Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугар өнөөдөр /2018.11.16/ Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралтын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тавантолгой, Нарийнсухайт уурхайгаас БНХАУ-ын Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтоор Монголын нүүрс экспортод гарч байгаа. Тавантолгойн уурхайн талаар зуун хувийн төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс" ХХК, орон нутгийн өмч давамгайлсан "Тавантолгой" гэсэн гурван компани нүүрс олборлож, экспортод гаргадаг. Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл 239 км засмал замаар тээврийн 161 компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компанид 12 мянга шахам хүнд даацын автомашин тээвэрлэлт хийж байна.
Нарийнсухайтын боомтоос Шивээхүрэнгийн уурхай хүртэл 45 км сайн чанарын авто замаар 33 аж ахуй нэгжийн 2000 гаруй машин нүүрс тээвэрлэж байна. Бидэнд тулгамдаж буй хүндрэлтэй асуудал бол Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл 239 км замд сүүлийн өдрүүдэд өдөр бүр 4000-5000 гаруй нүүрс ачсан машины цуваа үүсдэг.
Өнөөдрийн байдлаар 126 км-т 5200 нүүрс ачсан машины цуваа үүсэн байна. Цуваа үүсэн гол шалтгаан нь БНХАУ-ын хоёр улсын хилээр өдөрт 1200-1300 гаруй нүүрс ачсан машин хил нэвтэрдэг байсан. Гэтэл сүүлийн 10 гаруй хоногт 400 машин гардаг болсноос нүүрс ачсан машины цуваа асар их нэмэгдсэн. Энэ байдлаас болж замын хүндрэлтэй байдал үүслээ.
Үүний цаана 12 мянган хүн эрүүл мэндээрээ нөхөж баршгүй хохирол амсаж байгаа. Зарим үед жолооч нар тэвчээр алдарч замаасаа бууж шороон замаар тээвэрлэлт хийж байна. Шороон замаар хүнд даацын асар олон машин явснаар тэр орчмын малын бэлчээр сүйтгэгдсэн.
Өмнөговь аймгийн Цогц-Цэций сумын иргэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихсон. Тэгэхээр ажил хариуцаж буй уурхай, төрийн өмнөөс ажил гүйцэтгэж буй "Эрдэнэс Тавантолгой", Авто тээврийн үндэсний төв цаг алдалгүй анхаарах хэрэгтэй. Төр үймэлдэж байх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн ч гарч болзошгүй.
Сүүлийн гурван жилд зөвхөн Гашуунсухайт авто замд 42 хүн амь насаа алдаж 51 хүн гэмтсэн байна. Энэ оны аравдугаар сарын эхний байдлаар 464 зам тээврийн осол гэмтэл бүртгэгдсэн.
Аймгийн ИТХ-с мэргэжлийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг оролцуулаад шалгалт хийх ажлын хэсэг байгуулж байна. Орон нутгийн удирдлагаас албан бичгээр шаардлага тавихад дээрх аж ахуй нэгжүүд зохих ажлаа хийхгүй байна. Түүнчлэн Гашуунсухайт авто замд тээврийн бүрэн бүтэн байдлыг шалгах байгууллага байдаггүй. Энэхүү эрхийг “Гашуунсухайт” авто замын компанид хүртэл олгоогүй байгааг тэрбээр онцлов. Гэвч Цогтцэцийд ажиллаж байгаа тээврийн компани нь таван байцаагчтай бөгөөд тэр нь хаанаа ч хүрдэггүй байна. Иймээс хариуцсан байгууллагууд, Засгийн газрын түвшинд Цагаан хад орчмын асуудлыг анхааралдаа авч, ажил хэрэг болгохыг хүслээ” хэмээн ярилаа. Дашрамд сонирхуулахад, Монгол Улс Төрөөс браимтлах төмөр замын бодлогоо 2010 онд баталсан бөгөөд Гашуунсухайтын төмөр замыг барихаар нийтдээ 280 сая ам.доллар зарцуулсан ч "овоолсон далантай" үлдсэн гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс гаргадаг билээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ