Өрхийн орлого 87.5 мянган төгрөгөөр өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

Өрхийн орлого 87.5 мянган төгрөгөөр өсчээ

Өрхийн орлого 87.5 мянган төгрөгөөр өсчээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ 2018 оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.2 ПУНКТЭЭР  БУУРЧЭЭ

Ажиллах хүчний судалгааны 2018 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15 түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, 721.1 мянга нь эрэгтэй, 610.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Харин ажиллах хүчний оролцооны түвшин 2018 оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 0.3 пунктээр өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр тус тус өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс ажиллагчид 48 мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 5.3 мянгаар өсөж, ажилгүй иргэд 26.4 мянгаар буурсан үзүүлэлт юм. Судалгааны дүнгээр 2018 оны гуравдугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 92.4 мянга үүнээс, 51 мянга нь эрэгтэйчүүд, 41.4  мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны гуравдугаар улиралд 6.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.2 пунктээр, өмнөх улирлаас 0.6 пунктээр буурчээ.

54.7 МЯНГАН ИРГЭН АЖИЛ ИДЭВХТЭЙ ХАЙХГҮЙ БАЙГАА ШАЛТГААНААР БҮРТГЭЛЭЭС ХАСАГДЖЭЭ 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны аравдугаар сарын эцэст 39.2 мянга,үүнээс 27.3 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 мянга нь ажилтай боловч өөр ажил хийж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд аравдугаар сарын эцэст 27.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.1 мянган хүнээр, өмнөх сараас 3.1 мянган хүнээр тус тус өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.3 мянга нь Улаанбаатарт, 5.7  мянга нь Хангайн бүсэд, 4.4  мянга нь Төвийн бүсэд, 4.3  мянга нь Баруун бүсэд, 2.6 мянга нь Зүүн бүсэд ногдож байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 10 сард ажилгүй 75.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 54.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

НЭГ АЖИЛЛАГЧИД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 2018 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРАЛД 3.7 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Ажиллагчид ногдох ДНБ  энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.7 сая төгрөгт хүрчээ. Нэг ажиллагчид ногдох ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.7 сая төгрөг болж,  өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өссөн байна. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэг ажилчид ногдох нэмэгдэл өртөг 6.1 хувиар, үйлчилгээний салбарынх 5.7 хувиар өссөн нь нөлөөлжээ.

ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ БОДИТ МӨНГӨН ОРЛОГО 87.5  МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨССӨН 

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 145.4  мянган төгрөгөөр өссөн гэжээ. Үүнд цалин хөлсний орлого 63.7 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ гуравдугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.5  мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага гуравдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 103.9 мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 94.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ гуравдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.3 мянган төгрөгөөр өссөн байна. Агаарын тээврээр дотоодод зорчигчид оны эхний аравдугаар сард 293.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 30.4  мянга, олон улсад зорчигчид 500.7  мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 55.3  мянгаар тус тус өсжээ.

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ БАЙДАЛ

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 68.3 хувь, Төвийн бүсэд 83.7 хувь, Улаанбаатар хотод 76.4 хувь, Зүүн бүсэд 71.5 хувь, Хангайн бүсэд 51.1 хувь, Баруун бүсэд 43.9 хувиар тус тус их байна. Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2018 оны гуравдугаар улиралд 0.186 болж, өмнөх оны мөн үеэс 0.023 нэгжээр буурч, харин өмнөх улирлаас 0.005 нэгжээр нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 2018 оны гуравдугаар улиралд хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.6 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.3 дахин их байгааг харуулж байна

УЛСЫН ХЭМЖЭЭНД  ХДХВ/ДОХ-ЫН ТОХИОЛДОЛ НИЙТ 266 БҮРТГЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд 2018 оны эхний аравдугаар сард 64.1 мянган эх амаржиж, 64.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх  3295-аар амьд төрсөн хүүхэд 3328-аар нэмэгдсэн байна. Энэ оны аравдугаар сард 6519 эх амаржиж, 6554 хүүхэд төрүүлсэн нь  өмнөх сараас амаржсан эх 286-аар, амьд төрсөн хүүхэд 270-аар нэмэгдсэн байна Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл Эхний аравдугаар сард 865 болж, өмнөх оны мөн үеэс 16-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1088 болж өмнөх оны мөн үеэс 54-өөр нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны аравдугаар сард 71 болж өмнөх сараас 32-оор буурсан байна. Эхийн эндэгдэл 2018 оны эхний аравдугаар сард 15 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

 Харин халдварт өвчнөөр өвчлөгчид  эхний аравдугаар сард 34.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2395- аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2668-аар, салхин цэцгээр өвчлөгчид 2179-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 222-оор,  вирүст хепатитаар өвчлөгчид 44-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 2137-оор, мөөгөнцөрөөр өвчлөгчид 168, тэмбүүгээр өвчлөгчид 48-аар өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол гараагүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол нийт 266 байна. Улсын хэмжээнд 2018 оны эхний аравдугаар сард 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.9 мянга-аар өсчээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд залилах гэмт хэрэг 2054,  хулгайн гэмт хэрэг 1139, дээрмийн гэмт хэрэг 485, хөрөнгө завших гэмт хэрэг 146, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 835 –аар өссөн нь голлон нөлөөлжээ. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2018 оны эхний аравдугаар сард улсын дунджаар 154 болж  өмнөх оны мөн үеэс 21-ээр өссөн байна.

 2018 ОНЫ ЭХНИЙ ЕСДҮГЭЭР САРД ЭДИЙН ЗАСАГ 6.4  ХУВИАР ӨССӨН 

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын шинжээч Д.Баасан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Эдийн засаг энэ оны эхний есдүгээр сард 6.4 хувиар өссөн гэв. ДНБ, 2018 оны эхний есдүгээр  сард урьдчилсан гүйцэтгэлээр 12.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.8  их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 349.2  тэрбум төгрөг (бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 88.5 тэрбум төгрөг), бүтээгдэхүүний цэвэр татвар 305.5  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн" гэв.

ДНБ, оны үнээр 2018 оны эхний есдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 23.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өслөө. Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 0.8 хувиар өслөө. Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2018 оны эхний есдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 22.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9 (14.7%) их наяд төгрөгөөр өслөө. Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 12.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 0.8 (6.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд хөрөнгийн нийт хуримтлал 1.4 (35.7%) их наяд төгрөг, бараа, үйлчилгээний экспорт 1.2 (12.7%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭТ АРАВДУГААР САРЫН ЭЦЭСТ 18.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Mөнгөний нийлүүлэлт  аравдугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 391.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө аравдугаар сарын эцэст 887.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 41.3  тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 55.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 16.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 105 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс  3.1 их наяд төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 51.8  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 73.7  тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.3 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.9 пунктээр буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл аравдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 603.1  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 788.7 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр өссөн байна. Үнэт цаасны арилжаагаар эхний аравдугаар сард 231.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 474.2 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 1.2  их наяд төгрөгөөр буурч, арилжсан үнэт цаас 403.5  сая ширхгээр өссөн байна. Харин аравдугаар сард 9.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 36.6 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх сараас гүйлгээ 10.8  тэрбум төгрөгөөр буурч, арилжсан үнэт цаас 12.2 сая ширхгээр өссөн байна.

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш  аравдугаар сард 564.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар, өмнөх сараас 2.4 хувиар суларсан байна. Харин төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш аравдугаар сард 370.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар чангарч, харин өмнөх сараас 1.5 хувиар суларчээ. Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш аравдугаар сард 38.95 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар чангарч, өмнөх сараас 5.2 хувиар суларчээ.

ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ТЭНЦЭЛ 341.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЧЭЭ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний аравдугаар сард 8.3 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.2 их наяд төгрөгт хүрчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний 10 сард 669.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол оны эхний аравдугаар сард 341.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.  Энэ оны аравдугаар сард өмнөх сараас улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 303.2 тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 33.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

Татварын нийт орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өсөхөд тусламжийн орлого 18.5 тэрбум төгрөг, тусгай зориулалтын орлого 0.1  тэрбум төгрөг, хөрөнгийн орлого 0.2  тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 444.2  тэрбум төгрөг, орлогын албан татвар 427.3  тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 245.3 тэрбум төгрөг, онцгой албан татвар 210.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 147.9 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 145.0 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.3 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний 10 сард 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 673.0  тэрбум төгрөгөөр өсөхөд татаас 32.7  тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч урсгал зардал 442.9 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 116.8  тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 113.3  тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 81.4 хувь, хөрөнгийн зардал 14.6 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 4.0 хувийг эзэлж байна.

ИМПОРТЫН ХЭМЖЭЭ 39.0 ХУВИАР ӨСЧЭЭ

Монгол Улс 2018 оны эхний аравдугаар сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.9 тэрбум америк доллар, импорт 4.9 тэрбум америк долларт хүрлээ. Харин аравдугаар сард экспорт 662.0 сая америк долларт, импорт 524.5 сая америк долларт хүрч, өмнөх оны мөн үеэс экспорт 56.0 сая америк доллараар, импорт 140.4 сая америк доллараар тус тус өссөн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.1  тэрбум америк доллар, үүнээс экспорт 755.9(14.6%) сая америк доллараар, импорт 1.4  тэрбум америк доллараар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 10 сард 1.7 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 610.8 сая америк доллараар буурч, 1.1 тэрбум америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл аравдугаар сард 137.5 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 84.4   сая америк доллараар буурсан байна. Экспорт 2018 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 755.9 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.0 тэрбум америк доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 75.0 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 265.1 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 112.1 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 352.3 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 255.0 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 194.4 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 66.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж