Бизнесийг ногооруулахад татварын дэмжлэг хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Бизнесийг ногооруулахад татварын дэмжлэг хэрэгтэй

Бизнесийг ногооруулахад татварын дэмжлэг хэрэгтэй

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган өнөөдөр /2018.11.16/ Туушин зочид буудлын Соёмбо танхимд боллоо. Тус чуулган  энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд  ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдсөн юм. Чуулганд зохион байгуулагчдын зүгээс 250 бизнесийн байгууллагыг хамруулахаар төлөвлөсөн хэдий ч чуулганд 500 гаруй хүн бүртгүүлснээс танхимын багтаамжаас шалтгаалан 300 төлөөлөгчдийг оролцуулжээ. УИХ-ын 2014 онд баталсан Ногоон хөгжлийн бодлогод “Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно” гэсэн зорилгыг дэвшүүлсэн. Мөн 2030 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн зургаан үндсэн зорилтыг тодорхойлсон. Стратегийн зорилтын 5.2-т Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж заасан юм.

Энэ үеэр "MMCG"  үндэсний судалгааны компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.

НҮҮРСЭНД МӨНГӨ ӨГЧ БАЙГАА САН БАЙХГҮЙ

Бизнесийг ногоон болгоно гэлээ, яагаад?

Дэлхий дахин маань өнөөдөр эдийн засгийн хямрал гэхээсээ илүү байгаль орчны хямралд өртчихөөд байна. Өдөр тутамдаа хэрэглэдэг тог цахилгаан, бизнесээ явуулахдаа байгальтай харьцаж байгаа үйл ажиллагаа эх дэлхийдээ сөргөөр нөлөөлж байна.  Дэлхийн эрсдэлийн үнэлгээгээр өмнө нь террорист халдлага хамгийн өндөр түвшинд бүртгэгддэг байсан бол одоо байгаль цаг уурын гамшиг, хүлэмжийн хийнээс үүсэх их хэмжээний үер ус түүнээс  үүдэх шилжих хөдөлгөө дэлхийн номер нэг эрсдэл гэж үнэлгээ гарсан байна.  Ялангуяа бизнесийн салбарынхан энэ зорилгод хамрагдаж, хамтрах нь өндөр ач холбогдолтой. Учир нь айл өрхийн хэрэглээ өндөр байлаа гээд усны үйлдвэр шиг ус хэрэглэхгүй, уурхай шиг их хэмжээний цахилгаан хэрэглэхгүй. Тиймээс бизнесийн байгууллагууд эхлээд технологийн инноваци хийж, хуучин  үрэлгэн технологио шинэчилж, байгальд ээлтэй, илүү цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр тухайн бизнестээ  орлого ашгаа 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой.

-Ингэснээр бизнесийнхний ашиг орлого буурахгүй юу?

– Үгүй л дээ, дэлхий дахинд сүүлийн арван жил компаниудын ногоон чиглэлийн бизнесийн санаачилга, төсөл хөтөлбөрүүд хөрөнгө  оруулалтын хэмжээ 500 хувиар өсөөд 23 триллион  ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, АНУ зах зээлийн 22 хувийг ногоон бизнесийн  353 тэрбум ам.долларын шинэ зах зээл бий болж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр тесла машин гэхэд бенз машинаас илүү борлуулалт хийж байна.  Далайн паластик хог хаягдлыг цуглуулаад хийсэн Adidas брэндийн пүүз нэг сая ширхэг зарагдсан байна. Энэ нь хэрэглэгчид ногоон бизнесээ тайлагнахгүй бол хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг авахаа больсонтой холбоотой. Ялангуяа шинэ залуу үе маань худалдан авалтын шийдвэр гаргахдаа зөвхөн ногоон чиглэлийг баримталдаг хариуцлагатай компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авна гэж байгаа нь зах зээл хэдийнээ бэлэн болчихсоныг харуулж байна. Энэ шилжилт хөдөлгөөн тун удахгүй Монголд хэрэгжээд явчих учраас брэндээ ногоон болгосон нь хожно.

Үндэсний чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үр дүн гарав уу?

Гурван жилийн өмнө ногоон бизнес гэдэг ойлголт Монголд огт байгаагүй. Гэтэл бид нар ногоон бизнесийн суурь менежментийн сурах бичгээ  гаргаж авлаа. Арван аймаг болон нийслэл хотын нийт 1000 гаруй томоохон үйлдвэрүүдэд нөөцийг   бодитоор хэмнэснээр компанийн ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар олон  улсын менежментийг загваруудыг танилцуулсан.  Өмнө нь бол  ногоон бизнес гэхээр өөрсдөөс нь  мөнгө гарах  юм шиг ойлгодог байсан бол одоо хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж байна. Дэлхийн бүх том хөрөнгө оруулалтын сангууд, зөвхөн ногоон чиглэлийн бизнесийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн компаниудад мөнгө өгч эхлээд байна. АНУ-ын хөрөнгө оруулалтын 5/1 нь ногоон чиглэлийн бизнест хөрөнгө оруулж байна.  Нүүрсэнд мөнгө өгч байгаа сан байхгүй больчихлоо. Тэгэхээр цаашдаа бид олон улсаас мөнгө татах, мөнгө босгох, гадны томоохон бизнесүүдтэй хамтарч ажиллах, олон улсын зах зээлд экспертэд гаргах зайлшгүй энэ менежментийг  нэвтрүүлсэн байх шаардлагатай болж байгаа юм.

-Монголын хувьд ногоон бизнес эрхлэх боломж бий юу. Бизнес эрхлэгчид үүнийг хэр хүлээж авдаг вэ?

-Монголын бизнесийн салбарт өнөөдөр үйлдвэрлэлд ашиглаж байгаа технологи маань Японтой харьцуулахад 56 дахин бүтээмж багатай байна. Бид бүтээмжээ нэмэгдүүлсээр, Байгаль орчны  ногоон менежментэд шилжсэнээр ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжтой.  Бид мод тариад өгөөч, байгаль орчинд сайн сайхан үйлс хийгээд өгөөч  гэж бизнесийн байгууллагуудаас гуйгаад байгаа асуудал биш. Илүү хөнгөлттэй зээлд хамрагдаач, илүү боломжуудыг ашиглаач, ногооноор үйл  ажиллагаагаа явуулаач, ирээдүйгээ үр хүүхдээ хамгаалаач, авраач ээ гэсэн олон талын ач холбогдолтой үйл ажиллагааг сурталчилж байна. Цаашдаа тренд болж буй энэ үйл хэрэгт нэгдэж, компаниуд ногоон болохгүй бол одоо цагт оршин тогтнох боломжгүй болох нь. Дэлхий нийтийн тренд хөрөнгө оруулалтын бүх сангууд ногоон бизнес рүү хандаж байна. Тиймээс одоо өрнөж байгаа өөрчлөлтөд нэгдэн маш хурдтай шинэчлэлүүдийг, компанийн менежменттэй хамт хийгээд, боломжуудыг ашиглаад дэлхийд өрнөж байгаа процесстой хөл нийлүүлээд алхах нь чухал.

Ногоон бизнес эрхлэхийн тулд эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой биз дээ?

Компаниуд ногоон болохын тулд татварын дэмжлэг үзүүлэх ёстой. Барилгынхан ногоон байшин барилаа гээд “ яаж урамшуулах юм бэ” гэдэг. Хэрхэн урамшуулах вэ гэхээр ногоон биш чиглэлд  өгч байгаа эрчим хүч цахилгааны  хүлэмжийн хий чиглэлд өгч байгаа хөрөнгө оруулалтаа татаад нөхөн сэргээх, эсвэл барилгын дулаалга руу хөрөнгө оруулах  зэргээр сангийн бодлого л хийгдэх шаардлагатай. Өнөөдөр бид нүүрсийг асар ихээр хэрэглэж байна. Утаандаа хаагдаж боогдож үхэх нь, хөрсний бохирдол асуудал үүсгэлээ. Хамгийн чухал нь дэлхий нийт асуудалтай сэдвийг бизнесийн боломж гэж харж байна. Маш үсрэнгүй ийм чиглэлийн бизнес хөгжих боломжтой. Тиймээс  “Ногоон бизнес”-ийг дэмжих хөдөлгөөнд залуучууд илүү их анхааралтай, нухацтай хандаасай гэж хүсэж байна.

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд 2016 оноос хойш Байгаль орчны менежментийн системийг танилцуулах сургалтад 809 бизнес эрхлэгч, хэрэгжүүлэх бэлтгэх сургалтад 271 бизнес эрхлэгчийг сургаж бэлтгээд байна.  2017 оны Засгийн газрын 290 дүгээр тогтоолоор дэвшилтэт технологи нэвтрүүлсэн аж ахуй нэгж байгууллагад олгох ногоон гэрчилгээ, бараа бүтээгдэхүүнд олгох эко тэмдгийн зохицуулалтын журмыг боловсруулж засгийн газрын хуралдаанаар батлуулсан байна. Мөн  хаягдал бохир усыг цэвэрлэх байгууламж усны хэмнэлт хийдэг болох тоног төхөөрөмжийг оруулахад гаалийн татвараас чөлөөлсөн аж.

 Энэ талаар БОАЖЯ-ны ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Монгол орны хувьд нэн тулгамдаж буй асуудал бол хэрэглээний хэт өсөлтөөс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулахад түлхэц болох байгальд ээлтэй ногоон бизнес төслүүдийг санхүүжүүлэх тогтолцоог бий болгох шаардлага юм. БОАЖЯ-ны зүгээс бодлогоор ногоон хөгжлийг дэмжих, урамшууллын хөшүүргийг бий болгох олон үйл ажиллагааны нэг нь Үндэсний ногоон зээлийн сан байгуулах санаачилга байсан. Энэ ажлын хүрээнд Ногоон зээлийн сан байгуулах бэлэн байдлын дэмжлэгийг НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангаас Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагаар дамжуулан энэ ондоо  багтаан Ногоон сангийн удирдах хороонд хүргүүлэхээр  төлөвлөн ажиллаж байна" гэв.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж