Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ

Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.11.16/ 13 цаг 47 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийг танилцуулсан юм. Тэрээр, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод /2018.11.15/-нд өргөн мэдүүлсэн. Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн.

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдтэй хэзээ хариуцлага тооцох тухай тодруулж байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар хийсэн тайлбартаа, ЖДҮ-ийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, энэ асуудлыг замхруулалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. УИХ-ын гишүүн А.Сүхбат нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлж, мал аж ахуйн салбарын талаар ямар ажил хийхээр төлөвлөж буйг тодруулав. УИХ-ын гишүүн Ч.Улаан, эрх зүйн зохицуулалт хийх чухал хуулиуд батлагдсан болохыг дурдаж, харин зохион байгуулалтын хувьд салбарын хүмүүстэй нягт ажиллахыг тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, малын үржил, селекцийн асуудал орхигдсон төдийгүй малын генетикт өөрчлөлт орж буйг цохон тэмдэглээд салбарын бодлогын асуудалд анхааран ажиллах тухай санал хэлэхийн сацуу нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлж байв.

Ингээд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн дэмжлэг авлаа. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж