Манай үеийнхэн намайг “Нийгмийн хонгор” гэж хочилдог байлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Манай үеийнхэн намайг “Нийгмийн хонгор” гэж хочилдог байлаа

МБХ-ны тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягтай ярилцлаа.

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан. Энэ жил өнөтэй сайхан өвөл болж байна шүү.

-Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий өнгийг хэрхэн харж байна вэ?

-Жил ирэх тусам сонирхол татам сайхан болж байна. Сондгой тоогоор төгссөн жилд Азийн АШТ, ДАШТ болдог болохоор тамирчид энэ тэмцээд тун сайн бэлтгэжээ. Хэн түрүүлэхийг урьдчилан хэлэхийн арга алга. Мөн зуны олимпийн наадмын өмнөх жилийнх гэдгээрээ ач холбогдол нь арай далайцтай болж байна. Эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд олон сайн тамирчин тулалдаж байгаагаас боксын спорт ямар түвшинд хөгжиж буйг харж болохоор байгаа юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Ц.Отгон-Эрдэнэ нарын тулааныг үзсэн биз дээ. Ямар сайхан өрнөв дөө. Энэ мэт ширүүн тулаан олон гарах янзтай.

-Ц.Отгон-Эрдэнэ таны шавь байх аа?

-Тийм. Шавь маань ялагдсан ч эцсээ хүртэл тулалдлаа. У.Мөнх-Эрдэнэ аргагүй өндөр туршлагатай, шаргуу сайн тамирчин.

-Таны энэ спорттой холбогдсон дурсамжийг сонирхмоор байна?

-1961 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн стадионд Монголын бүх ард түмний анхдугаар спартикиад болоход боксын тэмцээнд нь Сүрэнжав жижиг биетэй нөхөр жингийнхээ биерхүү тамирчдыг толгой дараалан ялсан нь миний санаанаас ер гаргадагүй юм. Би тэр тэмцээнийг анх хармагцаа боксын спортод сэтгэл татагдсан. Тэр мөчөөс боксын тэмцээн уралдаан болох сургаар байнга үзэх болсон. Тухайн жилийн өвөл “Хоршоолол” нийгэмлэгийн боксын дугуйланд гавьяат дасгалжуулагч Б.Мишигдоржийн удирдлага дор анх удаа бэлтгэл хийж билээ. Удалгүй “Хоршоолол”, “Хөдөлмөр” нийгэмлэгийн уулзалт нөхөрсөг тэмцээн болоход би 51 кг-ын жинд Монголын бүх ард түмний анхдугаар спартикиадын мөнгөн медальт Т.Ганбат гэдэг залуутай тулалдах болов. Гурван үе эн тэнцүүхэн тулалдаж ялагдсан ч ах нараас урмын үг харамгүй хүртсэн. “Хоршоолол” нийгэмлэгийн орлогч дарга асан Намдагсүрэн гуай туршлагатай тамирчинтай сайн тулалдлаа хэмээн надад боксын гуравдугаар зэргийн үнэмлэх олгосон. Би тухайн үед 15 настай байлаа.

-Анхны медалиа ямар тэмцээнээс хүртсэн бэ?

-1963 онд Монголын бүх ард түмний II спартикиад болоход 60 кг-ын жинд түрүүлсэн бөгөөд алтан медаль хүртэх замдаа Дашдорж, Барс, Батхүү, Гомбо нарыг ялснаа санаж байна. Би “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч Б.Сэрээтэрийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг байсан.

-Дараа нь боксын хэдэн жил завсарласан бил үү?

-Тийм ээ. 1964-1967 онд завсарласан. Боксын дугуйлангууд хаалгаа барихад тун хэцүү, нойр хүрдэггүй байсан. Тэр үед “Хүнд бээлий” гэдэг кино үзэж сэтгэлээ дэвтээсэн дээ (инээв).

-Боксын дугуйлангуудыг хаах болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Хожим сонсоход зарим ахмад тамирчин тавьтаргүйтэж, хэл ам нэлээн таталсанаас БХЯ-ын сайд асан Я.Дорж гуай тушаал гарган бүх дугуйланг хаасан гэдэг. Мөн түүний хүүхэд тухайн үед боксоор хичээллэж байгаад нэг өдөр нүүр нүдгүй балбуулснаас үүдэж боксын дугуйлан гэнэт хаагдсан юм.

-Б.Олзот багш 1967 онд боксын спортыг сэргээсэн тухай яригддаг. Тэр үнэн үү?

-Б.Олзот багш 1966 онд ЗХУ-ын Москвагийн БТДС-ийн багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсч, дараа жил нь (1967 онд) бокс тоглох сонирхолтой хэдэн залуу цуглуулж энэ спортыг хөл дээр нь босгосон түүхтэй. Би тэдний нэг.

-Бокс дахин сэргэхэд та их баярласан байх?

-Хэлээд юу гэх вэ, их баярласан.

-Таныг Азийн АШТ-ээс (1971 онд) алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр цагаас хойш 44 жил өнгөрчээ…

-1971 оны есдүгээр сард Ираны Тегеран хотод боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ болоход Б.Олзот багш намайг рингэд авч гарсан. 60 кг-ын жинд долоон тамирчин тулалдахад би эхний тойрогт хийлж, дараа нь Израиль, Тайланд, Энэтхэгийн боксчдыг ялсанаар Монголын спортын салбараас Азийн АШТ-ий анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Намайг Азийн аварга болоход төр засгаас 3000 төгрөгөөр шагнасан нь тухайн үед их санагдсан ч одоогийнхтой харьцуулахад бага байж.

-Тухайн жил таны бэлтгэл сургуулилт онцгой сайн байсан гэж хүмүүс ярьдаг?

-Би 1971 оны долодугаар сард Монголын бүх ард түмний IV спартикиадад түрүүлж дараа нь Сөгнөгөрийн амралтанд 45 хоногийн цугларалтад хамрагдсан. Тэр цугларалт их өгөөжтэй болсон. Тегираны рингэнд алтан медаль хүртэхэд үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрсөн. Нулимсаа барьж дийлээгүй. Миний амьдралд тохиосон хамгийн дурсамжтай мөч юм даа.

-Та тэр жилээ Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн байх аа?

-Тийм ээ. 1971 оны аравдугаар сард Ардын их хурлын тэргүүлэгч гишүүн Готов гуайгаас гавьяат тамирчин цол, үнэмлэх хүртсэн. Тэр өдөр дархан аварга Х.Баянмөнх гавьяат тамирчин, С.Магсар, Б.Олзот багш нар гавьяат дасгалжуулагч цол хүртсэн. Багштайгаа нэг өдөр гавьяат болох сайхан байсан.

-Та Мюнхений олимпийн наадамд тулалдсан тухайгаа яриад…

-Би нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Аргентины тамирчныг ялж, гуравдугаар тойрогт Болгарын П.Цевитковт 2:3-аар ялагдсан. Үнэн хэрэгтэй би түүнийг хүнд цохилтоор унагаж, тоолуулахад шүүгч эсрэг талд ялалт өгчихсөн юм. Хэрэв шүүгч зөв шүүсэн бол би дараагийн даваанд Колубын боксчныг ялж хүрэл медаль хүртэх байсан. Шүүгчгүй орны зовлон гэдэг чинь энэ байхгүй юу. Жингийнхээ бүх өрсөлдөгчийг сайн судалсан болохоор медаль хүртэх бат итгэлтэй байсан.

-Тэгвэл дөрвөн жилийн дараа болсон “Монреаль-76” зуны олимпийн наадмаас медаль хүртэх боломж байсан уу?

-Өндөр амжилт үзүүлэх хамгийн боломжтой нь Мюнхений олимп байсан.

-Монреалийн олимпод Б.Олзот багш тантай хамт явсан уу?

-Багш маань удирдлагуудтайгаа хэл ам ойлголцоогүйгээс ажлаасаа чөлөөлөгдөөд байсан юм. Би Монреалийн олимпод маш хатуу сугалаа татсан л даа. Тэгээд ч бокс тоглохоо больж явсан үе.

-Спортын хүрээнийхэн таныг “Серий” гэж дуудах юм билээ. Энэ таны хоч уу?

-Үгүй. Боксынхон угсруулсан цохилтыг тэгж нэрийддэг юм. Би ид үедээ угсруулсан цохилтын техниктэй боксчин байлаа.

-Таны үеийн боксчид ямар түвшинд бэлтгэл сургуулилт хийдэг байв?

-Одоогийн тамирчидтай харьцуулахад арай илүү цагаар бэлтгэл хийдэг байсан шиг байгаа юм. Манай боксынхон холын зайд сайн гүйдэг байсан. Би үеийнхнээсээ хамгийн сайн гүйдэг нь. Манай үеийнхэн намайг “Нийгмийн хонгор” гэж хочилдог байлаа шүү дээ.

-Гавьяат тамирчин Р.Отгонбаяр, Г.Батбилэг нар таныг залгаж гарч ирсэн үү?

-Тэр хоёр 60 кг-ын жинд миний халааг авсан нь үнэн. Мундаг боксчид.

-Та 1976 онд боксын эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Энэ үед Монголын боксчдоос анхны гэх тодотголтой олон амжилт энэ үеээс ар араасаа төрсөндөө…

-Монреалийн олимпоос ирээд боксын эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч болсон. 1976-1990 онд 14 жил ажилласан. Энэ хугацаанд В.Батбаяр багш бид хоёрын бэлтгэсэн шавь нар олон мундаг амжилт гарсан. 1982 онд Германы Мюнхен хотод болсон ДАШТ-д 57 кг-ын жинд Равсалын Отгонбаяр мөнгөн медаль хүртсэн. Би тэр тэмцээнд яваагүйн учир нь тухайн үед олон улсын тэмцээн, уралдаанд хоёр дасгалжуулагч явуулдаггүй байлаа. Тэгээд гавьяат дасгалжуулагч В.Батбаяр гуай Р.Отгонбаярыг рингэнд авч гарсан юм. Би Р.Отгонбаярынхаа бэлтгэл сургуулилтыг маш сайн хангасан болохоор тэр хэмжээний амжилт үзүүлнэ гэж шавьдаа найдсан. Миний итгэлийг алдаагүй. Би түүнийг медаль хүртсэнийг сонин хэвлэлээс анх сонсоод тун их баярлаж билээ. Тэгээд түүний халааг гавьяат тамирчин Нэргүйн Энхбат авсан. Тэрбээр Сөүлийн зуны олимпийн наадамд Монголын боксчдоос анхны хүрэл медаль хүртсэн. Н.Энхбатыг рингэнд авч гарсан дасгалжуулагч нь гавьяат дасгалжуулагч В.Батбаяр бид хоёр. Н.Энхбат бол агуу, мэдрэмжтэй, дайчин, сайн тулаанч. Ховорхон төрөх авьяаслаг боксчин. Араас нь миний гарын шавь гавьяат тамирчин Намжилын Баярсайхан Барселоны зуны олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Ер нь намайг шигшээ багт дасгалжуулагчаар ажилласан 14 жилийн хугацаанд ДАШТ-ээс Р.Отгонбаяр мөнгө, Э.Цогтжаргал хүрэл, Азийн АШТ-ээс Н.Баярсайхан хоёр, Г.Батбилэг, Р.Отгонбаяр, Н.Энхбат нар тус бүр нэг удаа алтан медаль хүртэж, ОУХМ цолтой 30 гаруй, спортын мастер цолтой 100 гаруй шавь тамирчин төрж гарсан. Нийтдээ 700 гаруй шавьтай хүн.

-Сөүлийн зуны олимпийн наадамд Ц.Амаржаргал луйвардуулсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Канадын боксчинтой хийсэн тэр тулаанд уг нь Ц.Амаржаргал өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаж, шүүгч манай талд ялалт өгсөн. Тулаан тун сонирхолтой болсон бөгөөд хоёр боксчин хэн хэнийгээ ээлж дараалан унагаад л байсан. Канадын боксчин манай хүнийг гурав, Ц.Амаржаргал түүнийг хоёр унагасан юм. Тэр тулаанд шүүгчийн нөлөө яах аргагүй орсон. Шүүгч Ц.Амаржаргалыг ялсан гэж зарласан бөгөөд эсрэг талын дасгалжуулагч протест бичиж шалгуулахад Шүүгчдийн зөвлөл хоёр тамирчныг хасах шийдвэр гаргасан. Шүүгчдийн шийдвэрт Канадын шүүгч их нөлөө үзүүлсэн бөгөөд ашиг сонирхолын зөрчилтэй шүүлт болсон.

-Тухайлбал?

-Хэрэв тэр тулаанд Ц.Амаржаргалыг эхний шүүлтийн дүнгээр ялсан гэдгээр нь шийдвэрлэсэн бол хүрэл медалийн төлөө Канадын боксчинтой таарах байсан. Ц.Амаржаргал тэр Канад нөхрийг хөнгхөн гэгч нь машиндаад хүрэл медаль хүртэх байлаа. Канадын боксчин манай Амараад өмнө нь ялагдсан болохоор эмээж байсан болов уу. Тэгж бодоод Канадын шүүгч тэр шүүлтэд их багаар нөлөөлсөн.

-Та 1990 онд Өвөрмонголд дасгалжуулагчаар ажилласан. Яагаад шигшээ багаас гарсан бэ?

-1990 оны Азийн АШТ БНХАУ-ын Бээжин хотод болоход эрэгтэйчүүдийн шигшээ багийн 10 тамирчны ес нь медальд хүрсэн. 60 кг-ын жинд Н.Баярсайхан, 63.5 кг-д Н.Энхбат, 48 кг-д О.Дэмбэрэл мөнгө, 54 кг-д Н.Алтанхуяг, 57 кг-д С.Эрдэнэбат, 67 кг-д С.Алтансүх, 71 кг-д Х.Гантулга, 75 кг-д Б.Алтангэрэл, -81 кг-д Б.Ганзориг хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээний үеэр Өвөрмонголын боксын холбооны дасгалжуулагч залуу надад хамтран ажиллах санал тавьсан бөгөөд тухайн үед МБХ хуралдаж намайг Өвөрмонголд ажиллуулахаар болсон. Би Өвөрмонголд есөн жил ажиллахдаа олон сайн тамирчин гаргасан. Өөрийгөө магтаж байгаа юм биш, урд хөршийн боксын спорт тухайн үед ямар түвшинд байсныг хүмүүс мэднэ. БНХАУ-ын боксын спорт илт сэргэсэн. Одоо урд хөршийн боксчдод хүрээгүй амжилт гэж алга.

-Тэнд ажиллах хугацаандаа Монголынхоо боксчидтой хэр холбоотой байсан бэ?

-Монголын нийгэм тэр аяараа хүнд байсан үе. Олон улсын тэмцээнд явах замын зардал, хувцас хэрэглэл зэрэгт чадах ядахаараа тусалдаг байсан.

-Та хэдэн юаний гэрээ байгуулсан бэ?

-Эхлээд 1000 юан, ганц хоёр жилээс 1500 болсон. Дээд тал нь 5000 юаний цалин авсан даа. Хоёр орны хамтарсан бэлтгэл сургуулилт хийж, их зуучилсан. Өвөрмонголчуудад манай боксчдын ур чадвар, манайханд тэдний хангамж хэрэгтэй байсан хэрэг. Нэг жишээ дурдахад гавьяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэн 1997 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн жилээ Өвөрмонголд гурван удаа очиж бэлтгэл хийсэн. Өвөрмонголын шигшээ багийн хангамж өндөр байсан нь Үүеэгийн бэлтгэл сургуулилтад сайнаар нөлөөлсөн.

-Т.Үйтүмэнгээс хойш Монголын боксын спорт хэсэг уналтад орсон. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Үнэхээр тэгсэн. Үүнд улс эх орны эдийн засгийн байдал нөлөөлсөн байх. Спорт бол улсын түрийвчнээс шууд хамааралтай зүйл.

-Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн үед Монголын бокс сэргэсэн гэвэл санал нийлэх үү?

-Үүнийг надаар хэлүүлэлтгүй бүх хүн мэдэж байгаа. Д.Банди багш тамирчдын бэлтгэл сургуулилтыг маш нарийн тохируулдаг мундаг дасгалжуулагч. Тухайн үеийн МБХ-ны ерөнхийлөгч Д.Цогбаатарын хийж хэрэгжүүлсэн ажлыг манай боксчид үеийн үед мартаж болохгүй. Боксын спортод их сэтгэл, зүтгэл гаргасан буянтай хүн.

-Өндөр хэмжээнд бэлтгэгдсэн тамирчидтай ажиллахад урамтай биз?

-Хэлж зөвлөснийг ягштал биелүүлдэг нь сайхан ч бусдаар бол хэцүү. Өндөр хэмжээний хэмнэлтэй цохилтын доргилт хүний эрүүл мэндэд тун халтай. Боксын дасгалжуулагчийн ажил бол маш хүнд хөдөлмөр. Шигшээ багийн тамирчдаас хамгийн сул цохидог нь 180 кг-ын хүчтэй доргилт үүсгэдэг. Хүнд жингийнхэн 350-400 кг жингийн хүчтэй цохьдог. Нас дээр гарахаар хуян хөөрч, үе мөч өвдөх зэргээр сөрөг нөлөө мэдрэгддэг.

-Та одоо лаап барьдаг уу?

-Яаж зүгээр суух вэ. Хэдэн хүүхэдтэй бэлтгэл хийдэг.

-Одоогийн боксчдын давуу болон сул тал нь юу байна вэ?

-Намайг дасгалжуулагч байхад боксчид бэлтгэлийг яс хийдэг байсан. Бас тэсвэр хатуужилтай. Гэтэл сүүлийн үеийн хүүхдүүд дэндүү нялцгай байна. Ачаалал даахгүй сөхрөөд уначих юм.

-Монголын боксчид 50-60 кг-ын жинд арай өндөр амжилт үзүүлдэг. Хүнд жинд сайн тамирчин гарахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Монгол хүний өндөр амжилт үзүүлэх боломжтой хамгийн гоё жин нь 50-60 кг мөн. Гэхдээ хүнд жинд монгол хүн амжилт үзүүлэх боломжгүй гэж ойлгож болохгүй. Гол гацаа нь хүнд жинд амжилт гаргах боломжтой сор хүүхэд залуус нь үндэсний бөх хөөгөөд явчихдаг.

-Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Бразилын Рио-де-Жанейро хотод зуны олимпийн наадам болно. Манай боксчид энэ олимпод амжилтаа давтах болов уу?

-Би боксчиддоо үргэлж итгэдэг, одоо ч итгэж байна. Тэд чадна. Хамгийн гол нь олимпийн эрх олгох тэмцээнээс олон эрх хүртэх нь чухал. Д.Банди бид хоёр чадах ядахаараа туслах болно.

-Боксын спорт танд юу өгсөн бэ?

-Алдар нэр, сайхан хамт олон. Би энэ спортыг сонгож хичээллэсэндээ баяртай байдаг.

-Та хэдэн хүүхэд вэ?

-Хоёр охин, нэг хүүтэй.

-Танай хүүхдүүд боксоор хичээллэдэг үү?

-Бокст сонирхолгүй болохоор албадаж болохгүй юм даа.

-Ингэхэд та тэмцээн шүүж байсан уу?

-Би Азийн АШТ шүүж байлаа. Тухайн үед шүүгч нар одны зэрэглэлгүй байсан.

Д.ЖАВХЛАН

Эх сурвалж: "СПОРТЫН ӨНГӨ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж