Төв аймгийн “Улсын сайн малчин” таваар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Төв аймгийн “Улсын сайн малчин” таваар нэмэгджээ

XVII жарны согтууруулагч хэмээх Модон хонин жилийн босгон дээр Төв аймгийнхнаас “Улсын сайн малчин” таваар нэмэгдэж, хонин жилээ амжилтаар дүүрэн угтаж байна. Өтгөс буурлуудын хишиг болгосон халуун таван хошуу мал сүргээ өсгөн бусдыгаа манлайлан “Улсын сайн малчин” цолоор шагнуулж буй Баян-Өнжүүл гуравдугаар багийн малчин Д.Алтансэлэм, Алтанбулаг сумын гуравдугаар багийн малчин С.Даваасамбуу болон “Тэргүүний малчин бүлэг”-ээр шалгарсан тус сумын “Баян Сонгинот” бүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, ХХАА-н дэд сайд Б.Батзориг нар шагналыг нь гардуулж өгсөн юм.

ХХАА-н дэд сайд Б.Батзориг “Өнгөрсөн жил манай улс 51,9 сая толгой малтай болсон нь том амжилт. Шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж буй ХХААЯ-ны удирдлагууд энэ онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийг батлуулна. Цаашдаа энэ салбар тоон үзүүлэлтээс илүү чанарт анхаарах болно. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн салбар чанартай буудай, төмс, хүнсний ногоо хураан авдаг. Мал сүргийн хувьд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд түлхүү анхаарна” хэмээсэн. БҮХХААБХ-ны дарга С.Батболд “ Хөдөө аж ахуй бол ажлын байр, орлого нэмэгдүүлэх гол салбарын нэг. Бүтээгдэхүүнээ экспортод гаргахад төрийн бодлого чиглэнэ “ гэж хэлсэн юм. Улсдаа анх удаа “Тэргүүний малчин бүлэг”-ээр шалгарсан тус сумын “Баян Сонгинот” бүлэг нь 2004 онд байгуулагдсан, 15 өрхийн 52 гишүүн, 4520 толгой малтай, хагас эрчимжсэн МАА эрхэлдэг, дундын өмчлөл нь 28,0 сая, жилийн орлого нь 54,0 сая төгрөг, Туул голын нөхөн сэргээлтэд 1000 ширхэг улиас тарьсан, арьс, шир, ноос, хөөвөр, хялгас, сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүн хийж борлуулах, аялал жуулчлал эрхлэх, жуулчин хүлээн авах үйл ажиллгаа эрхэлсэн, дундын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй, Сумын малгүй өрхүүдэд 800 гаруй мал өгсөн Тэргүүний малчин бүлэг юм байна.

Харин тус аймгийн зүүн зүг буюу Эрдэнэсант сумаас төрсөн “Улсын сайн малчин” болсон Ч.Галсандорж, Баян сумын залуу малчин Д.Энхболдод УИХ-ын дэд дарга М.Энхболд, ХХАА-н дэд сайд Б.Батзориг нар цолыг нь гардуулсан. Залуу малчин Д.Энхболдын хувьд хамгийн залуу “Улсын сайн малчин”-аар тодорч байгаа бөгөөд 30 настай, 2011 онд “Аймгийн сайн малчин”-аар тодорсон, 11 жил мал маллаж буй туршлагатай нэгэн аж. Тэрээр цолоо гардаж авахдаа ”Төр засаг хөдөлмөрийг минь үнэлж “Улсын сайн малчин”-аар шалгаруулж, өргөө цагаан гэрт маань өөрийн биеэр ирж байгаад магнай тэнийтлээ баярлаж байна. Эргэх дөрвөн улиралд малаа даган нүүдэллэн амьдрах малчин заяаг түшин амьдарч буй бидний хөдөлмөрийг үнэлэхийн сацуу өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж буй төрийн засгийн удирдлагууд, ХХАА-н дэд сайд Б. Батзоригт гүн талархлаа илэрхийлье. Бид ноос ноолуураасаа гадна арьс шир цаашлаад мах, малаа хүртэл Хөдөө аж ахуйн биржээр борлуулах боломжтой болсон нь том дэвшил юм” гэж ярив.

ХХААЯ-наас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж