Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцээд, дэмжлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Бид бүхэн мал эмнэлгийн салбарын хоёр багц хуулийг баталсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд ямар ажил хийх вэ?
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ч.Улаан:
-Өнгөрсөн онд чухал хоёр хууль баталсан. Энэ хуулийг агуулгынх нь хувьд бодитой ажил хэрэг болгож ёстой. Би ажлын хэсэг нь орж ажиллаж байсан. Одоогоор энэ хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Тиймээс 2019 онд бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд бүтэц зохион байгуулалт хийх шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдал хүнд байгаа. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан. Үндсэндээ нэг их наяд төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авч байна. Монгол мал давжаарсан. Сүүлийн 30 жилийн турш малын үржил селекцийн ажил орхигдсон. Малын цус ойртсон, давжаарсан, өвчлөлт нэрвэгддэг болсон. Дээр нь хөрс хамгааллын бодлого орхигдсон. Иймд хөрс хамгаалах арга хэмжээг яаралтай авахгүй бол оройтож байна. Хүний нөөцийг бэлддэг газар нь бодлогын бус мэргэжилтэн бэлдэж байна. Үүнийг яаралтай цэгцэлж энэ салбарыг хөл дээр нь босгохын тулд миний хэлээд байгаа асуудлуудыг гартаа оруулж аваарай. Хоёрдугаарт, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, төв суурин газрын хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Жилд 6000 гаруй хүн хавдар тусч, 4000 орчим хүн энэ шалтгаанаар нас барж байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Бэлчээрийн даац чухал асуудал болоод байна. Бэлчээрийн хууль гаргах нь зүйтэй. Олон улсын байгууллагаас олон жилийн судалгаа хийсэн байдаг. Тиймээс хуулиа баталж, бэлчээрийн асуудалд анхаарал хандуулах ёстой. ОХУ-аас мах авмаар байна гэдэг саналаа илэрхийлсэн. Тиймээс ОХУ-тай энэ асуудлаар хэлэлцээр хийх шаардлагатай гэж үзэж байна. Хүнсний ногоог манайхан тарьж чадаж байна. Гэвч нөөцлөх агуулга дутагдалтай байна. Тиймээс энэ асуудалд анхаараад зогсохгүй өөрсдөө тарьж чадаж байгаа ногооны импортын татварыг нэмэгдүүлж өгөөч. Бид тариалан эрхлэгчдэд тусалмаар байна.