ОРГИЛУУН СЭТГЭЛ, ОНГИРГОН ЗАН, ОМГОЛОН ОХИН ТЭНГЭР – ОДОО Ч, ТЭРТЭЭД Ч ЯГ АДИЛ БУС УУ?
Хэдхэн жилийн өмнө сонсдог байсан дуу өнөөдөр нэг л сонин, хэт энгийн ч санагдах шиг, урд нь “яагаад хүмүүс ийм уйтгартай мэдээ-г үздэг байна аа” гэж итгэн ядан гайхширдаг байсан бол өдгөө миний ганц үздэг ТВ нэвтрүүлэг бол мэдээ болж хувирсан байх шинжтэй.
Амьдралыхаа турш нэг хүн хичнээн дүрд хувирч хичнээн их үйл бүтээдэг бол? Тоолж барамгүй тэр олон жижиг нэгжүүдийг бид ажил, гэр, нийгмийн амьдрал, хувийн амьдрал гэх мэтэд ангилаад цаг хугацаа авхайг хэрхэн ажил үүргээ гүйцэтгэхийг хажуунаас харж суух нь жам юм даа.
Цаг хугацаа намайг хэзээ юунд дуртай байх, хэзээ би хүнтэй суух, хүүхэд гаргахыг хүртэл өөрийн гэсэн хууль цаазаар тулган шаардаж байх шиг.
Нас болгонд ноогдох үүрэг роль, хариуцлага болоод эрх мэдлийг цаг хугацаа гэх чимээгүй “дарга” бидэнд тушаана, өдөр болгон, зүрхний цохилт болгонд.
Миний эмээ.
“Хайртай”, “хайр”, “миний хайр” гэдэг үгс миний эмээгийн хажууд юу ч биш, хатаж гандсан цэцэгс л гэсэн үг. Үгээр хэзээ ч өөрийгөө чимж байгаагүй миний эмээ. Үйл бүхнээрээ, үнсэлт болгоноороо, өрөвдөж намайг илэх нь, өр зөөлөн харц нь, өөр хэнд ч байдаггүй өвөрмөц дарвиан сэтгэл нь, шал буриад аялга нь, шалмаг хурдан хөдөлгөөн нь, хатуу зуурсан гурил, халамжилж өсгөх бяцхан тугалд, хамаг Монголын төлөөх залбиралдаа миний эмээ мөн !
Ямар үзүүлэлтүүдээр бид хүн төрөлхтөнг хүүхэд, залуу, ахмад настай, азай буурал, авгай, эмээ, өвөө энэ тэр гэж нэрлэж байна? Хөдөлмөрлөх чадвар, бодох сэтгэх чадвар, бие махбодын байдал, нийгэмд эзлэх байр суурь зэргүүдээс хамаараад гэж үү?
Миний эмээ өнөөдөр 92 настай буянтай нэг буурал бий. 92 настай хүн гэж бодохоор, нэг хөгшин хүн л байх юм шиг санагдана гэтэл “хөгшин хүн” гэх нэр миний эмээд огт зохихгүй, яагаад ч зохихгүй! Дээл оёно, дээвэр хадна, бууз хийнэ, бурууг зэмлэнэ, тачигнатал инээнэ, тас хийтэл уурлана, час хийтэл дуулна. 37-той биднийг “иш хөөрхийхнье, яагаа тулиур юм гээшив, алив над өг!” гэж ирээд гарт байх хадуур булаан авч өвс хадна. Аяаа миний эмээ…
Одоо болтол “хоол горьдож” эмээгийндээ би очдог гэвэл итгэх үү та нар? Нээрээ. Очих болгонд хоолтой, дуутай шуутай, дулаахан угтана. Хэд хоногийн өмнө эмээгийндээ очиж аяга цай ууж, жоол хууч хөөрч суухдаа, эмээгээ энэ дугаарын БИБОЛБИ булангийн зочноор урья гэсэн санаа төрлөө. Яагаад гэсэн, бид хоёр хамаг дэлхийн сонин сайханг хаман ярьж суухад, надад байтугай танд хүртэл хүртээмжтэй зүйлс эмээ минь надад хэлж суулаа. Мэдээж, тэр болгоныг дурьдвал сэтгүүлийн минь нас хүрэхгүй тул хаман цуглуулж, хамтатган эмхэтгэж доорхи хэдэн мөрийг хүндэт уншигч танд толилуулж байна.
Хотжилтын тухай миний эмээ:
Нутаг усаа эзэнгүй хаяж, хот суурин бараадах залуусын тоо аргагүй ихсэж байна өнөөдөр. Унасан газар угаасан усаа учир зүггүй хаяж гүйх нь уруудахын л нэг шинж дээ уул нь. “Эзэнгүй орхисон уул усыг минь ухаж төнхлөө” гэж уцаарлацгаах юм тэгсэн хэрнээ. Ээ дээ, хүүхдүүд минь, эзэнгүй хаясан алтан зоосын эзнийг хайж эрэн сурвалж хийдэг энхийн бодолтой улс ч энүүхэндээ гэхэд олдохгүй байх шүү. Болдогсон бол бүгдэнг нь цуглуулж байгаад бузар шуналыг нь арилтал хэд сайн ороолгохсон, шившигээр дүүрсэн өгзөгнүүдийг нь ширэн сулбуураар ширгэтэл нь шилбүүрдэхсэн.
Гэтэл бас хөөрхөс, гэгээн сайхан амьдрал хайж, гэрэлт ирээдүйн зүг гэлдэрч яваа ч юм билүү дээ. Гэдсээ илэн хэвтсэн бол гуйлгачин болох байсан байлгүй. Гэвч бид өнөөдөр гэмгүй сайн төр засгийн буянд айх аюулгүй, дайн дажингүй даанч тайван сайхан амьдарч байна даа. Айхтар муухай дүр зураг, айдас дагуулам гэмт хэрэг алс орнуудад болж байна гэж радио зурагтаар хөөрнөх л юм.
Төрийн минь сүлд өршөө! Түмэн биднийгээ ивээх болтугай!
Орчин үеийн 37-той бүсгүйг эмээгийн үеийн 37-той бүсгүйтэй харьцуулбал:
Оргилуун сэтгэл, онгиргон зан, омголон охин тэнгэр одоо ч, тэртээд ч яг адил бус уу? Ажиж сайн харах юм бол харин, ажилсаг зан л солигдсон мэт. Өнөөгийн таануудын хэлдэг “айхтар хүүхэн” гэхийг би, бидний тэр үеийн “ажилсаг бүсгүйг”-г хэлж байна гэж ойлгож байгаа. “Айхтар” гэх нь ажил алба, ар гэр, анд нөхөд аль бүгдийг гарамгай мундаг зохицуулагчийг хэлнэ үү дээ? Бидний үеийн “ажилсаг” гэдэг нь адуу малдаа шаламгай, айл хажуудаа тустай, өрх гэрийн гал голомтыг огт түвэгшээхгүй авч явдаг, үг цөөнтэй, үйлд уран бүсгүй хүнийг л хэлдэг байлаа.
Харин өнгөрсөн тэртээд ч, өнөөдөр маргааш ч өөрийгөө л өлгийдөөд өрөөлийг өшиглөн хөөгч өмхий үнэртэй, бохир сэтгэлтэй өөдгүй хамгад яг адилхан…
“Хэрвээ би Ерөнхийлөгч байсан бол…” гэж миний эмээ:
Болохгүй мухаан! Бүү тэгж хэл! Төрийн минь сүлд өршөөг! “Түмний төлөө огтоно боож үхнэ” гэж сонсоогүй юу чи!? Сайн ч муу ч Монгол Улсын минь Төр, түмэн ардынхаа төлөө зүтгэж байхад түнтгэр чавганц би тэгж ярьж огт болохгүй!
Ямар ярьшигтай хүүхэд вэ чи! За, хэрвээ би ерөнхийлөгч байсан бол… Хөдөө нутгаа хөгжүүлж, хөөрүүлсэн шинэхэн сүү, халуун хошуут малын мах хот хөдөөгүй элбэг болгоно. Ховдог занг хориглоно! Хамаг олноо хоосон хонуулахгүйн тулд холын хараат бодлого баримтлана. Балчир хүүхэд, хөгшин мань мэт болон хүний тусламж хэрэгтэй нэгнийг хөндий хонгилд хаяхгүй харин ч бусдаас илүү бурхан мэт үзэж болж өгвөл бүхнээ зориулна. Амьд яваагийн минь ач тус ард түмэнд минь хүрэг л гэж бодно доо. Одоо надаас бүү ийм асуулт асуу! Ер нь одоо болоо, яагаад надаас ингэтлээ их асуулт асуугаад байна?
Аан тийм бий вий… Ажилд нь тустай бол яахав миний охин, ахиад нэг асуулт асуу даа асуу.
Залуучуудад хэлэх хэдэн үг:
“Эв” гэдэг үндэстэй үг болгонг ягштал цээжил!
– Эвтэй явна гэдэг нь энх амгалангийн эх, элбэг баялгийн булаг.
– Эвгүй явна гэдэг нь эндэл гашуудлын билэг, эмгэг зовлонгийн үр.
Эмээ өвөөгийн олон охид хөвгүүдэд, олон түмэнтэйгээ эвтэй, орчлон дэлхийдээ ээлтэй яваарай! л гэх байна даа…
Хүндэт уншигч та миний эмээг таньдаг боллоо. Таны эмээ магад таныг харуулдаад л сууж байгаа байх. Яг одоо эмээдээ оч, оочилж сайхан цайг нь уу, орчлонгийн сайн сайхныг хаман ярь. Хамгаас үнэт сургаалийг харамгүй цаадах чинь өгнө шүү!
Хурдал!
Шарайд Борхүүгийн Гүнсэн