Тайландын Бангкок дахь “Гаа” рестораны ахлах тогооч Гарима Арора шилдэг тогооч, ресторанд өгдөг Мишелиний одонг хүртсэн нь тус шагналыг авч буй анхны Энэтхэг эмэгтэй болж байна. Мишелиний одон бол хоолны салбарын хамгийн нэр хүндтэй шагнал юм. Одонг авах нь нэр хүндийн хэрэг төдийгүй бизнесээ цэцэглүүлэн хөгжүүлэх гайхалтай боломжийг олгодог давуу талтай.
Сэтгүүлч мэргэжлийг эзэмшиж байсан тэрбээр 21 настайдаа тогооч болохоор эргэлт буцалтгүй шийдэн, төрөлх хот Мумбайгаас Парисыг зорьж, “Кордоон Блүй” хоолны урлагийн их сургуульд элсэн суралцсан байна. “Тэнд суралцах амаргүй байсан ч би хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн” хэмээн өдгөө 30 настай залуухан ахлах тогооч Гарима хэлжээ.
Түүнийг энэ мэргэжлийг сонгоход пунжаб үндэстний гэр бүлд төрсөн болоод багаасаа хоол хийх сонирхолтой байсан нь нөлөөлжээ. Пунжаб үндэстний хоолнууд, хоолны соёл нь Энэтхэгт төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгддэг билээ.
2017 оны 4 сард өөрийн ресторанаа нээхээс өмнө тэр Гордон Рамсай, Рене Редзепи, Гагган Ананд зэрэг алдартай ахлах тогооч нартай хамт ажиллаж байв. Тэрбээр өөрийн ажиллуулдаг “Гаа” ресторандаа барууны болон энэтхэг хоолны төгс зохицлыг гаргасан амтат хоолоор үйлчилдэг байна. Ресторанд нь ирж хооллосон үйлчлүүлэгч бүртээ “ийм сайхан хоолыг өмнө нь хэзээ ч идэж байсангүй” хэмээх сэтгэгдэл төрүүлэхийг хичээж ажилладаг хэмээн хэлжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ