Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн хэрэгжилтийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.
–Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Дүрмийн хэрэгжилт хэр байна вэ?
-Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм мөрдөгдөж эхлэхээс өмнө олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээллийг хүргэсэн. Дүрэм мөрдөгдөөд 16 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд чамлахааргүй өөрчлөлт гарсан. Учир нь, дүрэм хэрэгжиж эхлэхийн өмнөх өдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 340 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Харин арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 210 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс харахад жолооч нар их бага хэмжээгээр шинэ дүрмийн талаар ойлголттой байгаа нь харагдаж байна. Гэхдээ дадал хэвшил суухгүй байна уу даа гэж харж байна. Тээврийн цагдаагийн албанаас хамгийн эхний ээлжид замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг шинэчилсэн дүрмээ дагаж мөрдөхгүй байна гээд торгож шийтгэхээс илүүтэйгээр анхааруулах сануулах арга хэмжээг авч ажиллаж байна. Хэрэв тухайн жолооч дахин дүрэм зөрчих юм бол сануулахаас илүү арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэхдээ бусад жолооч нар эхний удаа дүрэм зөрчихөөр торгохгүй анхааруулаад өнгөрөх юм байна гэж ойлгож болохгүй. Нийслэлд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 350 мянга нь өдөр тутам хөдөлгөөнд оролцож байгаа. Эдгээр жолоочийн 90 орчим хувьд нь замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн талаар мэдээлэл авсан гэсэн судалгаа бий.
-Шинэчилсэн дүрмийн ямар заалт нь хамгийн их зөрчигдөж байна вэ?
-"Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч гэрлэн дохио асаж байгаа эсэхээс үл хамааран уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зарим нэг уулзвар дээр зөрчиж байна. Шинэчилсэн дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх буюу тэвэрч, хөтөлж явах гэсэн заалтыг зарим газар мөрдөгдөхгүй байна. Өмнө нь хүүхэд эцэг эхийнхээ урд хойно нь ороод явдаг байсан бол одоо эцэг эх нь хүүхдийг заавал хөтөлж, хамт явах ёстой. Зарим тохиолдолд гудамж талбайд хүүхэд харгалзах хүнгүйгээр явах зөрчил илэрч байна. Тэдгээр хүүхдүүдийг гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар бүсийн байцаагчдаа хүлээлгэж өгч байна.
-Эцэг эхэд нь ямар хариуцлага тооцож байгаа вэ?
-Эцэг эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар 50.000 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авч байгаа. Хүүхдийг бие дааж хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд сануулах арга хэмжээ огт байхгүй. Ангийн багш нь хүүхдийг асран хамгаалагч нь аваагүй тохиолдолд ганцааранг нь явуулаад осолд өртсөн бол анги удирдсан багш, сургуулийн захирал, боловсролын байгууллагад тус хуулийн дагуу арга хэмжээ авагдана. Зөвхөн зам тээврийн ослоос шалтгаалаад өнгөрсөн онд 1058 хүүхэд осолд өртсөн бол үүнээс 55 хүүхэд нь нас барсан харамсалтай тоо бий. Нас барсан 55 хүүхдийн 47 нь буруу тээвэрлэлт буюу суудлын бүс, өндөрсгөгч суудал зүүгээгүйгээс болоод амиа алдсан. Ихэнх эцэг эх хүүхдээ уйлаад байсан юм гээд урдаа аваад суудаг. Хүүхдээ буруу тээвэрлэсэн эцэг эхчүүдээс "Хүүхдээ машины хойд суудалд зориулалтын суудалд суулгах нь зөв үү эсвэл буруу тээвэрлэлтээс болоод хүүхэд тань амь нас, бие махбодиороо хохирох ёстой юу" гэж асууж байгаа. Гэхдээ хүмүүст сэрэмжлүүлэхээр ойлгодоггүй хэрнээ заавал өөр дээрээ юм уу эсвэл ойр дотны хүмүүс осолд өртөхөөр л ойлгодог сул тал бий. Мөн иргэд өөрийн гэр бүлийн хүмүүсийн амь насыг заавал цагдаагийн байгууллагаар хамгаалуулах хүсэлтэй болчоод байна. Эсэн мэнд харьж хайрт хань, хүүхдүүддээ очих эсвэл гэр бүлээ тээвэрлээд явж байхдаа амьдралаа ч мөн адил тээвэрлэж яваа шүү гэдгийг жолооч ухаарах ёстой. Цагдаагийн байгууллага хэдийгээр хуулийнхаа чиг үүргийн дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад ажиллаж байгаа боловч хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын ухамсар гэдэг зүйл илүүтэй тутагдаад байх шиг санагддаг.
-Шинэчилсэн дүрмийг зөрчсөн тохиолдолд эхний ээлжид торгох биш сануулах арга хэмжээг авч байна гэлээ. Энэ хэзээ хүртэл үргэлжлэх вэ?
–Шинэчилсэн дүрэм гэлтгүй хамгийн гол нь торгож шийтгэхээс илүү ойлгуулж, хор уршгийг нь таниулах сануулах арга хэмжээ авсан. Одоо бол торгох арга хэмжээ аваад эхэлж байна.
-Тухайлбал, ямар зөрчил дээр анхааруулга өгч байв?
–Хүүхдийг буруу тээвэрлэх, шар зураасан дээр удаан хугацаагаар зогсох, зэрэг шинээр орсон заалт дээр анхааруулж байсан. Ер нь ямар ч үед анхааруулах боломжгүй зүйл бол хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулах тохиолдол юм. Үүн дээр хатуу арга хэмжээ авна. Ингэж байж эцэг эхийн хариуцлага нэмэгдэнэ. Шаардлагатай бол тухайн хүүхдийн эцэг эхийнх нь ажил руу албан тоот мэдэгдэл явуулахад ч бэлэн байна.
-Жолооч нар шинэ дүрмээ мэдэхгүй байна гэсэн мэдээлэл байсан ?
-Замын хөдөлгөөний дүрэмд огт байхгүй заалтуудыг шинээр оруулаад ирсэн зүйл биш шүү дээ. Илүү нарийвчлаад ойлгомжтой болгосон. 60 орчим заалт шинээр орсон гэхдээ шийтгэнэ торгоно гэхээсээ илүү зөвлөмж хэлбэрээр нэлээдгүй заалт орсон байгаа. Тухайлбал, хөгжим хэт чангалахгүй байхыг зөвлөмж хэлбэрээр тусгасан. Энэ заалтад торгох арга хэмжээ байхгүй. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч уулзвар дээр зогсож байгаа цагдаагийн шүглийн дууг сонсох, хажууд яваа тээврийн хэрэгслийн дуут дохиог сонсох хэмжээний аюулгүй байдлыг хангах ёстой . Ер нь бол жолооч нар шинэ дүрмийн талаар ойлголттой байгаа. Хамгийн гол нь дүрмээ мэдэж байгаа хэрнээ зөрчөөд байгаа нь гол асуудал болоод байгаа юм.
-Тэгвэл жолооч нарт хандан юу гэж хэлмээр байна вэ?
-Бусдын аюулгүй байдал таниас шалтгаална. Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн би гэсэн үзлээр хандвал бүтэхгүй. Тиймээс та, би гэдэг үзлээр хандах хэрэгтэй. Жолооч нар би гэсэн үзлээ хаях хэрэгтэй. “Тооны хүрд мэдэхгүй хүүхэд амь насаараа хохирохгүй. Харин замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхэд зам тээврийн осолд өртдөг” гэх үг бий. Энэ үгээс харахад эцэг эх хүүхдэдээ зөв дадал хэвшлийг суулгадаггүй өөрсдөө эерэг үлгэр дуурайлал үзүүлж чаддаггүй гэдэг нь ойлгогдож байгаа байх. Тиймээс жолооч, явган зорчигч нарын аль аль нь дүрмийн дагуу хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж хэлмээр байна. Шаардлагатай бол манай алба дээр ирээд заавар зөвлөмж авч болно.
Э.БУРАМ