Худалдагч, засварчин, наймаачинд олгосон ТЭЖЭЭЛИЙН ТЕНДЕР

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Худалдагч, засварчин, наймаачинд олгосон ТЭЖЭЭЛИЙН ТЕНДЕР

Худалдагч, засварчин, наймаачинд олгосон ТЭЖЭЭЛИЙН ТЕНДЕР

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ нэр бүхий гишүүд болон сайд нар зээл авсан асуудал олон нийтийг бухимдуулаад байгаа билээ. Энэ асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-ыг тарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын тусгай сангуудын мөнгөний баримтууд ил болж байгаагийн нэг нь Мал хамгаалах сангаас олгосон 40 тэрбум төгрөгийн буюу ТЭЖЭЭЛИЙН ТЕНДЕР. Тус тендерийг хэний компани  авсан, эргэн төлөлт хэр байгаа болон үйл ажиллагааны чиглэлийнх нь талаарх мэдээллийг хүргэе.


"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА"

Тэжээлийн тендерээс хамгийн өндөр буюу таван тэрбум төгрөг хүүгүй зээлсэн компани бол АМГ-ын дарга асан Д.Батхуягийн төрсөн дүү Д.Дуламсүрэнгийн компани. Зээлсэн таван тэрбум төгрөгөөс 79 сая /2018.08.01-ны байдлаар/ төгрөгийг л төлжээ. Тус компани үр тариа, гурил, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Түүнчлэн тус компанитай адил 5 тэрбумыг зээлсэн компани бол "Арованна". МАН, АН-ын улстөрчдийн хамтран байгуулсан тус компанийн үйл ажиллагааны мэдээлэл нууц. Ямар ч байсан бонд болон татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн хэд хэдэн тендерт оролцож, зээл авч байжээ.

 "ЧАНСАА ХАН ХӨХИЙ ХОЛДИНГ"

Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн тус компани тэжээлийн тендерээс 3 тэрбумыг авчээ. Тус холдинг гутлын төрөлжсөн дэлгүүртэй гэдгийг монголчууд сайн мэдэх байх. Гурван тэрбумаас нэг тэрбум 936 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн тэжээлийн тендерээс 3 тэрбумыг хүүгүй зээлсэн компани бол "Од" групп. Таванбогдын Ц.Баатарсайханы дүү Ц.Отгонбаатарынх. Гурил үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа, явуулдаг 2010 онд байгуулагдсан.

"МИЛЛ ХАУС"

Хоёр тэрбум төгрөгийн хүүгүй зээл тэжээлийн тендерээс авсан компани бол "Милл хаус". Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын компани. Нэг тэрбум 608 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Гурил, талх чихэр, нарийн боов, гурил тэжээлийн үйлдвэртэй. 2016 онд “Нүүдэл тэжээл” ХХК малын тэжээлийн үйлдвэр барьсан.

 "ЖИ ӨҮ ТИТИ"

Тус сангаас 2 тэрбумыг зээлээд нэг ч төгрөг төлөөгүй компанийн нэг бол "Жи Өү Тити". Тус компани нь үйл ажиллагааны чиглэлээ “ААН -үүдийн сар бүр болон улирлаар тайлан баланс гаргаж анхан шатны баримт цэгцэлж санхүү татварын тайлан гаргаж илгээж өгнө” хэмээн тодорхойлжээ.

"ТҮМЭНШУВУУТ

Тус сангаас авсан зээлээ цаг хугацаанд нь ямар үлдэгдэлгүй зуун хувь төлсөн компани бол "Түмэн шувуут". АН-ын генсек Л.Эрхэмбаярынх бөгөөд нэг тэрбум төгрөгийг зээлж, хугацаандаа бүрэн барагдуулсан цорын ганц компани гэж хэлж болно. Өндөглөгч тахианы аж ахуй, мал, амьтан, тахианы тэжээл үйлдвэрлэл, усалгаатай газар тариалан, гурилын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. "Бондгор" нэртэй бог малын тэжээл  үйлдвэрлэдэг.

"ХИЙМОРЛИГ ЭРЧҮҮД"

Ерөнхийлөгчийн зөвлөх С.Пүрэвсүрэнгийн нөхөр Х.Бат-Амгалангийн дүү Х.Батчимэгийн тус компани тэжээлийн тендерээс 1.2 тэрбумыг зээлж, 919 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж Мал хамгаалах сангийн мэдээлэлд бичигджээ. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

"ДӨЛГӨӨН-ОРГИЛ"

Үйл ажиллагааны чиглэлдээ хүнсний дэлгүүр ажиллуулдаг гэж бичжээ. Тус компани тэжээлийн тендерээс 1.2 тэрбумыг авсан. Эргэн төлөлт өнгөрсөн наймдугаар сарын 1-ны байдлаар тэг. Үүсгэн байгуулагч нь Д.Тэрбиш.

"ТУРТЕЛКОМ"

Нэг тэрбум төгрөг зээлсэн. Өнгөрсөн наймдугаар сарын 1-ний байдлаар 588 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Үйл ажиллагааны чиглэлдээ авто машины засварын үйлчилгээ явуулдаг гэж бичжээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Ж.Энхбилгүүн нь ГХЯ-ны Дипломат төлөөлөгчийн газрын бодлогын захиргааны мэргэжилтэн. Улсын хэд хэдэн тендерт оролцож байсан.

ТЭЖЭЭЛИЙН ТЕНДЕРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ БА ЗАРЦУУЛАЛТ

 2018 оны наймдугаар сарын 1-ны байдлаар /1-5 тэрбум төгрөг хүүгүй зээлсэн компаниуд


NEWS.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж