Ж.Бат-Эрдэнэ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурахад бэлэн

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“ФЕЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТАРЧ СОШИАЛЫГ ЦЭГЦЭЛНЭ

Нийгмийн сүлжээн дэх хортой контентыг хязгаарлах чиглэлээр улс орнууд ямар зохицуулалт хийдэг, Монголд эрх зүйн орчин ямар байна вэ зэрэг асуудлыг хөндөж, Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернет суурилсан үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Батболдтой ярилцлаа.

-Монголд нийгмийн сүлжээ хүчтэй хөгжиж байгаа ч сөрөг тал нь давамгайлах дүр зураг харагдах боллоо. Улс орнуудтай харьцуулахад бид хөгжлөөр хаана нь явна вэ?

-Монгол Улсад харилцаа холбооны салбар өндөр төвшинд хөгжиж байна. Дэлхийн үзүүлэлтээр дунджаас дээгүүр төвшинд эрэмбэлэгддэг. 2018 онд гаргасан статистикаар гар утас хэрэглэгч 4 сая, интернет хэрэглэгч 3.1 сая, фейсбүүкийн 2.1 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар өнгөрсөн есдүгээр сард Фейсбүүк компанийн Ази Номхон далай хариуцсан захирал Монголд ирж ажиллах үеэр нэгэн судалгаа танилцуулагдсан нь Монгол Улсын фейсбүүк хэрэглэгчийн хүн амд ногдох харьцаа, интернетийн үнэ, орлогын төвшинтэй нь харьцуулсан үзүүлэлтээр Азидаа нэгдүгээрт орсон. Энэ нь нэг талаасаа фэйсбүүкийн өндөр хэрэглээтэй болсныг харуулах ч нөгөө талаасаа мэдээллийн аюулгүй байдлын тухайд эмзэг байгаагаа харуулсан.

фейсбүүкт олон давуу тал байгаа ч хэрэглээг дагаж гарсан дутагдалтай талууд нь Монголын хэрэглэгчдийн дунд хүчтэй илэрч байна. Тухайлбал, хуурамч хэрэглэгч, зүй бус контент гээд олон зүйлийг нэрлэж болно.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2044160 линкээр үзэх боломжтой.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЗАСГИЙГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй улс төрийн хүрээнд өрнөж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа.

Эрх баригч намын дотоод зөрчлийн асуудал өнөөдөр улс төрийн хүрээний гол асуудал болчихоод байна. Намын бүлэг дотроо болж буй үйл явцыг та хэрхэн  дүгнэж байна вэ?

-Намын Удирдах зөвлөлийн /УЗ/ хурлаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан  нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох талаар тодорхой шийдвэрүүд гарах болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл үндсэндээ сум нь байгаагаа оносонгүй. УЗ-ийн хурлаар бүлгийн дарга, УИХ-ын дарга, хотын дарга гурвыг огцруулах асуудал л яригдлаа. Үнэндээ, хотын дарга муу ажилласан гэж дүгнэхэд тун бэрх. Утаатай тэмцэх гэж хаа хаанаа л аргаа барж байгаа нь үнэн. Хоёрдугаарт, УИХ-ын даргыг огцруулах асуудал нь  хуультай. УИХ-ын дарга огцрох өргөдлөө өөрөө өгсөн эсвэл Үндсэн хууль зөрчсөн зэрэг тодорхой шалтгаануудын улмаас УИХ-ын дарга ажлаа өгөх ёстой. Хэрэв УИХ-ын даргыг муу ажилласан гэж үзвэл УИХ хүртэл өөрөө муу ажилласанд тооцогдоно. Энэ талаас нь авч үзвэл, УИХ хангалттай сайн ажиллаж байгаа. Өмнөх парламентуудтай харьцуулахад харьцангуй олон хуулийн төсөл баталж, ажил хэрэгч парламент гэж би дүгнэнэ. Харин бүлгийн даргын хувьд  намын даргаа шүүмжилсэн гэдэг үндэслэлээр л  огцроход хүрсэн болов уу.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2045819/ линкээр унших боломжтой.

“ЖОЛООЧ НАР БИ ГЭСЭН ҮЗЛЭЭ ХАЯХ ХЭРЭГТЭЙ”

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн хэрэгжилтийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.

–Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм  хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Дүрмийн хэрэгжилт хэр байна вэ?

-Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм мөрдөгдөж эхлэхээс өмнө олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээллийг хүргэсэн. Дүрэм  мөрдөгдөөд 16  хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд чамлахааргүй өөрчлөлт гарсан. Учир нь, дүрэм хэрэгжиж эхлэхийн өмнөх өдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 340 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Харин арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 210 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс харахад жолооч нар  их бага хэмжээгээр шинэ дүрмийн талаар ойлголттой байгаа нь харагдаж байна. Гэхдээ дадал хэвшил суухгүй байна уу даа гэж харж байна. Тээврийн цагдаагийн албанаас хамгийн эхний ээлжид замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг шинэчилсэн дүрмээ дагаж мөрдөхгүй байна гээд торгож шийтгэхээс илүүтэйгээр анхааруулах сануулах арга хэмжээг авч ажиллаж байна. Хэрэв тухайн жолооч дахин дүрэм зөрчих  юм бол сануулахаас илүү арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэхдээ бусад жолооч нар эхний удаа дүрэм зөрчихөөр торгохгүй анхааруулаад өнгөрөх юм байна гэж ойлгож болохгүй. Нийслэлд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 350 мянга нь өдөр тутам хөдөлгөөнд оролцож байгаа. Эдгээр жолоочийн 90 орчим хувьд нь замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн талаар мэдээлэл авсан гэсэн судалгаа бий.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2046468/ линкээс унших боломжтой.

Э.БААТАРЦОГТ: ЦААШИД 1072 ХУВЬЦААНЫ ҮНЭ ӨСНӨ

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө мэндэлсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Одоогоор тус хувьцааг 2.5 сая иргэн эзэмшдэг байна. Харин 2012 оноос хойш төрсөн хүүхдэд эл хувьцааг ирэх онд олгох уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн харъяа 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос дараах зүйлийг тодрууллаа.

-2012 оноос хойш мэндэлсэн хүүхдэд 1072 хувьцааг олгох уу. Ирэх оноос олгохгүй гэсэн мэдээлэл байна?

-Засгийн газар шийдвэр гаргана.  2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцааг олгохгүй гэж шийдээгүй. Тухайн үед хувьцааг 2011, 2012, онд 536, 536-аар хувааж иргэдэд олгосон. Тасалбар олгосон нь хоёр сая 900 мянган иргэн байсан. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрөөр хувьцааг тасалсан. Засгийн газар дээрх оноос хойш төрсөн иргэдэд өөрийн эрх мэдлийн хувьцаанаасаа хувь өгөх эсэхийг шийднэ. Дахин 2019 юм уу 2020 оноор тасалбар болгон хуваана гэсэн үг. Ингэж шат дараатай шийднэ. Хугацааг хэзээ гаргах нь тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2045004/ линээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж