Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо байрлах тансаг зэрэглэлийн “Эмиратын ордон” зочид буудал нь гурван тэрбум ам.долларын өртгөөр баригдсан дэлхийн хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн зочид буудлын нэг юм. 2005 онд анх баригдсан энэхүү зочид буудлын дотор байх 1000 гаруй сваровски шигтгээгээр хийсэн гэрлийн бүрхүүл алтан таазыг нь тодотгон харуулах зорилготой ажээ.
“Эмиратын ордон” зочид буудлын дотор талд орвол хаа сайгүй алт, мөнгөн чимэглэл байдаг. Харин засал чимэглэлийг хариуцан ажилладаг Манож Куриакосегийн хэлснээр зочид буудлын тансаг, сүрдэм байдлыг хадгалахын тулд маш их хөдөлмөр зарцуулагддаг байна. Манож Куриакосе нь өөрийн багийн хамт зочид буудлын 2000 м2 хэмжээтэй, 22 каратын алт болон мөнгөн навчаас бүрдсэн таазыг засварлан сайжруулах ажлыг хариуцдаг. Алтан навчийг тааз дээр дөрвөөс таван жилийн турш л байлгах боломжтой учраас заавал сольж, шинэчлэх шаардлагатай гэнэ.
Таазны нэг метр квадрат талбай тутамд 100 ам.долларын үнэтэй 50 алтан навч байдаг. Харин Манож Куриакосе өдөрт таваас зургаан метр квадрат талбайн алтан навчийг сольдог нь жилд 130,000 ам.долларын өртөгтэй тусдаг аж. Навчийг хийх нимгэн, хавтгай алтыг Италиас импортолж аваад, навчны хэлбэрт оруулахын тулд алхаар давтан, хуйлж, гараараа навчны хэлбэрт оруулан янзалдаг байна. Харин таазанд тусгай цавууны тусламжтайгаар нааж, тогтоодог. Алтан навч нь нимгэн, хэврэг тул ажилчид маш болгоомжтой ажиллах хэрэгтэй болдог ажээ. Алтан навчийг солих нарийн ажлыг хийж байгааг харсан зочид ч гайхан харцгааж, тэдний нөр их хөдөлмөрийг басхүү өндөр өртөгтэй зочид буудлын чимэглэл ямар үнэ цэнээр бий болдгийг ойлгодог болох нь лавтай.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ