Монгол хэлээ мэдэхгүй бол ЭЕШ-д орохгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Монгол хэлээ мэдэхгүй бол ЭЕШ-д орохгүй

Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөгчдийн элсэлтийн шалгалт өдөр хоногоор ойртож байна. Ноднин, уржнан сургуулиа төгссөн ч их дээд сургуульд орж чадаагүй төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д нөхөж орох нь бий. Өнгөрсөн жилээс эхлэн ЭЕШ өгч буй хүн бүр монгол хэлний шалгалтыг заавал өгөхөөр болсон. Өмнөх онд сургуулиа төгссөн шалгуулагчдын Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхэлжээ. Бүртгэл гуравдугаар сарын 9 хүртэл буюу нэг сарын хугацаанд үргэлжлэх юм. Төгсөгчдийг энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Хэрвээ амжиж бүртгүүлээгүй бол ЭЕШ-д орох боломжгүй юм байна.

Харин энэ онд төгсөж байгаа шалгуулагчдын монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл автоматаар хийгдэж, суудлын хуваарь нь суралцаж буй сургуулиар нь тараагдана. Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон. Өнгөрсөн жилийн хувьд энэ шалгалтыг судалгаа маягаар авсан учраас ямар нэг босго оноогүй байсан. Харин энэ жилийн хувьд босго оноо 400 болсон. Монгол хэлний шалгалтдаа 400 болон түүнээс дээш оноо авч байж ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ. Зөвхөн эхний шалгалтанд ороод 400 доош оноо авсан шалгуулагчид дахин шалгалтанд хамрагдах эрхтэй болно гэсэн үг юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж