Их Британи ирэх хавраас Европын холбоог орхино

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Их Британи ирэх хавраас Европын холбоог орхино

Их Британи ирэх хавраас Европын холбоог орхино

Европын төдийгүй дэлхий дахины анхаарлыг сүүлийн өдрүүдэд хамгийн ихээр татаад байгаа асуудал болох Брекситийн (Британи ЕХ-оос гарах гэсэн үгийн товчлол) хэлэлцээ амжилттай болсон тухай мэдээллийг уншигч та бүхэндээ тоймлон хүргэе. Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Брекситийн асуудал хариуцсан ЕХ-ны төлөөлөгчтэй таван цагийн турш хэлэлцэн, тохиролцсоны үр дүнд гэрээний агуулгад хоёр тал тохиролцсон байна. Түүнчлэн Их Британийн ерөнхий сайд өчигдөр /2018.11.15/  засгийн газрын ээлжит бус хуралдааныг яаралтай зарлан хуралдуулж, гишүүдтэйгээ хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний дэмжлэгийг авч чаджээ.

Үндсэн ойлголт

Их Британи ЕХ-оос өрх тусгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор 2016 онд ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулсан билээ. Үр дүнд нь нийт санал өгсөн хүмүүсийн 48.1 хувь нь татгалзаж, 51.9 хувь нь дэмжсэнээр Брекситийн хэлэлцээрийн асуудлыг эхлүүлж байв. Тухайн үед мэргэжилтнүүд Их Британийг ЕХ-оос бүрмөсөн гарахад дор хаяж хоёр жилийн хугацаа шаардагдана хэмээн хэлж байсан нь тун ч оножээ. Тухайлбал, урт хугацааны хэлэлцээрийн дараа Англи улс сая л нэг юм ЕХ-той гэрээгээ тохиролцож, түүнийг нь засгийн газрын гишүүд дэмжсэн байна. Удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан Брекситийн үйл явцад ундуйцсан албан тушаалтнууд өнгөрсөн сард дахин санал асуулга явуулах асуудлыг ч хөндөөд амжжээ.

 

Хэлэлцээрийн агуулга

Брекситийн хэлэлцээрийн төсөл нь нийт 585 хуудас, 185 зүйл болон хэд хэдэн хавсралтаас бүрдсэн байна. Анхаарал татсан чухал тохиролцоонуудаас дурдвал:

–        Их Британийн ЕХ-нд төлөх татвар хураамж, торгууль, болон өрийн тухай тусгасан бөгөөд нийт 39 тэрбум фунт стерлинг буюу 49.8 тэрбум ам.долларыг өгөхөөр болсон. ДХБ, ОУВС-ын зүгээс худалдаа эдийн засгийн асуудлыг нухацтай авч үзэхийг, харин шинжээчид Брекситийн үйл явц Британийн эдийн засагт ихээхэн хохирол учруулах болно хэмээн анхааруулж байсан юм.

–        ЕХ-ны бусад улсуудад оршин суугаа иргэдийнхээ эрх зүйн байдлын тухай. Иргэддээ хохирол учруулахгүйгээр хэрхэн Брекситийн үйл явцыг өрнүүлэх асуудлаар Тереза Мэй хэлэлцээрийн үеэр байр сууриа хатуу баримталж байв. Тиймээс ЕХ-ны бусад улсуудад байгаа иргэдийнхээ сурч, ажиллах, амьдрах эрхийг нь хэвээр үлдээх тухай уян хатан шийдвэрт хүрч чадсан юм.

–        Хэлэлцээрийн төслийг албан ёсоор баталж, гарын үсэг зурсны дараа 21 сарын шилжилтийн хугацаанд бүрмөсөн өрх тусгаарлах тухай.

–        Мөн хэлэлцээрийн төслийн хавсралтад  Их Британи болон ЕХ-ны худалдаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тусгасан байна. Хамгийн чухал нь энэ хэсэгт Их Британийг Европын чөлөөт худалдааны бүсээс гарахгүй байх тухай тусгасан юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ хэлэлцээрийн үйл явцад ямар нэгэн саад учрахгүй бол Их Британи, ЕХ-той гаалийн татваргүйгээр худалдаагаа үргэлжлүүлэн хийх болно.

Ирландын хилийн асуудал

Брекситийн хэлэлцээрийн хамгийн ярвигтай асуудлын нэг нь ЕХ, Их Британийг зааглах хил, түүний шалгалтын тухай асуудал байсан юм. Тэр дундаа Умард Ирландын хилийг хэрхэх тухай асуудал дээр багагүй маргаан өрнөсний эцэст хил дээр хамгаалалтын болон хяналтын постууд байрлуулахгүй байх тал дээр хоёр тал тохиролцоонд хүрсэн. Харин 21 сарын шилжилтийн хугацаанд хамтарсан комисс байгуулан, нарийн асуудлуудыг хэлэлцэн тохиролцох аж.

ЕХ-оос гарах үйл явцыг 2019.3.29-нд эхлүүлэн, шилжилтийн үйл явцыг 21 сарын хугацаагаар тогтож, энэ хугацаанд хил хязгаар, төсөв мөнгө, хамтын ажиллагааны асуудлуудаа бүрэн шийдвэрлэх тухай хэлэлцээрийн төсөлд заажээ.

Брекситийн хэлэлцээрийн төсөл дэмжигдсэнтэй холбоотойгоор ЕХ-ны дээд хэмжээний уулзалтыг 11 сарын 25-нд зохион байгуулж, гэрээнд гарын үсэг зурах юм. Гагцхүү гарын үсэг зурж, албан ёсоор хэлэлцээрийг баталсан тохиолдолд л дээрх үйл явцыг бодитоор хэрэгжүүлж эхлэх эрх зүйн үндэс тавигдана явагдана гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ үүнээс өмнө Тереза Мей албан ёсоор баталгаажсан хэлэлцээрийг парламентийн гишүүдээрээ батлуулах үүрэгтэй. Энэхүү үйл явцыг дараах зургаас тодорхой ойлгож болох юм.

Харин парламентын гишүүд дэмжихгүй бол Нэгдсэн вант улс, улс төрийн асуудлаас болж хагаралдах магадлалтай ажээ. Ялангуяа консерватив болон хөдөлмөрийн намын гишүүд Тереза Мэйгийн эсрэг байр суурьтай байдаг.

Их Британи өрх тусгаарлахаар шийдвэрийг гаргасан нь Европын холбооны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлж, хүчний харилцааг өөрчлөх хүчин зүйл болсон юм. Их Британийн гарах болсон шалтгааныг даяаршлаас өөрсдийгөө хамгаалах буюу эдийн засаг, аюулгүй байдал, ажлын байрнуудаа авч үлдэх, мөн жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадварыг бусад улсуудыг зах зээлээсээ шахан гаргаснаар хамгаалах зэрэг шалтгаантай байж болох юм. Британийн ард иргэдийг дэмжсэн санал өгөхөд Грекийн эдийн засгийн хямрал болоод дүрвэгсдийн асуудал ч нөлөө үзүүлсэн билээ.

 Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж