Ц.Нямдорж: Төсвийн хориг З.Энхболдын найруулсан хор

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

LiveЦ.Нямдорж: Төсвийн хориг З.Энхболдын найруулсан хор

Ц.Нямдорж: Төсвийн хориг З.Энхболдын найруулсан хор
19 : 28
2018-11-16

Байнгын хороо: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Төсвийн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны хуралд оролцсон нийт гишүүдийн 75 хувь нь хоригийг дэмжээгүй юм.

Төсвийн хориг хэлэлцэж байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар орж ирсэнгүй хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол шүүмжлэв. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэлээд бухимдсан юм. Тэрбээр төсвийн хориг Ерөнхийлөгчийнх биш З.Энхболдын найруулсан хор гэж шүүмжилсэн юм. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад төсвийн хоригийг хуралд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. 

Т.ДАВААНЯМ

19 : 00
2018-11-16

Ц.Нямдорж: З.Энхболд оо чи хэн бэ

Төсвийн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв. Уг хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Төрийн тэргүүний зүгээс ирэх оны төсөвт яагаад хориг тавих болсон талаар тайлбар өгч байгаа юм.


УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Миний хувьд Ерөнхийлөгчийг буруутгахгүй байна. Та зөв зүйтэй мэдээллээр хангах асуудалд анхаарах ёстой. Гэтэл таны хариултаас харахад тэгж чадахгүй байна. Хүн ярьсан хэлсэн зүйлийнхээ эзэн нь байх хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын бүлгийн 26 гишүүнийг “Та нар байсан ч байгаагүй ч болно” гэдэг байсан. Гэтэл та хориг дээр 42 гишүүн баталсан байна гэж шүүмжиллээ. Засгийн газрын өргөн барьсан төсвийг тэр чигээр нь батлах ёстой гэж байна. Та УИХ-ын дарга байсан хүн шүү. Таны яриагаар бол төсвийг заавал УИХ-аар хэлэлцээд байх шаардлагагүй гэж ойлгож болох уу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Чуулганы танхимд нийт 26 гишүүн байж байгаад хүний кноп дараад төсөв баталсан юм. Б.Чойжилсүрэн гишүүн чуулганы танхимаас гарч ирээд “хүний кноп дарчихлаа” гээд тайлбар хийж байсан.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Х.Баттулгыг гишүүн байсан, сайд байсан, З.Энхболд гишүүн байсан, УИХ-ын дарга байсан. Ийм байж хориг тавьсныг гайхаж байна. Та нар 30 гэр бүл гэж гаргаж ирээд эцэст нь “өөрсдөө ол” гээд орхисон. Хоёрт, гишүүдийн тойрогт хуваарилсан төсвийг “гишүүдийн мөнгө” гээд яриад байх юм. Ямар учиртай юм бэ. Чи ч гишүүн байхдаа тойрогтоо тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд төсөв батлуулдаг байсан. Одоо ч тэр ажил явагдаж байна. Чи УИХ-ын дарга байхдаа “Шинэ сум” төсөлд 35 тэрбум төгрөг өгч байсан. Мартсан уу? Чи Ерөнхийлөгч, парламентын хооронд яс хаядаг хэн бэ.  Чи гишүүнийг өрөөндөө дуудаж ирээд төсөв ярьдаг хэн бэ.  ЖДҮХС гээд яриад байх юм. Мал хамгаалах сантай чиний нэр яаж холбогдож байгааг ярь. Чиний зурагтай, авсан зээлийг чинь гаргаад тавьчихсан байна. Энэ хориг Х.Баттулгын хориг биш ээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ерөнхийлөгч хуулийн зөвлөх авдаггүй юм уу гэсэнд манай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга албан бусаар хуулийн зөвлөх хийдэг гэж хэлж байсан. Ерөнхийлөгч ийм хориг тавьж байгаад би гайхаж байна. Төсөвт бүхэлд нь хориг тавьсан бол гарах гарцыг нь багтааж өгөх ёстой.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Төсвийн байнгын хорооны хуралдаж байгаа байдлыг харахад сэтгэл дундуур байна. Хоригт туссан хэд хэдэн санааг хэрхэн тайлбарлах, хэн тайлбарлаж байгаагаас хамаарч яриад байна. Бүхэлд нь харах юм бол гурав, дөрвөн жилийн дараа эдийн засаг эрсдэлд орохыг сануулсан хориг юм. Энэ хоригт хууль зөрчөөд, хуульгүй бичигдсэн зүйл байхгүй. Хамгийн гол санаа нь нэг болон зургадугаар зүйлд тусгасан байна. Хориг дээр ажил хэрэгч байдлаар хандах юм бол төсвөө сайжруулах боломж байна гэж би харж байна.

Төсвийн байнгын хорооны хурал үргэлжилж байна.

Т.ДАВААНЯМ

18 : 09
2018-11-16

Байнгын хороо: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны 19 гишүүнээс 11 нь хуралдаа сууж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж эхэллээ. Хуралд оролцож буй гишүүдийн гуравны нэг нь дэмжвэл хоригийг хүлээж авна. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоригийг хүлээж авахгүй гэдэг дээр санал нэгдсэн юм. Төсвийн байнгын хорооны дараа нь Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Т.ДАВААНЯМ

16 : 36
2018-11-16

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-дахь МАН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын  тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан асуудлыг  хэлэлцлээ. Ерөнхий сайдын хувьд хоригийг хүлээн авах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн ч Сангийн сайд болон бүлгийн гишүүдийн олонхи нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдэгт санал нэгджээ. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороогоор орж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГТ: 

  1. Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн.

Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болжээ.

  • 2.Олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан. Энэ нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11-д заасан “зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх” шаардлагыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-ийн “хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн суурь зохицуулалтуудад нийцэхээргүй байна.
  • 3.Нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газар биелэхээргүй хийсвэр орлого, эрсдэл болно гэж дүгнэсэн бөгөөд энэ нь мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-ийн “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх” зохицуулалтад нийцэхгүй, зөрчилдөж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч, дэлхийн эдийн засагт аюулын дохио хангинаж байгаа нөхцөлд хэт өндөр, хийсвэр орлого төсөвлөх нь эдийн засгаа санаатайгаар хорлох, зардлыг хэт өсгөснөө хаацайлах, хуурах оролдлого мөн бөгөөд урьд жилүүдэд ийм хандлага гарч улс орны эдийн засгийг сүйтгэн доройтуулж байсныг мартах ёсгүй юм.

  • 4.Хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр 7 их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ. Энэ нь төсөв батлахад зайлшгүй харгалзан үзэж баримтлах ёстой “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтууд болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэхээргүй байна.
  • 5.Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг 8 хувьд барих зорилт тавьсан нь огт авцалдахгүй, Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж арилжааны зээл хумигдах, үр дүнд нь иргэдийн ажил эрхлэлт, орлогыг эрс хумих нөхцөл бүрдэх, хүний хөгжлийг тооцоолоогүй, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэмжигдэхүүнийг тусгаагүй зэрэг засаж залруулах зүйл олон байна.
  • 6.Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Мөн гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна. Эдгээр алдаа завхралыг бүрэн засаж, улс орны эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн бодлого, зорилтод нийцүүлэхийн тулд Монгол Улсын 2019 оны төсвийг дагалдах хууль тогтоомжуудын хамт шинээр боловсруулан, Улсын Их Хурлаар дахин хэлэлцэж батлах шаардлагатай" гэж үзсэн юм.

МАН-ын бүлгийн даргаар өчигдөр УИХ-ын гишүүн С.Тогтохсүрэнг томилсон юм.

Ш.АДЪЯАМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж