Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газраас ирүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг томилуулахаар зөвшилцөх тухай албан бичгийн хариуг өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт гардуулж, сайдад нэр дэвшигч Ч.Улааныг хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ч.Улаантай хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх ажил, салбарын төсөл, төсвийн асуудлаар санал солилцож, ярилцсан юм.
Зөвшилцөх саналын хариу:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд Чүлтэмийн Улааныг томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ-1/184 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд ажиллаж байсан Батжаргалын Батзориг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зориулалтын бусаар эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтнуудад олгосон нь илэрч, гэм буруугаа хүлээн огцорсон.
Шинээр томилогдох сайд өмнөх сайдын алдаатай бодлого, үйл ажиллагааг засах, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг хууль бус ажиллагааг салбарынхаа бүхий л түвшинд таслан зогсоох, завхралыг дахин давтуулахгүй байх үүрэг хүлээх ёстой. Үүний тулд Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог зээлийг төрийн захиргааны байгууллагаар олгодог журмыг ирэх оны 1 дүгээр сарын 01-нээс зогсоон, шаардлага хангасан банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан нээлттэй, ил тод, бизнесийн зарчмаар хүртээмжтэй зээлүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирэх оны эхнээс эхлээд зөвхөн УИХ-ын гишүүд биш нийт жижиг дунд үйлдвэрлэгчид жилийн гурван хувийн хүүтэй таван жилийн зээл авч эхэлнэ гэж найдаад Таны дэвшүүлсэн саналыг дэмжлээ.
Түүнчлэн Засгийн газар 2019 оны төсвийг боловсруулахдаа Улсын Их Хурлын гишүүдийг аргадсан байдлаар маш хариуцлагагүй хандаж, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй төсөв баталжээ. Улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болох төрийн нэн чухал бодлогод ингэж хариуцлагагүй хандах нь олон талын эрсдэл, хохирлыг бий болгох тул миний бие энэ удаагийн төсөвт бүхэлд хориг тавилаа.
Тиймээс Засгийн газар Монгол Улсын 2019 оны төсвийг дахин авч үзэж, хууль зөрчсөн алдаатай бодлогуудаа засан, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг байгуулах асуудалд онцгой ач холбогдол өгч, 500 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөх шаардлагатай. Энэ бодлогыг хэрэгжүүлэх нь шинээр томилогдох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гэж үзэж байна.
Иймд эдгээр асуудлыг анхаарч Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд Чүлтэмийн Улааныг томилох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.
Эх сурвалж: PRESIDENT.MN