Тэрэлжээс хууль бусаар мод бэлтгэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Тэрэлжээс хууль бусаар мод бэлтгэсэн үү?

Горхи, Тэрэлж байгалийн цогцолборт газраас хууль бус мод бэлтгэсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Мэдээллийн дагуу өчигдөр БОНХАЖЯ, ЦЕГ, МХЕГ болон иргэний нийгмийн зөвлөлийн төлөөллүүд газар дээр нь очиж шалгалт хийсэн. Шалгалтаар ойн цэвэрлэгээ хийх эрх бүхий компаниуд хууль бусаар мод бэлтгээгүй, дүрэм журмын дагуу огтлох ёстой хөгширсөн, шатсан мод тээвэрлэснийг тогтоосон. Харин олон нийтэд ийн ташаа мэдээлэл түгэх болсон шалтгаан нь ойн цэвэрлэгээний хүрээнд огтолсон модыг нийслэл рүү тээвэрлэх маршрутаас үүдэлтэй ажээ. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас дөчөөд жилийн өмнөөс тээвэрлэж ирсэн Улиастайн замаар модны тээвэрлэлт хийлгэхгүй. Харин Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын замаар нийслэл рүү мод тээвэрлэхийг шаардсантай холбоотой гэнэ. Үүнээс болж одоогийн байдлаар нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн байгаль хамгаалагчийн постонд УРАЛ-31 машинд авчсан 37 тэвш хуурай мод 14 хоног саатаад байгаа ажээ.

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын замаар мод тээвэрлэхэд өртөг зардал ихтэйгээс гадна осол аваар гарах өндөр эрсдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр метрийн өндөртэй мод ачсан машинууд олон гол горхи, даваа гүвээ давж 140 км замыг туулсны эцэст нийслэлд ирдэг ажээ. Үүнээс гадна тээвэрлэлтийн бус нарийн замаар мод тээвэрлэх нь аялагч зугаалагч нарт аюул учруулах, хучилттай замыг эвдэлж сүйтгэх, цаг агаар дулаарч байгаа үед гол горхи цөмөрч хүнд даацын машинууд осолдох, жолооч нь эндэх зэрэг олон сөрөг дагавартай юм байна. Тиймээс тус газарт ойн цэвэрлэгээ хийх эрх бүхий хоёр компани дээрх замаар явахаас татгалзаж, богино маршрут буюу Улиастайн амаар шууд нийслэл рүү цэвэрлэгээний хүрээнд огтолсон модоо оруулах сонирхолтой байдаг ажээ.

БОНХ-ийн сайд С.Оюуны 2014 оны аравдугаар сарын 31-ний өдрийн А-382 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Горхи,Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ойн цэвэрлэгээний огтлолтоор 200 га талбай цэвэрлэж, 4000 шоометр түлээний болон хэрэглээний мод авах шийдвэрийг гаргасан байдаг. Энэ хүү шийдвэрийг үндэслэн Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд таван компани сонгон шалгаруулалтад орсноос “ЭБАА” ХХК, “Төв ой-ан” ХХК ойн цэвэрлэгээ хийх эрх авчээ. Уг хоёр компани Баянзүрх уулын өвөрт ой цэвэрлэх үйл ажиллагаа эхлүүлээд 10 гаруй хонож байгаа юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан эл асуудалтай холбогдуулан шалгалт хийсэн ажлын хэсэг буюу Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар дээрх цэвэрлэгээний хүрээнд огтолсон мод тээвэрлэх маргаантай асуудлыг шийдвэрлэж, богино маршрут буюу Горхи, Тэрэлжээс шууд Улиастайн амаар нийслэл рүү тээвэрлэлт хийх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.

Мөн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зөвлөлийн шийдвэрээр БОНХАЖЯ, нийслэлийн БОНХ-ийн газар, иргэний зөвлөлийн хамтсарсан гурвалсан гэрээ байгуулж, 14 хоногийн хугацаанд Улиастайгаас орж ирэх Шархадны эцэст туршилтын пост байгуулахаар боллоо.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж