"Эрчүүд бактерийн хордлогод илүү өртөмтгий"

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

"Эрчүүд бактерийн хордлогод илүү өртөмтгий"

"Эрчүүд бактерийн хордлогод илүү өртөмтгий"

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг  өнөөдөр /2018.11.16/ зохион байгууллаа. Энэ үеэр Анагаахын шинжлэх ухааны доктор М.Туулын судалгаанд дурдсанаар насанд хүрсэн эрэгтэй хүний дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн  дараах шалтгаанууд байна. Тухайлбал,

  •  Цусны эргэлтийн тогтолцооны өвчин
  • Хавдар
  • Гэмтэл, хордлого
  • Хоол шингээх эрхтний өвчин
  • Амьсгалын   эрхтэн тогтолцооны өвчнүүд орж байна” гэжээ.

Хүн амын өвчлөл насны бүтцийн судалгаагаар хүүхэд нэг хүртэлх насандаа чих хөхөнцрийн өвчнөөр эхлэн өвдөж, энэ өвчний давтамж 20-29 насанд хамгийн өндөр байдаг байна. Харин шүд цоорох өвчнөөр 1-4 наснаас өвдөж, 5-9  насанд хамгийн өндөр давтамжтай, 10-14, 15-19, 20-29, насны бүлэгт өвчлөлийн давтамж өндөр байдаг аж.  Монгол Улсын  18-25 насны нийт  залуучуудын эрүүл мэндийн үнэлгээ эрүүлээс эмгэгт шилжих завсрын төлөвт байдаг гэнэ.

Ингээд Анагаахын шинжлэх ухааны доктор М.Туулаас цөөн асуултад хариулт авлаа.

ЭРЭГТЭЙЧҮҮД ӨӨРСДИЙГӨӨ ХАРЬЦАНГУЙ ЭРҮҮЛ ГЭЖ БОДДОГ УЧРААС ЭМНЭЛЭГТ ХАНДДАГГҮЙ

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдал  ямар байна вэ?

-Эрэгтэйчүүдийн  эрүүл  мэнд боловсрол, ажил эрхлэлт, зан үйлтэй холбоотой эерэг сөрөг олон зүйлийг ярьдаг. Гэхдээ дан дангаар нь яриад байдаг.  Сүүлийн 15 жилийн туршид 20-49 насны эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үнэлгээ хотын төв, аймаг сумын төвд ч ялгаагүй эрүүлээс эмгэг төлөвт шилжих буюу завсрын төлөвт тодорхойлогдож ирсэн бол эмэгтэйчүүдийнх хэвийн түвшинд тодорхойлогдож ирсэн. Энэ нь санамсаргүй тохиолдлын үзүүлэлт биш юм. Өнөөдөр Монгол улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 харин эрэгтэйчүүдийнх 64.9 байгаагийн шалтгааныг эндээс харж болохоор байна.

Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн эрүүл  мэндийн байдал бол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Учир нь эрэгтэйчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ өндөр байдаг. Түүнчлэн осол, гэмтэл, архины хэрэглээтэй холбоотой гадны шалтгаант нас баралтад өртөх тохиолдол эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү.  Эрэгтэйчүүд өөрсдийгөө харьцангуй эрүүл гэж боддог учраас эмнэлэгт хандах тал дээр дутагдалтай. Түүнчлэн илүүдэл жин, таргалалттай холбоотой өвчлөл өндөр хувьтай байна.

-Монгол эрчүүдийн нас богино, дундаж наслалт 64  гэж байна. Өвчлөлтөд ч илүү өртөмхий байдаг нь  юутай холбоотой юм бол? 
-Монгол хүүхэд 4-5 насандаа өсөлт хөгжилтийн хоцрогдолд орж байна. Тэр үедээ янз бүрийн өвчинд нэрвэгддэг. Тухайлбал, гүйлсэн булчирхайн болон амны хөндийн, дунд чихний үрэвсэл зэрэг бактерийн гаралтай халдваруудад өртдөг. Үүнийгээ гүйцэд эмчлэхгүй, бие махбодь үрэвсэлтэй явсаар 30 нас хүрэх үед зарим эрхтнүүдэд өвчин үүсгэсэн бактерийн хордлого гарч ирдэг. Үүнд эрэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг нь хувь онцлогтой нь холбоотой. Дэлхийд 45 хүртэлх насны эрэгтэй хүн амын нас баралтаар тухайн улсын хөгжлийн индексийг тодорхойлж гаргадаг. Энэ нь зөвхөн манайд биш 40 гаруй насандаа эрчүүд өвчин тусч, осол гэмтэлд өртдөг учир дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал юм.

-Тэгвэл эрчүүдэд  зонхилон тохиолдох өвчлөлөөс дурдвал?

-Нийт насанд хүрсэн эрчүүдийн дунд өвчлөлийн нэгдүгээрт  зүрх судасны өвчин хавдар гэмтэл амьсгалын замын өвчин ордог. Гэтэл залуучуудын хувьд зонхилон тохиолддог өвчин нь насанд хүрэгчдийнхээс  ялгаатай байдаг. Залуучуудын хувьд нүд, чих, хамар хоолойн өвчин нэгдүгээрт ордог. Харин зүрх судасны өвчин  насанд хүрэгчдийн дунд нэгдүгээрт явж байгаа. Гэтэл залуучуудын дунд  зүрх судасны өвчин  гуравдугаар  шатанд явж байх жишээтэй. Үүнээс харахад монголчууд  хүүхдээ эрүүл өсгөхгүй байгаа гэдэг нь харагдаад байгаа юм. Зургаа хүртэлх насны хүүхдийг  нь  эрүүл өсгөх хэрэгтэй. Учир нь системийнхээ хувьд бүрэн төлөвшөөгүй, тогтолцоо нь бүрэлдэн бий болоогүй учраас нийгэм үүн дээр анхаарал тавих ёстой.

-Сүүлийн үед залуучууд бодбилдингээр хичээллээд маш их  нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд  өвчлөөд байна гэсэн. Энэ талын судалгаа танд бий юу?

Энэ талын судалгаа байхгүй. Ер нь сүүлийн таван жилийн хугацаанд  залуучууд бодбилдингээр  хичээллэх нь эрс өссөн. Гэхдээ нэмэлтээр уураг уухдаа хэт их ачаалалтай үедээ л хэрэглэх хэрэгтэй. Ердийн  дасгал хөдөлгөөний үед хэрэглэхгүй байгаарай гэж хэлмээр байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж