Өмнөд Солонгос: Орон даяар нам гүм болох өдөр

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос: Орон даяар нам гүм болох өдөр

Өмнөд Солонгос: Орон даяар нам гүм болох өдөр

Өмнөд Солонгосын хагас сая сурагчид бүхий л амьдралынхаа турш бэлдсэн шалгалтаа өнөөдөр /2018.11.15/ өгч байна. Өмнөд Солонгосын сурагчид ахлах сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхийн тулд маш олон жилийн турш уйгагүй бэлддэг бөгөөд шалгалтаа сайн өгснөөр сайн их сургуульд орох төдийгүй ирээдүйд эрхлэх ажил, орлого, хаана, хэрхэн амьдрахыг нь хүртэл шийддэг амьдралынх нь чухал мөч юм.

ЭЕШ-ыг энэ жил өгч буй оюутан Ко Ин Сү “энэ бол бидний ирээдүйгээ сайн сайхан болгох боломж учраас 12 жилийн турш зөвхөн үүнд зориулж л хичээлээ сайн хийх хэрэгтэй болдог. Унасан тохиолдолд бэлдэж байгаад дараа жил нь дахиад л өгдөг болохоор тав, зургаан жил дараалан шалгалтад орсон хүмүүс ч байдаг” хэмээн хэлжээ.

ЭЕШ нь жил бүрийн арваннэгдүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд шалгалтын өдөр сурагчдад саад болохгүйн тулд улс орон даяараа чимээгүй болдог аж. Энэ өдөр дэлгүүр, банк хаалгаа барьж, хөрөнгийн биржүүд хүртэл орой онгойдог. Ихэнх барилгын ажлууд зогсож, онгоц газардах болон цэргийн сургуулилт хийх цагийг хүртэл шалгалттай уялдуулан хойшлуулдаг байна. Харин энэхүү чимээгүй байдлыг гагц шалгалтаасаа хоцорч буй сурагчдыг авчирч буй цагдаагийн машины дуу чимээ л эвдэнэ. Эцэг эхчүүдийн хувьд энэ өдөр сүм, хийдэд очиж, хүүхдүүдийнхээ төлөө залбирч өнгөрүүлдэг.

Шалгалтын материалыг бэлдэх багш нар ч бас багагүй хөдөлмөрийг зарцуулдаг байна. Жил бүрийн есөн сард улсын өнцөг булан бүрээс 500 багшийг цуглуулан, уулын бөглүү тосгонд аваачиж, бүтэн сарын турш шалгалтын материалыг бэлдүүлдэг гэнэ. Энэ үед багш нарт амьдарч байгаа газраасаа гадагш гарах, утас, интернэт ашиглахыг бүрэн хориглосноор гэрийнхэнтэйгээ ч холбогдож чадалгүй нэг сарыг өнгөрүүлдэг төдийгүй ойр дотнын хүмүүстээ шалгалтын материал бэлдэж байгаа гэдгээ мэдэгдэж болдоггүй учраас аялалд явлаа хэмээн хэлдэг байна.

Шалгалтын хариу нь нэг сарын дараа албан ёсны веб сайтад нийтлэгддэг.

Шалгалт тэдний хувьд яагаад чухал вэ?

Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн өндөр боловсролтой иргэдтэй улсын нэг бөгөөд сурагчид ямар их сургуульд орох нь тэдний ирээдүйг бүрэн шийддэг болохоор шалгалтын төлөө үхэн хатан бэлдэцгээдэг ажээ. Өмнөд Солонгосын бүх сурагчид шилдэг гурван их сургууль буюу Сөүлийн, Солонгосын болон Ионсей их сургуульд орохыг хүсдэг байна. Учир нь томоохон, нэр хүндтэй компаниуд эдгээр сургуулийн төгсөгчдийг авах эрмэлзэл илүү байдагтай холбоотой ажээ. Тэдний хувьд энэ гурван их сургууль нь Харвард, Оксфордын их сургуультай дүйцэхүйц өндөр шалгууртай байдаг.

Нийт ахлах сургууль төгсөгчдийн 70 хувь нь их дээд сургуульд элсэн орж чаддаг бол зөвхөн нэг хувь нь эдгээр гурван сургуульд элсэж чаддаг байна.

Шалгалтын стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд орох, амиа хорлох явдал цөөнгүй байдаг нь Өмнөд Солонгосын 10-30 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт байдгаас харагдана.

Шалгалтад бэлдэхийн тулд хичээл зүтгэлээс гадна сайн багш нараас давтлага авахад маш их мөнгө зарцуулдаг нь сүүлийн жилүүдэд өмнөд Солонгост төрөлтийн тоо эрс буурч байгаад шууд нөлөөлж байна. Учир нь эцэг эхчүүд нэг хүүхдийг л төрүүлж өсгөн, сайн сургуульд оруулахын тулд маш их мөнгө зарцуулдгаас олон хүүхэдтэй болох боломжгүй болдог ажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж