БНХАУ-ын Шиамень хотод 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн финалын тэмцээн болж байна. Тус тэмцээнд эрэгтэй 16 баг өрсөлдөж байгаагаас Монголын баг “А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарч хасагдах шатанд Туркийн багтай тоглох боллоо. Энэхүү тоглолт өнөөдөр 16.00 цагаас болно.
“А” хэсэгт Мексикийг хожсон ч Герман, Коста Рикагийн багт хожигдсон манай залуус хэсгийн хоёрдугаар байрт шалгарч чадсан. Энэ хэсгийг Герман тэргүүлсэн бол Монгол удаалж, Мексик, Коста Рика сүүлийн байруудад бичигдсэн. Улмаар манай шигшээ баг “D” хэсэгт нэг хожил байгуулж хэсгийн гуравдугаар хасагдах шатанд шалгарсан Туркийн багтай тоглох боллоо.
“А” хэсэг:
- Мексик – Монгол15:17
- Герман– Косто Рика 21:10
- Монгол – Герман16:21
- Мексик– Коста Рика 21:12
- Герман – Мексик 21:7
- Монгол – Косто Рика15:16
3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн финалын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг өрсөлдөж байна. Өнөөдөр хасагдах шатны тоглолтууд явагдах бөгөөд тэмцээний аваргууд маргааш тодорно.
Энэ удаагийн оюутны дэлхийн лигийн финалын тоглолтод АНУ, Аргентин, Бразил, Канад, Мексик, Австри, БНХАУ зэрэг дэлхийн хүчирхэг багууд оролцож байна. Тэдний дунд дэлхийн лигийн тэмцээний туршлагатай багууд олноор тоглож иржээ.
Монголын багийг энэ удаа өнгөрөгч аравдугаар сард Аргентиний Буэнос Аэрост болсон залуучуудын олимпийн наадамд оролцсон тамирчдаар бүрдүүлсэн билээ. Багийн бүрэлдэхүүнд 18 насны Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл нарын тамирчид багтсан бол дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг https://play.fiba3x3.com -с аваарай.