"Дүрэм хэт их яривал монгол хэл мөхнө"

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

"Дүрэм хэт их яривал монгол хэл мөхнө"

Энэ үгийг Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Сумьяа  хэлсэн юм. Тэрбээр “Хүмүүс монгол хэл мөхлөө л гэж ярьдаг. Монгол хэл мөхөж эвдрээгүй. Эх хэл маань өнөөдөр хөгжлийнхөө хуулиар л явж байгаа. Сүүлийн жилүүдэд соёл иргэншлийн их хөгжлийн явцад монгол хэлний  үгийн санд гадаад үг орж ирэх нь нэмэгдсэн. Иймд эх хэлийг мартуулахгүй байхад хүүхдийг монголоор уншуулдаг байх ёстой. Эсрэгээр нь дүрэм л яриад байвал монгол хэл мөхнө. Монгол хэлээр уншуулахгүй их дүрэм ярих тусам  хүүхдүүд хэл сурахаас залхдаг. Ер нь бол монгол ахуй нь байхгүй болж байгаа учраас нүүдлийн соёл ахуйн олон үг гээгдэж байгаа. Иймд нэвтэрхий толь гаргаж байгаа гэнэ. Толь дотор л үгийн сан эргэлддэг” хэмээсэн юм.

Сүүлийн жилүүдэд монгол хэлний дүрмийн талаар, үгийг хэрхэн бичиг тухай эрдэмтэд төдийгүй олон нийтийн сүлжээнд багагүй талцал маргаан явсаар байгаа.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн зун Хэлний бодлогын зөвлөлөөс 700 үгийг журамлан гаргасан. Тухайлбал, шөнө дөл биш шөнө дүл гэж бичнэ гэх зэргээр журамласан Хэлний бодлогын зөвлөлийн толь  одоо ч маргаан дагуулсаар байгаа билээ.  Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс  хийсэн "Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулжээ.

Харин Шинжлэх ухааны академийн харьяа Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Сумьяа  нийгмийн хөгжлийн явцад монгол ахуй бүдгэрч, олон үг хэллэг мартагддаг, тиймээс хэт дүрэм шаардаад эхэлбэл эх хэлд эрсдэл нүүрлэнэ гэдгийг сануулав.

Хэл бол улс үндэстний соёлын салшгүй хэсэг, хүн ардын оюун санааны дархлаа, тэдний мөн чанар, оршихуй гэж эрдэмтэд хэлдэг. Сүүлийн жилүүдэд яндашгүй арвин  сантай, дундаршгүй үгийн баялагтай эх хэл маань эрэмдэг болж улс үндэстний тусгаар тогтнол алдагдаж байна гэсэн иргэдийн шүүмжлэл нийгмийн сүлжээнд тасардаггүй. Үүнийг ирээдүйн залгамж халаа болсон хүүхэд, залуус гадаад үг нэр томьёогоор гангарч, техник технологийг илүүд үзэх болсонтой холбон тайлбарладаг боловч,  монгол хэл мөхөж байна уу гэх асуултад мэргэжилтнүүд монгол хэл мөхөхгүй гэдэгт нэгэн дуугаар санал нэгтэй хариулж байна.

Монгол хэл нь мал ахуй болон нүүдлийн соёл зан заншилтай холбоотой үгсээр нэн баялаг, тэдгээрийн утга агуулга нь нарийн ялгаатай юм. Энэ талаар сэтгүүлч зохиолч Б.Номинчимэд хэлэхдээ “Малын бүх мөч дотоод эрхтнүүдийг нэг бүрчлэн нарийвчлан хэлж, нэрлэдэг улс Монголоос өөр байхгүй. Монгол хэл нь байгаль дэлхийг мэдэрч, ойлголцох тал руу илүү ойр байдаг. Ер нь бидэн шиг байгальтайгаа ойр улс дэлхийд ховор. Тиймээс ч монгол хэлний үгийн сан баялаг байдаг нь үүнтэй холбоотой” гэсэн бол Шинжлэх ухааны доктор профессор ШУТИС-ын ҮТС-ийн багш Ц.Батсүх “Монгол хэл бол баялаг. Гэхдээ энэ нь илүү байгаль руугаа хандсан байдаг. Бидний амьдралын хэв маяг өөр болчихлоо. Хүрээлэн байгаа орчин байгалиас тасарч иргэнших тусам яах аргагүй нүүдэлчдийн амьдралд байхгүй үг хэллэг орж ирж байна. Энийг яах вэ гэдэг асуудал яригдаж байна” гэсэн.

Юутай ч бид хэтэрхий их үгсийн сангаа дүрэмлэх тусам эх хэлд илүү эрсдэл нүүрлэж магадгүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж