Гадаад харилцааны яамны байранд суусрыг орогнож байсныг мэргэжилтнүүд амьтан асрах байранд хүргэжээ. Тус яамнаас өнгөрсөн Мягмар гаригт “нохой зээх” орогноод байна гэсэн дуудлага өгсөн гэж Нийслэлийн байгаль орчны газрынхан хэлж байв. Дуудлагын дагуу холбогдох албаны мэргэжилтнүүд очиход нохой зээх биш ойн булга байсан аж. Уг зэрлэг амьтанд өгөөш тавьснаар барьж авсан байна.
Ойн булга нь Монгол орны Хэнтий, Хөвсгөл, Соён, Алтай, Булган голын эх, ой тайгад хад, асга бүхий нутагт тархсан ховор амьтдын тоонд зүй ёсоор багтдаг. Ихэвчлэн голын эргийн ойролцоох нүх, модны үндэс бүдүүн хэсгийн үүр хонгилд амьдардаг аж. Дашрамд дурдахад баавгайн бамбарууш хот суурин газрыг бараадаж, айлын хашаанд орох, намаржаанд байсан гэрүүд дэх аарц тосноос идсэн тохиолдол өнгөрсөн сард гарсан билээ. Байгаль хамгаалагчид зэрлэг амьтад хот суурин газар бараадах болсон нь тэдний амьдрах орчинд хүний үзүүлэх дарамт нөлөөллөөс болж идэш тэжээлийн хомсдолд орох болсонтой холбоотой гэж үзэж байна.
Холбоотой мэдээ