Хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэл сонсов

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэл сонсов

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг сонсов

Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2015.02.17/ хуралдаж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг сонслоо.

Илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулсан юм. Энэ удаагийн илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгэм, бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан гаргасан гомдлыг үндэслэн боловсруулсан байна. Комисс нь 2013 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 669 гомдол хүлээн авч, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар гомдлын дагуу 21, хяналт шалгалтын мөрөөр 18 шаардлага, зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, хяналт тавин ажиллажээ.

Илтгэлд нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудыг авч үзсэн байна. Үүнд хөдөлмөрлөх эрхийн асуудал, тухайлбал барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, аюулгүй орчин болон хорих анги, цэргийн анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг Комиссын хяналт шалгалтын дүнг үндэслэн боловсруулсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй, хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, маргаан их гарч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлжээ. Түүнчлэн Олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг зүйлчлэн хуульчилсан боловч эрх чөлөөгөө хязгаарлуулсан, хуулиар болон тодорхой нөхцлийн улмаас бусдын эрхшээлд байгаа хүмүүстэй хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцсан тохиолдол цөөнгүй гарсаар байна. Иймд төрөөс эрүү шүүлт ба зүй бус харьцааг таслан зогсоох болон урьдчилан сэргийлэх шууд ба шууд бус арга хэмжээг авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа учир илтгэлд Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлыг авч үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Л.Болд нар илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл, эрүү шүүлттэй холбоотой хоёр гол асуудал илтгэлд тусгагдсаныг дурдаж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг тус Комиссын төсөв бага байгаад төрөөс анхаарал хандуулах шаардлагатайг хэлж байсан юм.

Мөн эрүү шүүлттэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн П.Оюунчимэг тодотгож тайлбар өглөө. Дэд хорооны хурлаар Хүний эрхийн үндэсний комиссын 13 дугаар илтгэлийг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж