Р.Даваадорж Эдийн засгийн ухааны доктор/Ph.D/
2019 оны Монгол улсын төсөв өргөн барьж, Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэллээ. Жил бүрийн төсөв өргөн барих үеэс эхлэн батлагдах хүртэл өрнөдөг байдал хэвээрээ. Төсвийн хуулийн зөрчлүүд, тойрогтоо их хөрөнгө төсөвлөсөн болон чухал асуудлын санхүүжилтыг суулгаагүй… гэх мэтээр хэл ам татласан олон асуудал сөхөгдөж, төсөв өргөн барьсан Сангийн сайд нь элдэв тайлбар хийн_ бултаж сууна. Энд хэн уран гоёор олны сэтгэл татах үндэслэл ярьсан нь тодорч харагдах ёстой юм шиг. Хэн нэгэн чухал асуудал хөндсөн ч олны анхаарлыг татахгүй тэгсхийгээд намжих аж.
Аливаа төсөв тухайн улсынхаа эдийн засгийн нөхцөл байдалтай сайтар уялдсан байх учиртай. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүтэцтэйгээ зохицон эдийн засгийн үйл ажиллагааны өмнөхөд үнэлэлт өгсөн, ирээдүйд чиглэсэн төсвийн тухай л яриад байгаа хэрэг.
ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ
Монгол улсын эдийн засаг 2003 оныг хүртэл хөдөө аж ахуй зонхилсон бүтэцтэй байсан бол түүнээс хойш дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ эрс нэмэгджээ. Өдгөө Монгол улсын экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн эрдэс бүтээгдхүүн бүрдүүлээд зогсохгүй ДНБ-ий тал хувийг бий болгоход оролцдог. Тэр дундаа нийт экспортын /гаднын хатуу валют олдог/ 80 хүртэл хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт, бууралтад уул уурхайн эрдсийн, ялангуяа зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ ханш асар их нөлөө үзүүлнэ. Эрдэс бүтээгдхүүний үнэ ханш эрэлт нийлүүлэлтээс хамаарч өсөж, буурдаг тул бидний үйл ажиллагаанаас огт хамаардаггүй. Үүнийг эдийн засагчид мөчлөг гэж нэрлэнэ. Бид уул уурхайн эрдэс бүтээгдхүүн экспортлож орлого олж байгаа нөхцөлд мөчлөг гэдэг ойлголтоо ухаарч, уялдаж ажиллаж сурах ёстой.
МӨЧЛӨГ ГЭЖ ЮУ ВЭ?
Эдийн засгийн үйл ажиллагаа нь цаг хугацааны явцад нэг идэвхжиж, нэг буурч байдаг бөгөөд үүнийг эдийн засгийн мөчлөг буюу хэлбэлзэл гэнэ. Макро эдийн засгийн үзүүлэлтүүийг харвал тэдгээр нь тодорхой хугацаанд хэлбэлзэлтэй байдаг. Энэ талаар уул уурхайн орны төлөөлөл болох Монгол улсын өнгөрсөн өнөөгийн хэсэг хугацааг харвал илүү тодорхой болно.
2008-09 онд бий болсон глобал санхүү, эдийн засгийн хямралын дараа түүхий эдийн үнэ огцом сэргэж, Монгол улсын эдийн засаг 2009 оны сүүл үеэс эрчтэй өслөө. Үүнтэй зэрэгцэн уул уурхайн томоохон төслүүд хэрэгжсэнээр (Оюутолгой, г.м), гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэв. 2011 оноос Хятадын эдийн засаг идэвхжих үеэр гаднаас авдаг нүүрсний дийлэнхи хувийг эзэлдэг Австралид үер бууж, уурхайнууд нь хаагджээ. Ийнхүү Монголын нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ ханш нь өсөж улмаар манай эдийн засаг 17,3 хувь хүртлээ тэлж байжээ.
2012 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, эдийн засгийн өсөлт саарч эхлэв. Зэсийн жилийн дундаж үнэ 2011 онд 9000 ам.доллар хүрч байснаа, 2014 онд 7000 ам.доллараас доош уруудаж, 120 ам.доллар хүрч байсан нүүрсний ханш 3-4 дахин унаж эхэлжээ. 2011 онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрсэн нүүрсний борлуулалт 2015 онд ердөө 556 сая ам.доллар болж буурлаа. Ийнхүү экспортын орлогын хомсдол үүсэхэд Монгол улсын эдийн засаг огцом агшиж, ДНБ-ний өсөлт огцом унах, ажилгүйдэл эрс нэмэгдэж 160 орчим мянган ажлын байр алдах зэргээр санхүүгийн тогтворгүй байдалд бодит аюул нүүрлэв. Эндээс манай улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх эрдсийн үнэ ханшаас шууд хамааралтай байгааг тодорхой харж болох юм.
ТӨСВӨӨ МӨЧЛӨГТЭЙГЭЭ УЯЛДУУЛАХ ЁСТОЙ
Монгол улсын эдийн засагт тулгардаг эрсдлүүдийн эхэнд эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотой нэмэгдэх орлогоо дагасан төсвийн зардлын тэлэлт орно. Эрдэс баялгийн үнийн огцом уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлээс илүүтэй ЗАРДЛЫН ӨСӨЛТ манай эдийн засгийг сөхрүүлдэг. Монголд 2010 оноос гэнэт олдсон орлогын хэрээр Монгол улс зардлаа өсгөж, олсны хэрээр үрж эхэлсэн байдаг. 2010 онд төсвийн зардал 70 хувь, 2011 онд бараг хоёр дахин өсчээ. Эдийн засаг огцом өсөлттэй, орлоготой жилүүдэд Хятадын төрийн өмчит Чалко компаниас зээл авч, Евро бонд босгож байв. Энэ нь хямралын үед гадаад сөрөг шокыг зөөлрүүлэх нөөц боломжгүйд хүргэж, байсныг мартах ёсгүй.
Харин өнөөдөр эдийн засаг өсөж байгаа гэдэгтэй бүгд санал нийлнэ. Учир нь уул уурхайн эрдсийн үнэ ханш 2012-16 онуудтай харьцуулахад 2-4 дахин өсчихөөд байна. Гэтэл өнөөгийн эрх баригчид уналтын мөчлөгийн бодлого шүүмжлэхээс өөр ажил хийлгүй 2 жил боллоо. Мөчлөг хаана байгаагаас шалтгаалж бодлого ч тэс өөр байх учиртай юм. 2013-14 он 2017-18 онуудын эдийн засгийн өгөгдөлүүд тэс өөр. Иймээс хэрэгжүүлэх бодлого ч өөр байх учиртай. Бид уул уурхайн улс болоод (гаднаас олдог валютын 90%) удаж байна. Энэ нь сайн, муу гэдгийг маргах цаг олдоно. Өнөөдрийн бодит үнэн энэ. Түүхий эдийн үнэ сайн байгаа үед хуримтал, уул уурхайн хамаарлаа багасгах бодлого хэрэгжүүлэх учиртай. Тэр нь өргөн барьсан төсөвт нь сууж өгөх учиртай.
Төсвийн нийт орлогыг 2018 оныхтой харьцуулахад 3 их наяд 204 тэрбум төгрөг буюу 40,7 хувиар нэмэгдүүлж 11,067.0 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Санхүүгийн шинэ эх үүсвэр нэмэгдээгүй харин уул уурхайн хараат байдлаа улам нэмжээ. Ирэх жил уул уурхайн салбарын орлого 2018 оны батлагдсан дүнгээс 1,3 их наяд төгрөгөөр нэмэгдэж 3.0 их наяд төгрөгт хүрэх аж. Нэгдсэн төсвийн 2019 оны нийт зарлага ба зээлийн дүнг 11,589.8 тэрбум төгрөг болж эрс нэмэгдлээ. Урсгал зарлагыг 774.9 тэрбум төгрөгөөр буюу 10%, хөрөнгийн зардал 3 их наяд 214 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 66.7% тус тус нэмэгдүүлжээ. Төсвийн орлого 2013 онд таван их наяд байсан бол одоо 11 их наяд болж өссөн. Үүнийг дагаад зарлага нь 2013 онд зургаан их наяд 164 тэрбум байсан бол 2019 оны төсөв 11 их наяд 588 тэрбум төгрөг болтлоо өсөөд байна.
Ийнхүү уналтын мөчлөг ирэхгүй мэт аашлан 2011-12 оныхоо алдааг дахин давтсан төсөв орж ирлээ!!! Эрдсийн үнэ ханш унах үеэр 200 мянган ажлын байрны асуудал босож ирнэ, импортын хэдээ аврах “айхтар асуудал” дахиад л хаалга балбана, авсан бондуудын өр төлбөр шил, шилээ харан хүлээж байгаа. Удахгүй уул уурхайн эрдэс бүтээгдхүүний уналт эхлэнэ!!!!
Уул уурхайн түүхий эдийн ханш мөчлөг даган өгсөж, урууддаг. Хэдийгээр сүүлийн 3 жил ханш өндөр байгаа хэдий ч удахгүй уналтын мөчлөг ирнэ гэдэгтэй эдийн засагчид ч санал нэгддэг. Үүнтэй Монголбанкныхан санал нэг байгаа. 2018 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого УИХ-н тогтоолын төслийг танилцуулах үеэр Монгол Банкны хариуцлагатай ажилтан Ургамалсувд хэвлэл мэдээлийнхэнд ярилцлага өгөхдөө:” Гадаад өр, өрийн үйлчилгээний дарамт манай улсын хувьд харьцангуй өндөр байгаа. Мөчлөг даган өсөж буурдаг уул уурхайн бүтээгдэхүүн маань ерөнхийдөө буурах төлөвтэй байна. Тиймээс дэлхийн зах зээлийн уул уурхайн түүхий эдийн үнэ буурах хандлагатай байгаа” гэж ярьсан. Нүүрсний хувьд ч өндөр эрсдэл бий. Тухайлбал, хилийн боомтууд дээр ачаалал эрс нэмэгдэх, Хятадын зах зээлд нүүрсний хэрэглээг хязгаарлах эрсдэл бодитой оршиж байгаа. Иймд нүүрсний экспортын хэмжээ төдийгүй үнэ ханш нь буурахад гайхах зүйл үгүй.
Холбоотой мэдээ