Манай хөгжимчид 120 гаруй улсын Төрийн дууллыг ноот харахгүй тоглодог

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Манай хөгжимчид 120 гаруй улсын Төрийн дууллыг ноот харахгүй тоглодог

Манай хөгжимчид 120 гаруй улсын Төрийн дууллыг ноот харахгүй тоглодог

Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албаны офицер, удирдаач, ахмад Б.Цэнгэлтэй ярилцлаа.


–Уран бүтээлийн тоглолт хийх гэж байгаа гэсэн. Энэ талаар?

-Тийм ээ. Манайх “Уран бүтээлийн тоглолт-2018” нэртэй тоглолтыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд хийдэг уламжлалтай. Энэ жил хоёр дахь удаагаа уран бүтээлийн тайлан тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тоглолтод ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон болон УДБЭТ-ын дуучин, гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ч.Хүрэлбаатар нар ая дуугаа өргөнө. Мөн манай байгууллагыг 30 жил удирдсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ё.Ганбат өөрийн бүтээлүүдээс удирдана.

–Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим юугаараа ялгаатай юм бэ?

-Цэргийн хөгжмийн алба нь цагдаагаас бусад улсын хэмжээний хилийн, дотоодын, Зэвсэгт хүчний бүх хөгжимчинг хариуцдаг. Эндээс нэгдсэн нэг бодлого явуулж ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргаад 2020-2030 оны урт хугацааны төлөвлөгөө гаргаж ажилладаг. Үүнд хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, уралдаан тэмцээн, ахуй амьдрал, ар талыг Цэргийн хөгжмийн алба хариуцаж байна. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим маань энэ сарын 20-нд сонирхолтой олон бүтээлийг тоглоно. Хүмүүс үлээвэр хөгжим гэхээр марш тоглодог гэсэн ойлголттой байдаг. 2000 оноос хойш манай байгууллага гадаад, дотоодод уран бүтээлийн тоглолт хийж, уралдаан наадамд оролцлоо. Саяхан Хонгконгод болсон олон улсын наадамд оролцсон.

–Энэ удаагийн тоглолтын онцлог?

-Сонгодог классик төрлийн зохиолуудаас бүрдсэн. Классик зохиол гэхээр симфони оркестр тоглодог. Үлээвэр хөгжимд тоглохгүй юм гэж байхгүй. Бетховен, Моцарт бүтээлээс тоглоно. Мөн рок, панк, поп, жазз, цөөхүүл хөгжим, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл гэсэн шинэлэг зүйл орж байгаагаараа онцлог. Манайх мэргэжлийн хөгжмийн байгууллага болохоор зохиолын дуу дуулахгүй. Хөгжимчид Батлан хамгаалах сургуулийн Цэргийн хөгжмийн сургуульд дөрвөн жил суралцаад дипломны боловсрол эзэмшсэн. Цаашлаад 60 хувь нь СУИС-д суралцаж бакалаврын зэрэг эзэмшинэ. Тэгэхээр энэ хүүхдүүдийн маань мэдлэг, чадвар, дадлага мэргэжлийн төвшинд хөгжсөн. Бид мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бичсэн сонгодог дуунуудыг оруулж байгаа. Бас Соёлын тэргүүний ажилтан Л.Отгонцэцэг багштай “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн найрал дууны хүүхдүүд оролцоно.

–Монголын хөгжмийн зохиолчдоос хэний бүтээлийг тоглох вэ?

-Хөгжмийн зохиолч Б.Шарав, Э.Чойдог, Н.Жанцанноров гуайн дууг Б.Эрдэнэтуяа дуулна. Ямар дуу дуулахыг одоохондоо хэлэхгүй нууц байг. Манай тоглолтыг ирж үзээд ямар болохыг мэдрээрэй.

–Олон улсын уралдаанд оролцдог гэсэн. Ямар амжилт үзүүлж байв?

-Өнгөрсөн жил ОХУ-ын Хабаровскт болсон наадмаас үндэсний язгуур урлаг буюу морин хуураар шагнал авсан. Анх 2000 онд Ардчилсан Солонгос улсад болсон Хаврын баяраас Гранпри шагналыг нь авч байлаа. Ер нь олон шагнал авсан даа. Саяхан болсон “Алтан намар” хөгжмийн наадмын тэргүүн дээд шагналыг манай байгууллага авсан. Манайхыг мэргэжлийн урлагийн байгууллага гэж мэддэггүй. Цэргийн гэсэн ойлголттой явдаг. Манай онцлог нь босоод ноот харахгүйгээр шууд тоглодгоороо онцлог байгууллага. Халуун, хүйтэн гэлтгүй олон улсын арга хэмжээ, гадаад, дотоодын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Элчин сайдуудад албан бичиг барихад 120 гаруй улсын Төрийн дуулал урын санд байдаг. Үүний 60-аад хувийг цээжээрээ хөгжимддөг. Саяхан Францын Элчин сайдын яаманд очиж ноот харахгүйгээр тоглоход гайхаж байсан. Тэгээд хэд хоног бэлдсэн бэ гэж асууж байсан. Бид бэлдээгүй. Францын Элчин сайд манай тоглолтыг ирж үзнэ гэдгээ хэлсэн байгаа.

–Гадаадын Төрийн дууллыг ноот харахгүйгээр яаж тоглодог юм бэ. Мэдээж бэлтгэл хийнэ биз дээ?

-Бидний үүрэг бол цээжилсэн байх ёстой. Хүн бүрээс Төрийн дууллаар шалгалт авдаг. Бид бэлтгэл дээрээ 1-2 цагийн дотор Төрийн дууллыг нооттой нь тоглоод цээжилнэ. Манайх босоо тэнхлэгтэй болохоор цээжлээгүй бол ингэнэ, тэгнэ гэдэг. Тиймээс автоматаар цээжилчихдэг. “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш манайхаас гарсан. Энэ хүн манай данстай, хүүхдүүдэд бөмбөрөөр хэрхэн тоглохыг заадаг. Тоглолтод бөмбөрийн гоцлолоор бэлэг барина.

–Тэгвэл энэ удаагийн тоглолт олон жанраас бүрджээ?

-Дан үлээвэр найрал хөгжмөөс бүрдсэн тоглолт байгаа. Манайд гоцлооч нар гэж бий. Эд нар маань бас гоцлол номероо тоглоно. Мөн дотроо цөөхүүл хамтлагтай. Манайд 60-аад хөгжим­чин байна. Урсгал, чиглэл хамаарахгүй жазз, үлээвэр, гадаадын сонгодог бүтээл гээд үлээвэр хөгжим дээр тоглож болох бүгдийг манайхан тоглоно. Манай хүүхдүүд сайхан дуулна, хөөмийлнө.

–Энэ тоглолтод хөдөө орон нутгийн хөгжимчид оролцох уу?

-Энэ удаа зөвхөн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн 2018 онд юу хийсэн юм бэ. Тэрнийхээ цоморлиг болсон зохиолуудаас тоглож сонирхуулна.

–Тоглолт хаана болох вэ. Тасалбарын үнэ хэд вэ?

-УДБЭТ-т энэ сарын 20-ны 19:00 цагт болно. Бидэнтэй хамт нэг үдшийг, үлээвэр хөгжмийн гайхамшгийг мэдрээрэй. Бетховен, Моцартын хөгжмийг поп стиль рүү оруулсан нь ч бий. Хөгжмийн зохиолч Нямдоржийн манай үлээвэр хөгжимд зориулж бичсэн жазз хөгжмийг тоглоно. Тасалбарыг УДБЭТ-ын кассаар худалдаалж байгаа. 20 мянган төгрөгийн үнэтэй. Манайх цэргийн байгууллага учраас тоглолт маань яг 19:00 цагт эхэлнэ. Тоглолт маань жанр бүрээс бүрдсэн болохоор үзэгчдээ уйдаахгүй.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж