Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ

Япон болон Хойд Солонгосын тагнуулын ахлах албан тушаалтнууд өнгөрсөн Баасан гаригт /2018.11.09/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод уулзсан тухай Японы “Fuji News Network” суваг өчигдөр /2018.11.14/ мэдээлжээ. Японы төлөөлөгчдийг толгойлж Шинзо Абэгийн удирдлага дор байдаг Японы Засгийн Газрын Тагнуул Судалгааны байгууллагын тэргүүн Шигэрү Китамура ирсэн бол Хойд Солонгосын талыг төлөөлж эрх баригч Солонгосын Хөдөлмөрчдийн Намын өмнөд бүсийн дарга Ким Сон Хэ байсан гэв. Энэ долоо хоногт Өмнөд Солонгост болсон олон улсын хуралд оролцох Хойд Солонгосын багт Ким Сон Хэ багтаж байсан ч тэрбээр тус хуралд ирээгүй нь ийм учиртай байсан ажээ.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Шинзо Абэ болон Ким Жон Ун нар уулзах боломжтой эсэхийг ярилцах гэж Японы “Yomiuri” сонинд бичсэн байна. Үүнээс гадна Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг хөндөн ярилцсан гэж “Fuji News Network” суваг мэдээлэв. Японы талын төлөөлөгч Китамура энэ долоо хоногт Вашингтонд АНУ-ын албаныхантай уулзаж, яриа хэлэлцээний үр дүнг танилцуулах гэнэ.

Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Монголд болсон уулзалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, хоёр орны удирдагчдын уулзалтыг зохион байгуулахын тулд Токио “олон суваг”-аар Хойд Солонгостой хэлэлцэж байгаа гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрөгч аравдугаар сард мөн Япон, Хойд Солонгосын тагнуулын албаныхан Улаанбаатар хотод уулзсан тухай мэдээлж байсан билээ. Энэ уулзалтаар 1978 онд Хойд Солонгост хулгайлагдсан гэх Минору Танакагийн тухай шинэ мэдээллийг Хойд Солонгосын талаас япончууд олж авсан гэлцэж байгаа юм.

 Эх сурвалж: www.upi.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж