С.Цэрэнчимэд U23 ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

С.Цэрэнчимэд U23 ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

С.Цэрэнчимэд U23 ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Румын Бухарест хотод чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 2017 онд ээж болж энэ оноос дэвжээндээ эргэн ирсэн юм. Түүний хувьд энэ жил U23 ДАШТ-д оролцох сүүлийн боломж байсан бөгөөд хүрэл медаль хүртсэнээр нэгэн түүхэн амжилтын эзэн болж байна. Тэрбээр дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны чөлөөт бөхийн тамирчин болж байна. Энэ амжилт нь Монголын спортын түүхэн нэгэн шинэ амжилтын эхлэл болж бичигдлээ.

С.Цэрэнчимэд өсвөр үеийн “Сомбатхей 2011” ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж энэхүү амжилтаа эхлүүлж байсан бол “Софи 2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент 2014” насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас 2015”-аас мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр ээж болж, хэсэг хугацаанд спортоосоо хөндийрөөд байсан ч энэ жил дахин дэвжээндээ эргэн ирж U23 ДАШТ-ий хүрэл медальтан болж Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд нэгэн амжилтыг үзүүлээд байна.

57 кг-ын жинд өрсөлдсөн С.Цэрэнчимэд Румын, Укрианы бөхчүүдийг цэвэр ялсан ч Канадын бөх А.Ребекка Тоунд 15:3-аар ялагдсан. Манай бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Азарбайжаны Колесникийг 11:3-аар хожиж, медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм. Энэ жинд аваргын алтан медалийг Канадын Тоун хүртсэн бол Японы Ханай мөнгөн медалийн эзэн болжээ. Монголын С.Цэрэнчимэд, ОХУ-ын А.Андреева нар хүрэл медаль хүртлээ.

Мөн өчигдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс 60 кг-д Э.Гантуяа хүрэл медаль хүртэж, Монголын багийн гурав дахь медалийг авчирлаа. Тэмцээний эхний өдөр 50 кг-д Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртээд байсан бөгөөд манай эмэгтэйчүүд U23 ДАШТ-ийг гурван хүрэл медальтайгаар өндөрлүүллээ.

U23 ДАШТ-ий эмэгтэйчүүдийн жингийн барилдаан өчигдөр өндөрлөсөн бөгөөд багийн дүнгээр Япон 188 оноогоор тэргүүлсэн бол ОХУ /113/, БНХАУ /106/, Украйн /81/, АНУ /76/ эхний таван байрт орсон байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн шигшээ барилдаан болж, медальтнууд тодорно. Мөн эрэгтэй 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаантай. Тэмцээний сүүлийн өдөр болох маргааш 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн шигшээ барилдаанууд болж, медальтнууд тодорсноор 23 хүртэлх насны ДАШТ өндөрлөнө.

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн барилдааны фото агшнаас: 

U23 ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Гантуяа

U23 ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг (“Хасу-Мегастарс” клуб). Тэрбээр өсвөрийн үеийн ДАШТ-ээс мөнгө, залуучуудын Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд U23 ДАШТ-ий медальтан боллоо. Ц.Намуунцэцэг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж өсөх ирээдүйтэн тамирчин гэдгээ энэ удаагийн U23 ДАШТ-ээс харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж