Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдал болон нүүрсний экспортын талаар “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдоос дараах зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд Гашуунсухайт хилийн боомт дээр нүүрс тээвэрлэсэн автомашины урт дараалал үүссэн. Дараалал үүсэх болсон шалтгаан нь юу вэ. Тээвэрлэлт хэзээнээс хэвийн үйл ажиллагаанд шилжих бол?
-Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 550-650 нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Угтаа бол арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар өдөрт дунджаар 1200-1300 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан. Нүүрсний экспорт буурах болсон нь худалдан авагч тал буюу БНХАУ-тай холбоотой. Хятад улс гаалийн программдаа өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгсэл болон жолооч нарт олгодог картаа шинэчилсэн учир нүүрсний экспортын хэмжээ буурсан. Мөн тухайн улсын гаалийн хяналт шалгалт чангарсан. Үүнээс улбаалан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр урт дараалал үүсэж байна. Хуучин 55-60 км урттай дараалал хонодог байсан бол өнөөдрийн байдлаар 110-120 км урттай оочер дараалал үүссэн. Оочер дараалал үүсэх болсон нь Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Энэхүү оочер дарааллыг богино хугацаанд бууруулахын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлтийн уртын урт чиглэлээр тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог бууруулж, урт болон богино чиглэлийн тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ. Мөн уурхайнууд дээр графикийн дагуу ачилт хийхээр төлөвлөж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозамд өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспорт болон үнэ өндөр үзүүлэлттэй байгаа. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлж байна. Энэ сарын 1-ний байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор 15.1 сая тонн нүүрс экспортод гарсан.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд гарч буй аваар осол олон нийтийн анхаарлыг татаж байна. Осол гарах болсон үндсэн шалтгаан нь юу вэ?
-Он гарснаар нийтдээ 464 удаагийн 1, 2, 3 зэрэглэлийн осол аваар бүртгэгдсэн. Нийт ослын 92.8 хувь жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс улбаатай байдаг. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрсөн, зогссон цувааны араас ирж мөргөсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас осол аваар гарч байна. Энэ хэрээр жолооч нар эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэж байна. Тиймээс манай компани Авто тээврийн үндэсний төв болон уурхайнуудтай хамтран тээвэрлэгч компаниуд руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын засварын ажил дууссан уу?
-Замын завсар арчлалтын ажил бүрэн дууссан. Зам засвар, арчлалт, шалган нэвтрүүлэх цэгийн өргөтгөл зэрэг ажилд нийтдээ 24 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Улсын комисс хүлээн авсан. Үүнээс гадна хоёр дахь км дээр 1000 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор барихаар ажиллаж байна. 228 км буюу Гашуунсухайт боомтын наана 2800 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор байгуулна. Амралтын үйлчилгээний цогцолборт 300 хүнийг нэгэн зэрэг хүлээн авч хооллох танхим, 200 хүний багтаамжтай үзвэрийн танхим, эмнэлэг болон нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ багтаж байгаа. Энэ зогсоол ирэх арванхоёрдугаар сарын 25-нд ашиглалтад орно.
-Замын засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх төв байгуулах санаачилга гарсан байсан. Хэзээ бодит ажил хэрэг болох вэ?
-2019 оноос Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын засвар, арчлалтыг гүйцэтгэх төв байгуулахаар “Эрдэнэс Монгол” компани ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулсан бөгөөд судалгааны ажил хийгдэж байна.
Г.ХОРОЛ