Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжгүй

Монголбанкнаас өнөөдөр /2018.11.16/ “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд төрөөс хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээний хүрээнд Монголд арилжааны банкнаас олгож байгаа зээлийн хүү 20 хувиас 17.5 хувь, төв банкны бодлогын хүү 12 хувиас 10 хувь болж буурчээ.  Цаашид зээлийн хүүг бууруулахын тулд суурь орчныг бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Энэ нь инфляцыг нам тогтвортой төвшинд байлгахаас эхлээд валютын нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг эрчимжүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулах, төрийн болон санхүүгийн байгууллагын засаглалыг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн. УИХ-аас эл төслийг баталбал зорилтот хэсгийг орон сууцанд илүү олноор хамруулах боломжтойгоос гадна агаарын бохирдлыг бууруулна. Тэр хэрээр нийгмийн өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзэж байна.

Монголбанкны мэдээллээр жилдээ 300 орчим тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд эх үүсвэр болгон олгож байна. Үүний 180 тэрбумыг төв банкнаас 120 тэрбумыг Засгийн газраас бүрдүүлж байгаа юм.

Бид энэ удаад ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжтой юу гэдэг асуудлаар эдийн засагчдаас байр суурийг нь сонслоо.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 3 ХУВЬ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ

ЭДИЙН ЗАСАГЧ Д.ДАВААСАМБУУ: Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжгүй. Одоохондоо хүүг 8 хувьд байлгахгүй бол бөөн алдагдал үүснэ. Энэ их алдагдлыг хэн хүлээх юм бэ, болохгүй шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж чадахгүй. Заавал ингэж хүнд сайн хүн болох гэж популизм хийгээд хэрэггүй дээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн зээлтэй ипотекийн зээлийг адилтгаж үзэж болохгүй. Яагаад гэвэл ЖДҮХС-д жилдээ 40-50 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эргэлддэг нь  20-30 тэрбум төгрөг. Тэр хөрөнгийг буруу зөрүү зарцуулсан тухай яригдаад байна. Нийгмийн эмзэг хэсэгт олгодог жаахан мөнгө.  Энэ нь өөрөө Монголын нүүр царай болдог бүх зээлийг төлөөлж чадахгүй, нэг хувь ч хүрэхгүй зээл байхгүй юу.

ЖДҮХС татвар төлөгчдийн мөнгөөр бий болдог.  Татвар төлөгчдөөс өгөөд байх мөнгө нь хязгаарлагдмал.

СУДАЛГАА ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ, 3 ХУВЬ БОЛГОНО ГЭЖ АМЛАХ ХЭРЭГГҮЙ

ЭДИЙН ЗАСАГЧ С.ДЭМБЭРЭЛ: О.Баасанхүү гуай ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох төсөл санаачилна гэж хэлсэн гэсэн. Би өөрөө ипотекийн зээлийн судалгааг хийж байсан. Улс орнууд орон сууцны нөхцөл боломжийн индекс гаргадаг. Энэ нь хүртээмжийн асуудал юм л даа.

Моргейжийн зээл нь тогтмол болоод хувьсагч гэсэн хоёр янз байдаг. АНУ болон Европын орнуудад моргейжийн зээл нь зах зээлийн ерөнхий хүүг хараад өөрчлөгдөж байдаг. Монголд 2013 оны хагас жилээс хойш тогтмол 8 хувиар олгогддог болсон.  Үүнээс өмнө жилийн 18 хувьтай байсан. Жилийн 8 хувийн хүүтэй ипотект 95 мянган хүн хамрагдсан байна. Гол асуудал бол сарын орлогынхоо 60 хувийг ипотект төлдөг бол үлдсэн 40 хувиар амьдрах шаардлагатай болно. Үүнээс болж орон сууцны ядуурал бий болбол яах вэ. Энийг л төр харах ёстой. Өөрөөр хэлбэл, нөхцөлүүдийг яаж өөрчлөх вэ, хүүг яаж бодох вэ, зээлийн гэрээ нь яаж хийгдэх вэ, моргейжийн санхүүжилтийн хэмжээ хэд байх вэ гэдэг л чухал.Тооцоо судалгаа хийгээгүй байж, ипотекийг 3 хувь болгох тухай яриад байж таарахгүй.

ТАТААСЫГ ШИЙДЭХ ЁСТОЙ 

 

МОНГОЛБАНКНЫ СУДАЛГАА СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Д.ГАН-ОЧИР:

Засгийн газар тухайн нэг салбар, нийгмийн тодорхой нэг бүлгийг дэмжихийн тулд бодлого гаргаж, татаасаар хэрэгжүүлж болно.  Энэ бүлэг, бусад бүлгүүдээс илүү үр ашигтайгаар нийгмийн эерэг сайн сайхныг бий болгож чадна гэж итгэж байгаа тохиолдолд гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ татаасын бодлогыг зээлийн хүүтэй хутгаж болохгүй. Төсөвт зардлаа тусгаад хэрэгжүүлж байгаа нөхцөлд тусдаа татаасын бодлого гэж ойлгох хэрэгтэй.

 

 

ТӨРӨӨС ОЛГОХ ТАТААСАА Л НЭМНЭ

 

ГОЛОМТ БАНКНЫ АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ Г.ГАНЗОРИГ: Ипотекийн зээлийн хүү одоо 8 хувь байгаа, энэ нь бодлогын хүүнээс бага хүү юм. Хангалттай хүү.  Гол асуудал 8 хувь уу, 3 хувь уу гэдэг асуудал биш юм. Ипотекийн энэ хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэх ёстой юу, таслаад зогсоох ёстой юу. Ипотекийн зээлийн санхүүжилт анх 8 хувь болгож, хэрэгжүүлж байсантай харьцуулахад тасралтгүй буурсан.

Миний хувийн байр суурь бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой, залуу гэр бүлд маш сайн дэмжлэг болдог.  Гэтэл иргэд тогтмол ажилтай, хадгаламжиндаа 10-20 сая төгрөгтэй болчихсон хэрнээ байртай болж чадахгүй тохиолдолд эмгэнэл.

Ипотекийн зээлийн хүү бодлогын хүүнээсээ бага байна гэдэг нь төрөөсөө заавал татаас өгдөг систем байж таарна. Татвар төлөгчдийн мөнгөнөөс өгнө гэсэн үг. Би бол татвар төлөгчийн хувьд тийшээ мөнгө өгөхөд асуудалгүй гэж харж байгаа. Миний төлсөн татвараар нэг залуу байртай болж байгаа нь хамаагүй юм шиг боловч нийт утгаараа их хамаатай. Утаа буурлаа гэж саная, бидэнд хэрэгтэй.  Дээрээс нь тэр хүний амьдрал сайжирна.

Гол нь төр хэдэн төгрөгийн татаас өгөх нь зүйтэй вэ гэдэг дээр нарийн судалж байж хэлэхгүй бол шууд бид 3 хувь асуудалгүй гэж ярих нь буруу. Нөгөө талаас Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан байгаа. Шаардлагад төсвийн зардлыг бууруулах ёстой. Ипотекийн зээлийг 3 хувь болгосон нөхцөлд төсөвт татаас суулгаж таарна, гэтэл энэ нь зардлыг өсгөнө. Мөн ипотекийг 3 хувь болготол сөрөг үр дагавар гарах магадлалтай. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр халалт үүсээд байрны үнэ огцом өсөөд буруу тал руу явах магадлалтай. Тэгэхээр хэдэн хувийн хүүтэй байж, зохистой байх юм, хэдэн тэрбумыг ипотекийн зээлд гаргаж байвал зохистой байх юм, хэнд өгвөл зохистой байх юм бэ гэдгийг нарийн судлах ёстой. Сэтгэл хөдлөлөөр хандах нь буруу, онцлогоо ч харах ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж