Загвар өмсөгчдийн нууцлаг үхэл

Хуучирсан мэдээ: 2018.11.16-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгчдийн нууцлаг үхэл

Загвар өмсөгчдийн нууцлаг үхэл

Өнгөрөгч сард “Mongolia’s next top model” /MNTM/ тэмцээний шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгсөн талаарх мэдээ олон нийтийг цочирдууллаа. Цэл залуухан бүсгүйн амиа алдсан шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхой болсонгүй.  Түүний амиа алдсан шалтгаан ар араасаа хариултгүй олон асуулт нэхсээр л. Монголын загварын ертөнцөд учир битүүлгээр амиа алдсан загвар өмсөгчдийн тухай хүргэе.


Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ АМИА ХОРЛООГҮЙ ГЭЖ АР ГЭРИЙНХЭН НЬ ҮЗЭЖ БАЙНА

 Загвар өмсөгчтэй холбоотой нийгмийн цочирдуулсан хамгийн сүүлийн гэх мэдээ нь "Монгол модель"-ийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэрэг байлаа. Болсон явдлыг эргэн сөхвөл, Хан-Уул дүүргийн дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд  өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдрийн 17.26 цагт ирсэн байдаг. Дуудлагын дагуу хэргийн газар очиход 22 настай загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унасан байдалтай олджээ. Түүнийг унасан байхыг хамгийн түрүүнд тус байрны үйлчлэгч олж хараад цагдаад дуудлага өгчээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт дөрвөн хүн ажиллаж тамхины иш, гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Хэрэг гарсны дараахан талийгаач бүсгүйн ээж  Г.Чимгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидэнд охины маань цогцсыг харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс зулгарсан, футболкны баруун мөрөн дээр толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан гэж харсан. Охиныг маань чирсэн гэж бодож байна” хэмээн хэлжээ.

Талийгаач бүсгүйн шүүх шинжилгээний дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байгаа. Учир нь ажлын 21 хоногийн дотор гарах бөгөөд эд эсийн шинжилгээний хариу удаж гардаг гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.

Ч.Чамин-Эрдэнэ 1996 онд төрсөн, “Сити” дээд сургуульд сурч байсан аж. “Говь” болон бусад компанийн брэндийн нүүр царай болж, “Монгол Модель” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байжээ. Мөн “Mongolia’s next top model” тэмцээнд оролцож, үзэгчдээс ихээхэн дэмжлэг авч байв. Түүнийг тэмцээний шилдэг гуравт орж, сүүлийн шалгаруулалтдаа бэлтгэж, сэтгэл догдлон хүлээж байсан гэдгийг түүний дотнын найзууд, эгч нь цахим хуудсандаа бичжээ. Талийгаач нь үг дуу цөөтэй, дотогшоо хүн байсан гэх. Ч.Чамин-Эрдэнийн оролцсон шоу нэвтрүүлэг энэ Ням гаригийн 21.00 цагаас гарах бөгөөд талийгаачийн ар гэрийнхний зүгээс түүний дурсгалыг хүндэтгэн нэвтрүүлгийг гаргахыг хүсчээ.

Мөн ойр дотнын гэгдэх найз нөхдөөс мэдүүлэг авч, мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаачийг энэ сарын 2-ны өдөр хөдөөлүүлжээ. Хэрэв шүүх эмнэлгийн дүгнэлтэд гаднын нөлөөгүй гэж гарвал ар гэрийнхэн нь гаднын улсад шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа дурджээ. Мөн талийгаачийн ээжийнх нь дүү Ч.Гэрэлхүү энэ хэрэгт найз залуу н.Нэмэхбаярыг шалгуулахыг хүсч байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Ч.СҮБЭЭДЭЙ ХООЛОЙГОО БООМИЛСОН БАЙДАЛТАЙГААР АМИА АЛДЖЭЭ

Монголын загварын ертөнцөд цахиур хагалж, хамгийн өндөр үнэтэй эрэгтэй загвар өмсөгчийн нэг Ч.Сүбээдэйн амиа алдсан хэрэг одоо ч эргэлзээ дагуулдаг. Тэрээр 2015 оны зургадугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө гэртээ амиа алдсан байдаг. Талийгаач хоолой нь боогдсон байдалтай амиа алдсан байсныг ар гэрийнхэн нь  зургадугаар сарын 2-ны  шөнийн 03.00 цагийн орчимд олжээ.  Тэр үед талийгаач БНХАУ-д гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо түр ирсэн байдаг.

Учир бүтүүлгээр  22 насандаа  амиа алдсан талийгаачийн хэргийг цагдаагийн байгууллагаас гаднын нөлөөгүй, амиа хорлосон гэж  хэргийг хаажээ. Талийгаач 1992 оны нэгдүгээр сард төрсөн. Ахтайгаа өссөн, аав ээж нь тэднийг бага байхад нас баржээ. Ч.Сүбээдэй дунд сургуулиа төгсөөд “Монгол модель” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж удалгүй гадаад загварын  ертөнцөд карьер хөөж байсан юм.

Тухайн үед Ч.Сүбээдэй хамт загвар өмсч байсан С.Төгстэй хамт амьдарч байсан. Тэрбээр Япон, Сингапурын хэд хэдэн агентлагуудтай хамтран ажиллаж, томоохон компаниудын зар сурталчилгаанд тоглож байжээ. Түүнийг эрэгтэй загвар өмсөгчид дундаа мэргэжлийн ур чадвараар дээгүүрт ордог хэмээн үнэлдэг байсан юм. Түүний амиа алдсан талаарх мэдээ тухайн цаг үедээ багагүй дуулиан тарьсан бөгөөд үхлийн шалтгаан нь өнөөг хүртэл учир битүүлэг хэвээр байна.

Ч.ЧУЛУУН-ЭРДЭНЭ ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ

 

Монголын үе үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг, 1992 оны Монголын сайхан бүсгүй өргөмжлөл хүртэж байсан Ч.Чулуун-Эрдэнэ нь 2014 онд зуурдаар амь насаа алджээ. Энэхүү харамсалтай хэрэг Валентины баяраар болж өнгөрсөн ч энэ талаарх мэдээлэл олон нийтэд цацагдах нь бүү хэл ойр дотнын найзууд нь ч дуулаагүй өдий хүрсэн гэлцдэг.

Анхны амьдралаа өөрөөсөө арав гаруй ах  боксчин Н.Баярсайхантай эхлүүлж байсан ч  хоёр хөөрхөн хүү төрүүлсний дараа тэдний амьдрал салжээ. Мисс бүсгүй 2014 оны хоёрдугаар сарын 14-нд буюу Валентины баяраар Яармаг дахь гэртээ эгчийнхээ хамт баяр тэмдэглэж байгаад угаартаж нас барсан гэж цагдаагийн тэмдэглэлд бүртгэгджээ. Тухайн үед  мисс бүсгүйг “гэртэйгээ шатсан” гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч байсан юм байна.Харамсалтай нь, түүний амиа алдсан асуудал чимээгүй өнгөрч, олон нийт төдийлөн анхаараагүй билээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж