УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 92.5 хувийн саналаар дэмжин баталлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрдугаар сарын 9-11-нд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийг байгуулсан юм. Уг хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөл бүрдэж байна.
Япон улс нь дэлхийд гуравт бичигддэг хүчирхэг эдийн засагтай орон. Ийм оронтой Монгол Улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анхлан байгуулсан юм. Үр дүнд нь худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх, тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт авах, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улс ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг Япон улс руу экспортлох боломж бүрдэж байгааг тодрууллаа. Албаны хүний тайлбараар Монголын ямаа, хонины махыг экспортлоход Гаалийн татвараас чөлөөлнө, мөн лаазалсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнд 4.2 хувийн татвар ногдуулдаг байсныг бүрэн чөлөөлжээ. Сүү, аарцанд, 6.7 ам.долларын тариф тогтоодог байсныг тоон хязгаараар хязгаарлаж, бүрэн чөлөөлнө. Нэхмэл, оёмол бүтээгдэхүүнд 10-14 хувийн татвар ногдуулдаг байсныг 0 болгожээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын тайлбарласнаар хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар Японоос орж ирэх хөрөнгө оруулалт жилдээ 400 сая ам.доллар болж өснө гэж үзэж байна.
Мөн энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар Японы технологийг ашиглаад Монголд нефтийн үйлдвэр байгуулах асуудал ямар шатанд яваа талаар тодрууллаа. Үүнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Японы технологийг ашиглаад нефтийн үйлдвэр байгуулах асуудал тусгагдсан. Гэвч ОХУ-аас нийлүүлэгдэх түүхий нефть баталгаатай биш учраас эцэслэн шийдэж чадахгүй байна” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Бусад орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ярьж байгаа юу. ОХУ, Хятадын тал санал тавибал манай тал ямар хариу барих вэ?”.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар судалгаа эхэлсэн. Ямар хэлбэрээр байгуулах вэ гэдэг нь судалгааны төвшинд явж байна. ОХУ-тай энэ талын асуудлыг хуучнаар Гаалийн холбоо буюу Евро Азийн холбоотой ирэх гуравдугаар сард ярина”.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Япон улс манайд юу нийлүүлэх вэ” гэв. Албаны хүний тайлбараар Японоос загас, кофе, сахар, үр тариа, цагаан будаа, малын гаралтай тос, хүнсний төрөл бүрийн бэлдмэлүүд импортлогдохоор гэрээнд тусчээ.
Хэлэлцүүлгийн шатанд хөндсөн бас нэгэн чухал асуудал нь Монгол Улсын иргэд Япон руу визгүй зорчдог болох тухай байв. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хөндөж, Гадаад хэргийн яам онцгой анхаарал тавьж, шахаж ажиллах шаардлагатайг онцлов.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Визний асуудал чухал байгаа. Сүүлийн үед иргэд Япон руу олноороо явж эмчлүүлж байна. Удахгүй болох өндөр дээд хэмжэний айлчлалын үеэр визний тухай ярина. Эхний ээлжинд дипломат паспорт эзэмшигчдийг визгүй зорчуулдаг болгох, хоёр дахь шатанд иргэдийг визгүй зорчуулах асуудлыг тавьж байна” гэлээ.
Одоо чуулганаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгаснаар төр тус ордод 20 хүртэл хувь эзэмшихээр заагаад байна.
Г.ДАРЬ