г.Цэрэнпунцагийн хувьд энэ жил тодорсон Улсын сайн малчдаас хамгийн залуу нь. Мөн сумаасаа төрж буй тав дахь “Улсын сайн малчин” цолтон болж буй гэнэ. Г.Цэрэнпунцагийнх 2200-гаад малтай, адуу олонтой, хурд сайтай айл. Аймаг сумын наадамд хурдан буяныхаа тоосыг өргөхийн хамт өөрөө ч шаггүй барилдчихдаг энэ залууд Засгийн газрын шагнал Хүндэт өргөмжлөл”, цул мөнгөөр урласан таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйл гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр мялаахын хамт малчны хөдөлмөрийн 50 хувь гэргийд нь ногддог гэдгээр мөнгөн бүслүүртэй зэс домбоор шагнасныг мөн гардууллаа.
Дараа нь Бүрд сумын малчин Сэрээнэндоржийн Пунцагийнд очсон. Тэдний нутаглаж буй Алагт зуншлага сайхан байсан учраас ийш тийш оторт хол нүүх шаардлага гараагүй гэнэ. Цас бага ч малны амны ус болчихоор юм байгаа хэмээн нутаг орон, өвөлжөө бууцныхаа талаар яриа өрнүүлэх С.Пунцаг сумаасаа төрж буй 11 дэх “Улсын сайн малчин” болж буй юм. Хамгийн сонирхолтой нь С.Чинзориг сайд өмнө нь С.Пунцаг гуайн дүү С.Сандагдоржид “Улсын сайн малчин”-ы шагнал гардуулж байсан гэнэ.
Хөдөлмөрийн сайдын шагнал гардуулсан дараагийн малчин нь Нарийнтээлийн Чимэддоржийн Дэгдорж байлаа. Тэрбээр удам дагасан малчин аймаг, сумын аваргуудын үргэлжлэл бөгөөд түүний эмээ нь Х.Чойбалсангаас мөнгөн бүстэй агар хувин гардаж байсан сонирхолтой түүхийг хүүрнэсэн юм. Улаан хадны өвөлжөөнд эхний төлийн дуу хэдийнэ цангинасан Ч.Дэгддоржийнх дөрвөн төрлийн 1800 гаруй мал тоолуулсан гэнэ.
Хайрхандулаан сумын хоёрдугаар багийн малчин Шавдаагийн Дэлгэрдалайн шагналыг гардуулахаар Баянгийн хоолойд буухад айл хотол, ах дүүс нь цуглан угтсан. Тэд нутаг усандаа ажилч малчаараа гайхагддаг хүндтэй хүнд нь “Улсын сайн малчин”-ы шагнал гардуулахаар нутгийн сайд ирж буйд давхар бэлгэшээн ийн олноор цугласан аж. Ш.Дэлгэрдалай 36 жил маллаж байгаа гэнэ. Хөдөө аж ахуйн нэгдэл гэж байхад үхэрчин байсан тэрбээр өдгөө мал сүргийнх нь тоо 1000 хол давсан амжилтаар энэ жил “Улсын сайн малчин” цол хүртэж буй юм.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ийн Өвөрхангайгаас төрсөн таван “Улсын сайн малчин”-ы дөрөвт нь шагналыг нь гардуулж хүндэтгэл илэрхийлэхийн хамт нутгийн олонтой уулзаж Засгийн газраас малчдын талаар баримталж буй бодлогыг танилцуулж, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрт хэрхэн хамрагдах, малчдад зориулсан зээлийн тухай ойлголт өгөхийн хамт малчдын хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлж тэднийг нийгмийн даатгалд бүрэн хамруулах замаар өндөр насны тэтгэвэр авах боломж бололцоог, бүрдүүлэх тал дээр өөрийн санаачлан хийж буй ажлынхаа талаар ярьсан нь малчдад тун сонирхолтой байлаа.